Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Уул уурхайн үйлдвэрлэлд усыг хосолмол аргаар ашиглах ганц л арга байна


Яг одоогоор манайх хэдий хэмжээний усны нөөц илрүүлээд байна вэ?
Манайх олон улсын ангиллаар усны багавтар нөөцтэй орнуудын тоонд ордог. Газар нутгийн 30 хувь нь гадаргын устай, 70 хувьд нь говь, тал хээрийн бүсэд газрын гадаргын ус байхгүй. Одоогоор манайх ойролцоогоор 600 км куб усны нөөц илрүүлээд байгаа. Үүнээс зөвхөн газрын доорх ус нь л гэхэд 36 км куб байна. Одоо ашиглаж байгаа хэрэглээний 80 орчим хувийг нь гадаргын усаар хангадаг. Газар нутгийн тархсан байдал, хэрэглээний буруу бүтэц зэргээс болж усны нөөцийн хомсдол үүсдэг. Ихэнх шинээр гарч байгаа уул уурхайн салбарын үйлдвэрүүд, ялангуяа Оюутолгой, Таван толгой, Цагаан суваргын орчимд,  Говь-Алтай аймгийн Цээл сум гэх мэт онцгой газруудад гадаргын усны нөөцгүй. Уул уурхайг хөгжүүлнэ гэж байгаа, гэхдээ усгүйгээр ямар ч технологи хөдлөхгүй.
Усны хомсдол үүсэх өөр нэг шалтгаан бол усыг манай ард түмэн  ерөөсөө үнэгүй гэж үздэг.Усны тухай шинэ хуулиар  байгалийн нөөц гэдэг утгаар нь Байгаль орчны сайдын эрхлэх ажлын хүрээнд багтаасан. Өмнө нь микрогеологийн ашигт малтмалын орд гэж үзээд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар үнэлгээг нь хийж, баталгаажуулан, хянаад, нөөцийг нь тогтоогоод баталдаг байсан. Ашиглая гэвэл манайд усны нөөц бий.



Өнөөдрийн эрдэмтдийн яриад буй судалгаа бол 1975-1980 оны суурь судалгаа. Тэр 600 метр куб ус чинь нөөцийн эцсийн хэмжээ биш гэсэн үг. Магадгүй  усны өөр ордууд цөөнгүй  байхыг үгүйсгэхгүй. Одоо байгаа суурь судалгаагаар нийт 600 куб метр уснаас 36 масс километр, 34,6 куб километр усыг ашиглаж болно гэсэн боломжит хэмжээ бий. Бид энэ мэдэгдэж байгаа нөөцийн зөвшөөрсөн хэмжээнээс одоогоор үндсэндээ хоёр хувийг нь л ашиглаад байгаа. Гадаргын ус нь газар нутгийн хойд хэсгээр байдаг. Тэр 34,6 хувийн чинь ихэнх нь газрын гадаргынх. Тал хээрийн бүсдээ хүргэе гэвэл Хэрлэнгээс урагшаа ус татах арга байна. Гэхдээ хүмүүсийн ойлгоод байгаа шиг суваг татаад тавьчих юм биш л дээ. Ямар нэг байдлаар ингэж усаа татаж байж нөгөө Оюутолгой, Тавантолгойгоо ашиглана.

Оюутолгой , Тавантолгойг ашиглаад ирэхээр гүний усны нөөц барагдаж, говийг эко тогтоц  эвдэрнэ гэсэн болгоомжлол үндэслэлтэй юү?
Манайх шиг гадаргын усгүй газарт дэлхий дахины практикт уул уурхайн үйлдвэрүүдийн боссон түүх ойр орчмын газрын доорх усыг ашигласнаар эхэлсэн байдаг. Компаниуд өөрсдөө усны судалгаагаа хийж байгаа. “Айвенхоу майнз“ компани гэхэд 2003 оноос хойш 30 орчим тэрбум төгрөгийн газрын доорх усны хайгуул хийсэн байна. Усны гүний хоолойн орд газар гэж нээгээд, үндсэндээ нөөцөө батлуулах гээд өгчихсөн. Хүмүүсийн ярьж байгаагаар говийн газрын доорх усыг авахаар тогтоц нь эвдрээд нурж унаад байх тийм асуудал бол байхгүй шүү дээ.

