Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээгээ нэг цэгээс цогцоор авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

Та “Орбитнэт” компанийн талаар товч танилцуулна уу?
Манай компани нь төрийн байгууллагууд болон уул уурхай, гадаад болон дотоодын банкууд, аялал жуулчлалын компаниудад хиймэл дагуулын Ku зурвасаар өндөр хурдны холбоо, интернэт, утсан холбоо, өгөгдөл дамжуулах зэрэг харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилгээгээ хүргэсэн 7 жилийн хугацаанд гадаадын мэргэжилтнүүдтэй байн­га хамтран ажиллаж, инженер техникийн ажилт­нуудаа мэргэжлийн өндөр түвшинд сур­гаж чадсан. Өнөө­дөр “Орбитнэт” компани нь салбартаа тэргүүлэгч томоохон компани болтлоо өргөжсөн байна.

Танай компани байгуулагдаад ба­га­гүй хугацаа өнгөрчээ. Энэ хуга­цаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаасаа дурьдана уу?

Энэ хугацаанд манай компани төрийн болон бизнесийн байгууллагуудад хэд хэдэн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж, хүлээлгэн өгөөд байна. Тухайлбал шилэн кабелийн интернэт хүрэх боломжгүй, аймгийн төвөөс алс хязгаарт байрлах нийт 50 сумын дунд сургуулиудад сансрын өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргэсэн. Мөн  Монгол улсын паспорт хяналтын системийг амжилттайгаар хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын хилийн дагуух боомтуудыг иргэний бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай сансрын интернэт, өгөгдөл дамжуулах үйлчилгээний тусламжтайгаар холбосон. Үүний үр дүнд хилийн дагуух боомтуудын хяналт шалгалт сайжирч, хилээр шалган нэвтрүүлэх ажиллагаа  шуурхай явагддаг болсон.
2009 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналт, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажил нь Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрч буй онгоцуудын аюулгүй байдлыг хангах зорилготойгоор хийгдсэн. Ингэснээр агаарын хилээр  зорчиж буй онгоцууд Монгол улсын нутаг дэвсгэр дээрх Нислэгийг удирдах төвтэй байнгын холбоотой болж, орчин үеийн техник технологийн тусламжтайгаар нислэгийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг болсон.
Мөн Монголын уул уурхайн салбарын томоохон аж ахуйн нэгжүүд болох Energy Resources, South Gobi Sands, Altain Khuder компаниудад байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах, тээвэрлэлтийн ажилд хяналт хийх зорилгоор богино долгионы холбооны радио станцыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

VSAT үйлчилгээг найдвартай, тасалдалгүйгээр хүргэх нь чухал байдаг. “Орбитнэт” компанийн хувьд найдвартай үйлчилгээгээр хангахын тулд хэрэглэгчдэдээ ямар давуу талуудыг санал болгодог вэ?
Хэрэглэгчдээ найдвартай, чанартай үйлчилгээгээр хангах нь манай компанийн хувьд хамгийн чухал асуудал. Юуны түрүүнд манай бүх сүлжээ, нөөц төхөөрөмжүүдэд тусгай график төлөвлөгөөний дагуу байнгын үзлэг, засвар үйлчилгээ хийгддэг. Өөрөөр хэлбэл манай төхөөрөмжүүдэд гэнэтийн эвдрэл гэмтэл тохиолдсоноос шалтгаалж үйлчилгээ доголдох асуудлыг шуурхай шийдвэрлэх систем бүтээгдсэн. Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг байнга хангахын зэрэгцээ тусгай зориулалтын програм хангамж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сүлжээний чанарт тогтмол хяналт хийдэг.
Сүлжээний чанарын хяналт нь тогтсон стандарт горимын дагуу 7 хоногийн 24 цагийн турш хийгддэг тул сүлжээнд аливаа доголдол саатал гарах магадал маш бага. Манайд мэдээлэл, холбооны салбарын дадлага, туршлагатай инженерүүд ажилладаг тул гэмтэл доголдол гарсан тохиолдолд асуудлын 80-90 хувийг цаг алдалгүй шийдвэрлэж байна.
Түүнчлэн манай инженер, техникийн ажилчид англи хэлний зохих түвшний боловсролтой учир энэ төрлийн ханган нийлүүлэгчидтэй харилцах болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад үйлчилгээ үзүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл гардаггүй. Бас нэг  зүйлийг нэмж хэлэхэд бид iDirect, TeleSAT, Andrew, MGL, NJR, IBM, Cisco зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудаас тоног төхөөрөмж, үйлчилгээг авдаг. Энэ нь бидний үйлчилгээгээ хэрэглэгчдэд найдвартай, тасралтгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Дашрамд дурьдахад манайх Монголдоо анхдагч бөгөөд цорын ганц Ku зурвасыг ашигладаг компани юм. Энэхүү Ku зурвасын станц нь С зурвасын станцтай харьцуулахад тоног төхөөрөмжүүд нь овор хэмжээ багатай бөгөөд үнийн хувьд ч харьцангуй хямд байдаг. Иймд уул уурхайн компаниудын хувьд кэмп шилжин ажиллах тохиолдолд тээвэрлэлт болон суурилуулалтыг хийхэд ихээхэн хялбар болж байгаа юм.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулахад техник, технологийн шинэчлэл хамгийн чухал асуудлын нэг. Танай компанийн хувьд энэ чиглэлээр  ямар ажлууд хийдэг вэ?
Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэн техник технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Жишээлбэл Монголын томоохон банк, үүрэн холбооны компаниудын сүлжээг дамжуулахад дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн бид энэ салбарт шинээр нэвтэрч буй програм хангамж болон техникийн шинэ технологиудыг өөрсдийн үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэн жил бүр технологийн шинэчлэл хийж ажилладаг. Тухайлбал  2010 оноос туршилт, судалгаануудыг явуулсны үндсэн дээр энэ оны нэгдүгээр сараас   үйлчилгээндээ DVB-S2 технологийг Монголд хамгийн түрүүнд нэвтрүүлээд байна. Энэ технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэх өртөг нэлээд хэмжээгээр багасах боломж гарч байгаа юм. Шинэ технологид хөрөнгө оруулалт хийж, зардлаа хэмнэснээр эцсийн хэрэглэгчийн үйлчилгээ авах өртөг буурах таатай нөхцөл бүрдсэн.
Манай компанийн техник, технологийн бас нэг  давуу тал бол сүлжээнд ажиллаж буй дундын холболт, газрын станцууд гэх мэт бүх төхөөрөмж  нөөц системтэй  ажилладаг. Өөрөөр хэлбэл нөөц системийн тусламжтайгаар манай үйл ажиллагаа ямар ч тохиолдолд саатахгүй, найдвартай явагддаг.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар Монголд эрчимтэй  хөгжиж, олон компани энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Танай компани  уул уурхайн салбарт ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа вэ?
Бид энэ салбарт ихээхэн анхаарал хандуулан ажиллаж, нэлээд хэдэн төрлийн үйлчилгээг уул уурхайн салбарын хэрэглэгчдэдээ санал болгож байна. Тухайлбал хиймэл дагуулын холбоо ба интернэт, дүрст хурлын систем, миний түрүүнд дурьдсанчлан радио холбооны сүлжээ, төрөл бүрийн хамгаалалтын систем, явуулын ба зөөврийн холбооны төвүүд, кабель телевизийн төв, шилэн кабель ба радио IP сүлжээ, зайнаас хянах телеметрийн ба scada систем, дотоод холбоо ба мэдээллийн технологийн төхөөрөмжүүд зэргийг нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгч мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээгээ нэг цэгээс цогцоор авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа