Монгол орны экосистемийн онцлог нь их эмзэг бүтэцтэй гэдэг. Энэ нь байгалийн баялгийг ашиглах үед хэрхэн өөрчлөгдөх вэ?
Монгол орны экосистем эмзэг бөгөөд хосгүй. Нүдний цэцгий мэт бүтэцтэй. Дэлхийн эх газруудад манайх шиг өвөрмөц тогтоц цөөхөн тохиолддог. Амьтны болоод ургамлын аймгийн хамгийн хосгүй төрөл болох сүүн тэжээлтнүүдийн уугуул нутаг шүү дээ. Жишээ нь Африкийн нэрийн хуудас болдог саванн ганцхан Кени улсын нутагт байдаг. Африкт аагим халуун, хуурай уур амьсгалтай, тачир ургамалтай, ган гачиг байнга нүүрлэдэг хэдий ч саваннын талаа эко парк болгож нандигнан хадгалдаг. Тэгвэл төв Азийн өндөрлөгт Монголын нутаг онцгой өвөрмөц. Хэдэн зуун мянган сүүн тэжээлтэн нутагшдаг. Хуурай, жилдээ 400мл-ээс илүү чийг өгдөггүй газарт энэ амьтад амьдардаг гэсэн үг. Нэгэнт чийг муутай учраас үржил шимт хөрс бага, тачир ургамалтай. Энэ нь хосгүй зохицолдоот маш сайхан ландшафт боловч экологийнхоо хувьд их эмзэг байдаг. Хүний элдэв төрлийн үйл ажиллагаанд амархан өртөж, талхлагдан үгүй болох өндөр магадлалтай гэсэн үг. Манай орны хээр тал дахь байгаль орчны бүх төрлийн ай сав нь их өвөрмөц юм л даа.
Тогтвортой антициклон Монголын нутагт байрладаг. Нарны гэрэл тунгалаг учраас өвлийн цагт хунгар үүсэхгүй. Антициклоны нөлөөгөөр агаарын урсгал бий болж, цэвэр чийглэг салхи байнга орж ирнэ. Хятадын талаас муссон хэмээх зөөлөн салхи ирж нийлэхээрээ чийг тавьчихдаг. Жилдээ 300мл-ээс хэтэрдэггүй энэ чийг нь тал хээрийн ландшафтыг бий болгодог юм. Үүний үр дүнд сайндаа л тавхан см гуммос буюу үржил шимтэй хөрсний нимгэн давхарга бий болдог. Энэ нь нарийн өвс ургах, мал сүрэг болоод сүүн тэжээлтэн идээшин бэлчихэд тохирсон хөрс. Гэтэл хүний хайр хайхрамжгүй үйл ажиллагаа ороод ирэхээр бүтэц нь маш амархан задарч, суллагдсан хөрс болж хувираад, тэр нь төв Азийн хуурай салхинд хийсээд алга болчихож байна. Экологийн иймэрхүү эмзэг тогтоцтой учраас ялангуяа стратегийн том ордууд дээр байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд байгаль орчин хамгаалах асуудлыг тусгасан бүлгийг нягт нямбай бодож боловсруулан оруулах ёстой. Техник, эдийн засгийн үндэслэлдээ манай орны экосистемийн талаарх мэдлэг, мэдээллийг хэр бодитой авч үзсэнийг нягтлах хэрэгтэй юм. Бид өөрсдөө маш нарийн шаардлага тавьж байж уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хянаж чадна. Экологийн талаас зөвшөөрөл өгөх үндэслэл нь тэр дүгнэлт болно гэсэн үг шүү дээ.
Шинээр өөрчлөн найруулах гэж буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлтэд юуг голлон анхаарах ёстой вэ?
Дэлхийн улс орнууд 1990 оноос өнөөдрийг хүртэл байгалийнхаа баялгийг цөлмөн ашиглах, үүний үндсэн дээр хурдан үсрэнгүй хөгжих хөтөлбөрүүдийг дэвшүүлэх гэсэн хоёр тулгууртай замаар хөгжих болжээ. Гэвч түүхийн тусгалаас харахад хүний үйл ажиллагаа байгаль экологид маш их халтай болох нь илэрч, хүн төрөлхтөн хүрээлэн байгаа орчны том гамшгийн өмнө хэдийнэ ирснээ ухаарч эхэлж байна. Байгалийн баялгийг цөлмөн ашиглаад, хөгжих дэвжих нь эцсийн зорилго биш юм. Экологийн баримжаатай хөгжих үзэл баримтлалын талаар сүүлийн үед их ярих болсон нь үүнтэй холбоотой.