Гэхдээ  газрын дор байгаа ордоос  ус авч болох зохистой харьцаа гэж байна. Төдөн хувиар ашиглана, тэгвэл  нөхөн сэргээлт нь хэвийн явагдана гэдгийг нарийн тооцно гэсэн үг. “Айвенхоу майнз“ хэдийгээр ашиглалтынхаа өмнө их хөрөнгө зарж усны нөөцөө батлуулж байгаа ч бид тэдний хэрэглээг зохих төвшинд байна уу, үгүй юу гэдгийг үйл ажиллагаанх нь явцад тооцоолж байх ёстой. Манай говийн усны ордуудын онцлог  их өөр. Яагаад гэвэл ордын бий болсон хугацаа, ууршилт,  шингэлт, хур тунадас болон алсын тэжээгдлээс үүдэн бий болдог. Манай уул уурхайнхан эхлээд нөгөө эрдэс металлаа л хайчихдаг. Ашиглахад хамгийн түрүүнд  ус хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Тавантолгойн ойр орчимд л гэхэд ашиглах ус байхгүй шүү дээ. Балгасын Улаан нуур нэлээн хол, 50 гаруй километрийн зайд  байдаг. Канадын “Фүжи икс“, манай “Энержи ресурс“ компани асар их мөнгө зарж усны хайгуул хийж байна. Энэ мэтчилэн зарим том компани эхнээсээ асуудал бэрхшээлийг ойлгоод , усны хайгуул хийж байна.



Усны чанарын асуудал бас их чухал. Чанарыг сайжруулах , хэмнэх тал дээрээ бид  юу хийж чадах вэ?
Говь,тал хээрийн бүсийн усны чанарын хувьд их харьцангуй ойлголт байгаа юм. Хойд бүсэд гадаргын, газрын доорх ус нь чанарын хувьд гайхамшигтай шүү дээ. Чанарын хувьд сайжруулах янз бүрийн арга хэрэглэж байна. Хэрлэн гол дээр цэвэршүүлэн, зөөлрүүлж, эрдэсжилтээс нь ялгаж байгаа. Ийм төхөөрөмжүүдийг их хэмжээгээр манайд ч үйлдвэрлэдэг болсон. Худагтаа суурилуулах зардал нь л өнөөдөр их хүнд байна л даа.  Засгийн газар боломжоороо мөнгө гаргаад, одоогоор 107 сумын төвийн худгуудад ийм төхөөрөмж тавиад байгаа. Туул, Сонгины усны нөөцийн цогцолбор төсөл байна. Манай Улаанбаатарыг 2020 он гэхэд усгүй болно л гээд байгаа. Яагаад нийслэлийн хүн ам нэмэгдээд, хэрэглээ ихсээд байхад усаар хангаж чадаад байна гэхээр бас ч гэж хэмнэлттэй болоод байгаа юм. Тоолуур тавьснаар нэлээн хэмнэх болсон. Ялгаа байхгүй алтны үйлдвэрт ч, гүний усанд ч тоолуур тавьдаг. Уул уурхайн үйлдвэрүүдэд 2005 оноос мөрдөгдөж байгаа тарифаар газрын доорх нэг метр куб ус ашигласных нь төлбөрт 100 төгрөг, гадаргын уснаас 80 төгрөг авдаг. Жилд нийтдээ усны нөөц ашигласны төлбөрөөс  3.2 тэрбум орчим төгрөг төсөвт орж ирж байна.

Энэ хөрөнгийг  усыг нөхөн сэргээх, хамгаалахад зарцуулж чадаж байна уу?
Манайх бол зүгээр төсөвт мөнгө төвлөрүүлж л өгдөг. Түүнээс нэг ч төгрөг авдаггүй. Хуулиар орж ирсэн мөнгөний 35 хувийг нь усны нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулах ёстой. Гэтэл 3.2 тэрбум төгрөгийг төвлөрсөн төсөвт биш , орон нутагт өгчихөж байгаа юм. Зөвхөн Булган аймаг л гэхэд “Эрдэнэт“ үйлдвэрээс ус ашигласны төлбөрт жилдээ 1,6 тэрбум төгрөг авдаг. Тэрний 35 хувь гэхээр 500-гаад сая төгрөг. Гэтэл аймагтаа усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад зориулаад , үгүй ядаж ганц  усан оргилуур хийхэд тэр мөнгийг зарцуулах ёстой юм л даа. Гэтэл тийм юм хийхгүй зүгээр л урсгал төсөвт ороод алга болдог. Сүүлийн гурван жилд усны нөөц ашигласны төлбөр хоёр тэрбумаас 3, 6 тэрбум болтлоо өсөөд байгаа. Цаашдаа ч  улам нэмэгдэнэ. Зарим Засаг дарга нар ойлгодог. Ус үнэтэй гэдгийг цаашдаа бүх нийтэд ойлгуулах хэрэгтэй.Тэгэхгүй бол  “Хар ус харамлахгүй“ гэдэг нүүдэлчний сэтгэхүй байна шүү дээ. Усыг зүгээр шууд утгаар нь үнэтэй болгох гээд байгаа юм биш, сэтгэхүйд нь үнэтэй болгох ёстой.



