“Сэтгэл минь их хөдөлж байна шүү” хэмээн Дондов доктор уртаар санаа алдав. Зүүн Цанхийн уурхайгаас нүүрс тээсэн их аяны цуваа хөдлөх тэр мөч, магадгүй Тавантолгой хэмээх энэ аварга том нүүрсний ордтой хувь заяагаа холбож, насаараа шахуу судалгаа тооцоог нь хийлцэж явсан тэргүүлэх сэхээтний хувьд үнэхээр хамрын самсаа шархирам үйл явдал биз ээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын хараат бус гишүүн, Монголын Маркшейдэрийн холбооны тэргүүн Д.Дондовтой ярилцлаа.Уурайн уулын ажил технологийн горимоороо явагдаж байна уу. Мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
Өнгөрсөн оны зургаадугаар сард уурхайг нээх ёслол болж байсан. Нэг жилийн дотор уулын ажлыг сайн гүйцэтгэж, карьерийн дүр төрхөд бүрэн хэмжээгээр оруулсан байна. Нэг жилд уурхайг босгож ирнэ гэдэг асар их хөдөлмөр, идэвхи санаачлага. Энэ бол тийм амар ажил биш. Уурхай технологийн горимын дагуу баригдаж, жигдэрсэн байна гэж мэргэжлийн хүний хувьд үнэллээ. Хэн ч харсан зураг дээр байгаа юм шиг сайхан уурхай. Энэ утгаар нь би Зүүн Цанхийн уурхайг үлгэр жишээч уурхай гэж хэлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр, нүүрсний экспортыг эхлүүллээ. Хоёр сарын дотор 60 мянган тонн нүүрсийг агуулах дээр бэлэн болгочихож. Энэ мөн л өндөр хүчин чадал юм шүү. 40000 тонн нүүрсийг хүнд даацын 40 ачааны машинаар тээвэрлэж байна. 61 вагон нүүрс экспортод гаргана гэсэн үг. Цаашдаа энэ эрчээ алдуулалгүй ажиллах хэрэгтэй. Ийм нөхцөл боломжийг төрийн байгууллагууд, тэр тусмаа “Эрдэнэс Монгол”, түүний охин компани “Эрдэнэс Тавантолгой” болон Төрийн өмчийн хороо гаргаж өгч байгаа. Тухайлбал, уурхайн ажлыг өргөжүүлж, эрчимжүүлэх зорилгоор 35 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авах асуудлыг шийдэж өгсөн. Эдгээр тоног төхөөрөмж есдүгээр сард бүрэн хэмжээгээр ажиллагаанд орох байх. Ингэвэл он дуустал нэг сая 300 мянган тонн нүүрс экспортлох нөхцөл бүрдэх юм.
Нүүрсээ шууд хилээр гаргахгүй, наана нь буулгаж дахиж ачих зэрэг дараалсан ажлууд өрнөх юм шиг байна. Хүндрэл бэрхшээл ч гарах нь ээ?
“Эрдэнэс Тавантолгой” компани одоохондоо нүүрсээ хил орчим, Цагаан хад гэдэг газар, жаахан хатуугаар хэлбэл айлын газрыг түрээслэж буулгаж байгаа юм байна. Ингэж болохгүй. Тэр газар төрийн мэдлийнх. Төрийн өмчит компани тэнд нүүрсээ буулгаж байна. Тиймээс төр шийдвэр гаргаад Цагаан хадад 10 сая тонн нүүрс агуулах газар бэлдэж өгөх хэрэгтэй. Өөрийнхөө өмчийг өөрөө түрээсэлнэ гэдэг буруу бодлого. Цагаан хадад нүүрсээ аваачаад овоолоод байх нь л дээ. Зүгээр овоолоод байж болохгүй. Хилээр гаргах тал дээр төр анхаарах ёстой. Гаальтай холбоотой асуудал их чухал. Боомт ч мөн ялгаагүй. Энэ хэдээс бусад нь яах вэ, шийдэгчих юм байна гэж ойлголоо. Цахилгаан станц, Нүүрс баяжуулах, угаах үйлдвэрээ байгуулах хэрэгтэй. Нүүрс борлуулсан орлогоороо тэр бүгдийг хийж таарна шүү дээ. Тэнгэрээс мөнгө унаад ирэхгүй. Эрдэнэс Тавантолгойн уурхай дээр гэр хотхон биш, уурхайчдын хотожсон тосгон байгуулах хэрэгтэй. Гэр салхинд нурна, хуучирна. Суурьшлын бүсийн эх үүсвэрийг эндээс эхлүүлмээр байгаа юм. Нүүрсээ автозамаар зөөх чиглэлтэй байна. Төмөр замын асуудлыг яаралтай шийдэж өгөэсэй. Тэгж байж их хэмжээний нүүрс зөөнө. Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас 15 сая тонн, Ухаа худагаас 15 сая тонн, Баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч орж ирээд 20 сая тонн нүүрс, ингээд нийт 50 сая тонн нүүрсийг автомашинаар хил хүртэл зөөнө гэдэг маш хүнд шүү.