Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Уул уурхай Монголын тэргүүлэх салбар юм бол хэрхэн хөгжүүлэх бодлоготой байх ёстой

Уул уурхайн салбарын түүх нэн шинээр бичигдэх сонирхолтой цаг үе ирлээ. Энэ цаг үед үндэсний маань Miner-уудын бодол санаа, санаж сэдэж байгаа зүйлс бүгдээс үнэ цэнтэй билээ. Тэд салбарынхаа хөгжлийг хэрхэн үнэлж цэгнэж байна вэ? Тэд юуг санаж сэдэж явна? MMJ “Miner” булангаараа эдгээр асуултад хариулт авахыг хичээдэг юм. “Miner” энэ удаагийн зочноороо Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Шархүүг урилаа. Тэрбээр уул уурхайн инженер-баяжуулагч мэргэжилтэй. “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах захиалгаар бэлтгэсэн анхны боловсон хүчнүүдийн нэг. Уул уурхайн салбарт туулсан намтрынх нь 17 жилийн түүх энэ үйлдвэртэй салшгүй холбоотой.   


Монголын уул уурхайн салбарын олон шилдэг мэр­гэжилтэн Ленинградын Уул уурхайн их сургуулийг төгссөн байдаг. Та ч бас энэ сургуулийн бүтээгдэхүүн байх аа? 


Би 1979 онд Ленинград хотын Уул уурхайн их сургуулийг уул уурхайн инженер-баяжуулагч мэргэжлээр төгссөн. 2003 онд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Улс ардын Академид сурч, төрийн удирдлагын эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Манай сургуулийг Оросын Екатерина-II  Хатан хааны  зарлигаар 1773 онд байгуулсан юм. ОХУ-ын анхны уул уурхайн дээд сургууль. Дэлхийд бол гуравдугаарт орно. Анхны сургууль Германы Фрайбергийн Уулын академи 1765 онд байгуулагдсан. Дараа нь 1770 онд Чехийн Банско-Штевнице хотод уулын сургууль байгуулагдсан.
Манай сургуулийг тийм ч олон монгол хүн төгсөөгүй. Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт, сайд У.Мавлет, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Орлогч сайд Д.Дондов, Уул уурхайн хүрээлэнгийн захирал, анхны монгол төгсөгч геологч М.Жамсран, “Монгол-Чех метал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Далай, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан орлогч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Ганбаатар, ”Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга Р.Дэлгэр, “Эрдмин” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Дамдинжав, МАК-ийн ерөнхийлөгч, гавьяат уурхайчин Б.Нямтайшир, ШУТИС-ийн багш, төрийн шагналт Б.Лайхансүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий баяжуулагч, шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү, Эрдэнэтийн Технологийн сургуулийн дэд захирал Л.Батаа, Толгойтын алтны үйлдвэрийн дарга Г.Амар, “Монголросцветмет” нэгдлийн дарга Н.Төмөртогоо, дипломатч Д.Өлзийсайхан, “Микохолдинг” ХХК-ийн захирал Ц.Санжий гээд олон шилдэг инженер манай сургуулийн төгсөгчид. 1974 онд “Эрдэнэт”-ийн захиалгаар 26 залууг энэ сургуульд сургасны дотор би багтсан юм.

Уул уурхайн салбарт ажилласан туршлагаа танилцуулаач. Уулын инженер-баяжуулагч гэж яг ямар үйл ажиллагааг зохицуулдаг мэргэжил вэ? 

