Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Үндэсний консорциум Сайншандад хөрөнгө оруулна

УИХ, Засгийн газраас Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрч байгаа. Нүүрс угаах үйлдвэр, зэс баяжуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр, кокс химийн үйлдвэр гээд эхний ээлжинд 9 үйлдвэр бүхий цогцолборыг Сайншанд хотод байгуулна.

Одоогоор Сайншандад “Сод Монгол групп”-ын нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, ирэх арваннэгдүгээр сард Мастер төлөвлөгөө нь гарах юм. Энэхүү цогцолборыг байгуулахад урьдчилсан байдлаар 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Хятад, Япон, Солонгос болон олон улсын хөрөнгө оруулагчид санхүүжилт хийхэд бэлэн гэдгээ хэдийнэ мэдэгдээд буй. Тэгвэл Монгол улсын үндэсний томоохон компаниуд энэ паркт хөрөнгө оруулалт хийхээр нэгдэж Консорциум байгуулжээ.

“Бодь групп”, “Моннис”, “Магнай Трейд”, “Жаст групп” гээд 10 орчим компани нэгдэж, “Үндэсний хөгжлийн корпораци”-ийг байгуулсан байна. Уг корпораци Сайншандын аж үйлдвэрийн паркийн тодорхой нэг объект дээр хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Улс орны томоохон бүтээн байгуулалтад дан гадны хөрөнгө оруулагчид бус, үндэсний тэргүүлэгч компаниуд оролцох нь зайлшгүй шаардлагатай. Нөгөөтэйгүүр Монголын компаниудад өсч дэвжих нэг боломж гарч ирнэ хэмээн зарим эдийн засагч үзэж байгаа аж. “Үндэсний хөгжлийн корпораци”-ийн Гүйцэтгэх захирлаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын зөвлөх байсан Ч.Ганбат ажиллаж байна. Тэрбээр Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах төслийг эхнээс нь хариуцан ажилласан юм.