1992 онд Рио Де Жанейрод дэлхийн 300 гаруй орны удирдагч цугласан дээд хэмжээний чуулга уулзалт болсон. Уг уулзалтаас тунхаглан гаргасан хөгжлийн тухай шинэ үзэл баримтлал нь экологийн хувьд зохистой, тогтвортой хөгжих тухай асуудал. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн үзэл санааг ийнхүү шинэ нөхцөлд томъёолон гаргаж ирсэн билээ. Тогтвортой хөгжлийн үзэл санаа бол экологийн аюулгүй байдалд тулгуурлан эдийн засгийн баялаг нөөцийг бий болгож, үүн дээр уламжлан улс эх орноо хөгжүүлэх явдал. Чухам ингэж хөгжиж чадвал нийгмийн амьдрал тогвортой сайжирна гэсэн үзэл баримтлал юм. Дэлхийн олон улс орон уг чухал тунхаглалд нэгдсэний дотор Монгол улс ч тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар хөгжихөө илэрхийлж, Олон улсын байгаль орчны конвенцэд нэгдэн орсон.
Ашигт малтмалын шинэ хуульд хамгийн гол тусгах ёстой үзэл баримтлал бол экологийн асуудал. Баялгийг ашиглахдаа байгаль орчныг нөхөн сэргээх төлбөрийг суулгах, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд хийлгэх, уурхайн технологийн хувьд ахин дахин ухаж сэндийлэхгүйгээр бүрэн ашиглалт явуулах хэрэгтэй. Эдгээр асуудал Ашигт малтмалын хуулийн амин сүнс байх ёстой гэж үзэж байна.
Монгол улс дэлхийд нүүрсний нөөцөөрөө тэргүүлж, уранаар хоёрдугаарт, зэсийн нөөцөөрөө гуравдугаарт жагсаж байна. Гэвч эдгээрийг олборлох, ашиглах бүх үйл ажиллагаанд ус маш ихээр шаардагдана. Энэ нь усны нөөцийн хомсдолыг гамшгийн хэмжээнд даллана гэж та мэргэжлийн хүний хувьд бодож байна уу?
Одоогоор Монгол улс байгалийн баялгийнхаа гурваас таван хувийг л илрүүлчихээд байгаа. Цаана нь 95 хувь нь судлагдаагүй, далд оршиж байна. Өөрөөр хэлбэл бид чинь цаглашгүй их нөөцтэй, цадиггүй баян улс юм аа. Гэтэл хамгийн том гамшиг бол ус гэгч чандмань эрдэнэ байхгүй л бол ямар ч гайхамшигтай баялагтай байсан түүнээ ашиглах ямар ч боломжгүй. Ус харьцангуй бага хэрэглэдэг нүүрсний уурхайг аваад үзье. Уурхай тодорхой хэмжээний газрын гүнд оршдог. Хөрс хуулалт явагдаад эхлэхэд газрын дунд гүний ус шүүрээд гараад ирнэ. Шүүрч байгаа усыг бүгдийг нь шавхаад гадагшаа гаргадаг. Ийнхүү гүний усыг гадагшлуулан хиймэл нуур болгож хаяснаар Монгол улсын тал хээрийн бүсэд жилдээ 1000 мл буюу нэг алд хэмжээний гүний ус үгүй болон ууршиж алга болж байна гэсэн үг. Гэтэл газрын гүний энэ ус 50 сая жилийн турш Монгол орны нутагт бий болсон. Ингэж сая сая жилээр хуримтлагдаж бий болсон ус гэдэг юутай ч харьцуулашгүй эрхэм эрдэнэ юм шүү дээ. Газрын гүнд 50 сая жилээр өртөөлөн “амьдарч“, говийг тэжээн тэтгэсэн чандмань эрдэнийг ууршуулаад цалгиулаад дуусгана гэдэг байж болшгүй зүйл байгаа биз?