1979 онд сургуулиа төгсөөд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллахаар ирсэн. Баяжуулах фабрикийн ажилчнаас гараагаа эхлээд мастер, ахлах технологч, хэсгийн даргаар ажилласан. 1986-1993 он хүртэл Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Нийгмийн асуудал, худалдаа эрхэлсэн захирлаар тус тус ажилласан. 1993-1997 онд “Эрдэнэт” үйлдвэр, Солонгосын “Самсунг” корпорацийн хамтарсан ”Эрдсам” ХХК-ийн ерөнхийлөгчөөр 4 жил ажилласан. Монголд хөрөнгө оруулах, Солонгосын аж ахуйн байгууллагуудын менежментийг судлах зорилгоор байгуулагдсан компани. Энэ компани нийтийн сайн сайхны төлөө олон зүйл хийсэн. Тоочвол, нэг удаагийн тариурын “Монсам” үйлдвэрийг байгуулсан. Төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг “Самсунг”-ийн хөрөнгөөр зохион байгуулсан. “Хюндай” машиныг анх олон тоогоор оруулж ирсэн, “Самсунг”-ийн гэр ахуйн болон цахилгаан тоног төхөөрөмжийг оруулж ирж худалдаалсан. Монголоос зэсийн баяжмал, алт, ноолуур, үхрийн шир экспортолсон гээд олныг дурдаж болно. Дараа нь хувийн компанид 7 жил ажилласан. 2004-2008 онд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн албыг хашсан. “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотод нийтдээ 21 жил ажиллажээ. 
Уул уурхайн ордыг олборлох, баяжуулах, боловсруулах гэдэг нь инженерийн нарийн тооцоогоор төлөвлөж хийсэн хоорондоо салшгүй холбоо бүхий тасралгүй ажиллагаатай үйлдвэрлэлийн дамжлага юм. Ерөнхийдөө бол ил болон далд уурхайг олборлодог аргыг мэддэг хүмүүсийг уурхайн ашиглалтын инженер, олборлоод гарсан хүдрийг баяжуулж, баяжмал гарган үйлдвэрлэдэг хүмүүсийг баяжуулагч инженер гэдэг. Баяжмалыг уусгаж, хайлуулж, цэвэрлэх замаар цэвэр метал гаргаж авдаг аргыг мэддэг хүмүүсийг металургийн инженер гэдэг юм. Тоног төхөөрөмжийг ажиллуулж тохируулдгийг нь цахилгааны, механик инженер гэх мэтээр нарийн мэргэжлийн олон инженер үйлдвэрийн техник технологийг удирдаж ажилладаг. Эндээс уулын үйлдвэр гэдэг нь нарийн мэргэжлийн олон инженер оролцож ажилладаг уялдаатай үйлдвэрлэл гэдэг нь харагдаж байгаа байх. Ийм л инженерүүдийг манай сургууль бэлтгэн гаргадаг юм.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

Манай улсад уул уурхайн үйл ажиллагаа их эрчимжиж байна. Маш олон уул уурхайн компани хайгуул хийж, ашиглалт явуулж байна. Бас энэ салбартай холбоотой олон төрийн бус байгууллага байгуулагдлаа. Түүний нэг нь манай холбоо. Бараг анхны шахуу холбоо байх. “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан баяжуулагч мэргэжилтэй хүмүүсийн үүсгэл санаачилгаар байгуулагдаад 13 дахь жилдээ ажиллаж байна. Хориод үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, 400 гаруй хувь хүний гишүүнчлэлтэй. Мэргэжил нэгт хүмүүсийг нэгтгэж, гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Мөн жижиг ордуудын ТЭЗҮ хийнэ. Үндсэндээ бол инженерийн ажил хийдэг юм. Сүүлийн үед төрийн байгууллагатай хамтарч ажиллах чиглэл барьж байна. Ашигт малтмалын газартай хамтарч ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд салбарын яамны захиалгаар алтны үндсэн ордыг овоолгын аргаар баяжуулах технологи боловсруулсан. Холбооны маань Ерөнхийлөгчөөр ахмад баяжуулагч инженер, доктор, профессор М.Дамдинсүрэн арван жил ажилласан юм. Би гурав дахь жилдээ ажиллаж  байна.

Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх гэж байна. Энэ хуулийн талаар, бас өөрчлөлтийн талаар Таны бодлыг сонсмоор байна?   

Уул уурхайн салбарын эрх зүйн асуудлыг зохицуулсан Ашигт малтмалын тухай анхны хууль 1994 онд батлагдсан. Хуулийг 1997, 2006 онд шинэчлэн найруулснаар энэ дагуу уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байна. Гэхдээ хууль эрх зүйн зохицуулалт боловсронгуй биш байна. Одоо мөрдөж байгаа хуулиар ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн асуудлыг л зохицуулж байна. Олборлох,    баяжуулах, боловсруулах үйл ажиллагааны зохицуулалт байхгүй. Эрх зүйн нарийн зохицуулалтгүйн улмаас ордыг иж бүрнээр ашиглах техник, технологи нэвтрүүлэхгүй байна. Тухайн ордод байгаа ашигтай элементүүдийг бүгдийг ашиглах технологи хэрэглэгдэхгүй байгаа. Ялангуяа гадны хөрөнгө оруулалттай жижиг компаниуд ашигт малтмалыг сорчилж ашиглан, богино хугацаанд өндөр ашиг олоод орхих боломж хуульд нээлтэй байгаа. Энэ бол тухайн компанийн буруу биш юм. Эрх зүйн доголдол, цоорхойг л харуулж байгаа хэрэг. Хэрвээ Монгол улс уул уурхайн цогц хуультай болчихвол ийм байдал гарахгүй. Олон сайхан үйлдвэр ажиллаж байна гэж хүмүүс боддог байх. Мэргэжлийн хүний нүдээр харахад үнэхээр тааруу. Ялангуяа төмөр, жоншны ордыг ашиглахдаа баяжуулалтын орчин үеийн техник технологийн шаардлагыг хангаж байгаа үйлдвэр огт алга. Хямд техник, технологитой, стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, бага хөрөнгө оруулалттайгаар гайгүй шиг ашиг олох гэсэн жижиг үйлдвэрүүд Монголд олноор бий болж байна. Тиймээс шинээр гарах Ашигт малтмалын тухай хуульд манай холбоо саналаа өгч байгаа. Гадны орнуудын туршлагыг харж байхад ордыг олборлох, ашигт малтмалыг баяжуулахад  нэг их олон заалт байдаггүй. Харин ямар стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг заадаг. Ордын олборлолтын шаардлагуудаа техник, эдийн засгийн үндэслэл, төсөл хийхдээ тавьж тусгуулсан байдаг.