Өнөөдөр манайд усны мэргэжилтнүүд, боловсон хүчин хэр хангалттай байна?
Монголд усны мэргэжлийн 140 орчим аж ахуй нэгж, компани байдаг. Усны хэрэг эрхлэх газрын бас нэг үүрэг бол энэ аж ахуй нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах ёстой. Судалгаагаар 600 орчим усны инженер байна гэсэн тооцоо гарсан. Гэхдээ нарийвчлаад авахаар манай усны салбарт цаашдаа 12-26 орчим төрлийн инженер шаардлагатай. Инженерүүдээсээ давтан сургалтад хамруулж,  салбарын зөвлөх инженерийг сүүлийн хоёр жилд бэлдэж байна. Шинэ мэргэжлүүд буюу усны экологич, усны аудит хэрэгтэй болж байна. ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлж, 20-иод инженерийг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд сургасан.

Ашигт малтмалын тухай шинэ хуульд байгаль орчны асуудлыг нэлээд хөндөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Усны талаар ч мөн тодорхой заалт тусгах хэрэгтэй байх?
2004 онд Усны тухай хуулийг шинэчилсэн. Нөөц , хэрэглээ зэргийг уг хуулиар зохицуулчихсан байгаа. Гэхдээ Усны тухай хууль өөрөө  төгс биш. Уг нь гадны орнуудын шинэ их л дэвшилттэй хувилбаруудыг тусгаж авсан. Дэлхийн бусад бүх улсад  усны нөөц, хэрэглээ, хамгаалах, нөхөн сэргээх  асуудал нь тодорхой байдаг. Манайд Сав газрын зөвлөл дээр тодорхой нэлээд асуудлыг  хариуцуулчихсан. Гэтэл тэр нь тогтворгүй, олон нийтийн байгууллага  болчихоод байгаа. Тэгэхээр усны үнэ тогтоох, хамгаалах ажил орхигдоод байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд  голчлон  хамгаалалт талдаа анхаарсан заалт хиймээр байгаа. Уул уурхайд угаах технологи их явагдсанаар яваандаа усны алдагдал үүснэ.  Гол нь уул уурхайн экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжих ёстой.

Уул уурхайн ирээдүй усны асуудалтай салшгүй холбоотой. Ашигт малтмалаа ашиглах нь ч гарцаагүй. Тэгэхээр усны нөөцийн хомсдол үүсгэхгүй байх талаас ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?
Усны хэрэглээгээ хосолмол аргаар хангах ганц л гарц байна. Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг ашиглахад эхний ээлжинд газрын доорх уснаас хангаж болох юм. Хосолмол арга гэдгээрээ хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл бол нөгөө ус ихтэй газраасаа шилжүүлэх татах  явдал. Одоо  “Хэрлэн говь“, “Орхон гол“ гээд цөөнгүй төсөл яригдаж байна. Төрөл бүрийн зориулалтаар ашиглах цогцолборуудыг барьж бий болгох ёстой. Манай гадаргын ус үндсэндээ 20 хоногийн эргэлттэй, бүрэн шинэчлэгдээд байна гэсэн үг. Тухайн хэсэгт байгаа газрын доорх усны нөөцөөс экологид нөлөөлөхгүй хэмжээгээр авна. Хүрэлцэхгүй тохиолдолд өөр газраас ус татах хэрэгтэй болно.Ингэж ярихаар “улстөржүүлээд“ эсэргүүцээд байдаг тал бий.  Туул, Хэрлэн дээр усны нөөцийн цогцолбор хийнэ гэдэг нь тухайн голдоо ашигтай.  Тасарлаа гээд яриад байдаг. Нөөцөөсөө сэлбээд байвал тасрахгүй. Илүүдэлтэй үед нь  сэтлээд жаахан ус авна л гэсэн үг. Говьд өнгөрсөн жил дөрвөн ч усан сан байгуулсан. Говь-Алтай аймагт хуучин усан санг сэргээлээ. Үүнийг олон зориулалтаар ашиглаж болно шүү дээ.