Та уул уурхайн цогц хууль байх ёстой гэсэн байр суурьтай байна уу? 

Уул уурхайн үйл ажиллагааг цогц хуулиар зохицуулах ёстой. Яаж хайгуул хийх юм бэ? Уурхайг яаж ашиглах вэ? Баяжуулах үйлдвэр яаж барих вэ? Ямар стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ? Дэд бүтцээ яаж бий болгох вэ? Байгаль орчин, нийгмийн асуудлыг хэн шийдэх вэ? Уурхайг хаахад уурхайчдаа яах вэ? Буруутай этгээдээр хохирлыг яаж нөхөн төлүүлэх вэ? Баялгийг нь авчихаад Засгийн газрыг нь Олон улсын шүүхэд өгдөг зуршлаас яаж салах вэ гэсэн энэ олон харилцааг хуулиар зохицуулаагүй, цоорхой үлдээсэн. Ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгодог хуулийг Ашигт малтмалын тухай хууль гээд нэрлэчихсэн гэж эрдэмтэн, мэргэжилтнүүдийн шүүмжилдэгтэй би санал нэгддэг. Манайд Татварын багц хууль гэж байгаа шиг уул уурхайн үйл ажиллагааг цогцоор тусгасан Ашигт малтмалын тухай багц хуультай болох шаардлагатай байна. Тэгвэл уул уурхай цэгцтэй болно.

1997 оны хуулиар гадны хөрөнгө оруулалтыг их дэмжсэн. 2006 оны өөрчлөлт нь Оюутолгой, Тавантолгойг яаж ашиглах вэ гэдгийг зохицуулах гэж оролдсон. Үүнээс гадна УИХ-ын гишүүд, улстөрчид татварын аргаар хөрөнгө мөнгө хуримтлуулан,  тооцоо муутай улс төрийн амлалтаа хэрэгжүүлэхэд нь уул уурхай их өртөх боллоо. Үүний нэг жишээ бол Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар юм. Хууль санаачлагчид нь хуулийн зорилгоо тайлбарлахдаа зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цэвэр шижир алттай болох гэдэг. Одоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнээс авахаар хуульчиллаа. Мэргэжлийн хүний хувьд  үүнийг хуульд оруулаад зөв хэрэгжүүлээд явахад  маш хэцүү заалт гэж үздэг. Мөн л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго агуулжээ гэж бодохоор. Гэтэл олон жил Монголыг тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрт хамгийн өндөр төлбөрийг ногдуулж байна. Технологийн ийм нарийн юмыг хуульд оруулахаар гадныхан бүү хэл монголчууд ч ойлгохгүй. Уул нь Засгийн газар л тогтоолоор зохицуулчих зүйл байгаа юм.

Хууль ойр ойрхон солигдоод байх нь гадны ч, дотоодын ч хөрөнгө оруулагчдад их эрсдэлтэй. Уул уурхай бол эрсдэлтэй бизнес. Энэ эрсдэлтэй бизнес дээр хууль тогтворгүй байвал бүр л эрсдэлтэй болно. Тиймээс шинээр гаргах хуулиа их бодож төлөвлөж, багц сайн хууль болгоод, түүнийгээ нэлээд удаан хугацаанд хөдөлшгүй хэрэгжүүлбэл гадаадаас ч, дотоодоос ч хөрөнгө орно. Сая Иргэний танхимаар одоогийн хууль юугаараа илүү, юугаараа дутагдалтай байна вэ, яавал иж бүрэн хууль болгох вэ гэдэг дээр мэргэжлийн хүмүүсээс санал авсан. Хууль санаачлагчид нь гарсан санаа оноог тусгаад явах биз. Ер нь уул уурхайг ашиглахдаа гурван зүйлийг хардаг. Нэгдүгээрт, ордыг урт хугацаанд ямар техник, технологиор ашиглах вэ? Хоёрдугаарт, хүний эрүүл мэнд, байгаль орчинд яаж нөлөөлөх вэ? Гуравдугаарт эдийн засгийн үр өгөөж нь ямар үр дүнд хүрэх юм бэ?  Энэ бүгдийг сайн зохицуулж чадвал уул уурхай тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Мэргэжлийн дагуу л хийх хэрэгтэй. Гайгүй хууль гарчих болов уу гэж найдаж байна шүү.



Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ын ¹006 дугаараас уншина уу.