Аль ч төрлийн уурхайн үйл ажиллагаанд ус их хэмжээгээр ашиглагдана. Тэр усыг дараа нь ууршуулан алга болгож таарна. Манай улс тэртэй тэргүй байгаа усныхаа 67 хувийг гадагшаа алддаг шүү дээ. Тэгэхээр ядахдаа зарим хэсэгт нь усаа тогтоон бариад, үер, цас борооны усыг ч болов авч үлдээд хэд хэдэн усан сан үүсгэх, тэндээсээ үйлдвэрийнхээ хэрэглээг шийдэж болно. Иймэрхүү асуудлыг бид гаргаж тавьдаг л юм. Дэмжихээсээ илүүтэй няцаах хүн олон. Тэгээд л элдэв эсэргүүцэлтэй тулгараад төрийн төвшинд иймэрхүү бодлого хэрэгждэггүй. Ер нь бодлого боловсруулах төвшинд байгаль орчны болоод усны чиглэлийн сайн мэргэжилтнүүд байдаггүй. Сэтгүүлч, орчуулагч голдуу мэргэжлийн хүмүүс төрийн “толгойд“ гараад ирэх юм л даа. Ядахдаа инженерүүд ч байдаггүй нь ухаалаг, зөв санааг ажил хэрэг болгоход төвөг учруулах юм.
Тавантолгой, Оюутолгойг ашиглаад ирэхээр говийн газрын гүний ус хомсдоно. Говийн сая сая жил тогтсон экосистем эвдэрнэ гэсэн таамаглал байна?
Гарцаагүй. Олон сая жилийн турш бий болсон газрын доорх усны горим эвдэгдэнэ. Тэнд олон үе давхарга байдаг. Давхаргуудын хооронд цооног гарган өрөмдчихөөр усны судал нь бие бие рүүгээ гүйгээд алдагдана. Хэсэг газартаа цоожлогдох маягаар газрын доорх өөр хоорондоо зохицолдоотой горим өөрчлөгдөнө, эвдэрнэ. Ийм өөрчлөлтийг маш өндөр хэмжээний инженер зүйн төвшинд судлаад , зохистойгоор ашиглахыг бас үгүйсгэж болохгүй л дээ.
Гидрогеологи , газрын доорх усны судалгааны тэр олон дүгнэлтэд тулгуурлаад, ашиглах боломжтой эсэх дээр нь бодитой дүгнэлт өгөх ёстой. Байгаль экологидоо хохирол багатайгаар хэрхэн зохистой ашиглах бодлого, нөхцөлийг гаргаж тавих шаардлагатай байгаа юм.
Хамгийн гол нь энэ чухал асуудал тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийн дунд ил тод хэлэлцэгдээгүй байна . Иргэний нийгмийн зүгээс шаардаж байж уг асуудлыг гаргаж ирсэн юм шүү дээ. Оюутолгой орчмын гүний усны судалгааг саяхан л хийсэн байх жишээтэй. Тэрхүү судалгааны ажлын тухай мэдээлэл олон түмэнд ил болоогүй байгаа. Хэр хэмжээний усны нөөцтэй вэ, ямар хэмжээгээр, бодлогоор ашиглах вэ гэдэг нь энгийн иргэдийн хувьд одоогоор тодорхойгүй . Тиймээс энэ асуудлыг хэт үгүйсгэх, эсвэл улайран дэмжих аргагүй байна.
Засгийн газар 2006 онд Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл хохирол багатай явуулах хөтөлбөр баталсан. Одоо энэ хөтөлбөрийг сайжруулъя эрчимжүүлье, жинхэнэ ажил хэрэг болгоё гэвэл юу хийх хэрэгтэй вэ?
Аливаа зах зээлийн баримжаатай улс оронд шийдэж чаддаггүй гурван асуудал байдаг. Цэрэг дайны, шашны, экологийн гэж. Тиймээс энд төрийн хатуу бодлого хэрэгтэй. Либерал эдийн засагтай улсад төрийн оролцоог нийгмийн салбар бүрт багасгадаг юм шүү дээ. Харин төрийн хүчтэй оролцоо шаардсан салбар нь экологи. Тэнд л хатуу засаглал хэрэгтэй. Жинлүүр хэмээн төсөөлбөл нэг талд нь байгаль орчин, нөгөөд нь хөгжлийн бүхий л чиг хандлага оршин байж сая тэнцвэрждэг. Зохих тохирох хууль гаргаж байж ийм бодлого хэрэгжинэ. Тиймээс Засгийн газрын зүгээс стратегийн ордуудыг ашиглах гэрээнд хамгийн хатуу заалт оруулах ёстой юм.
Австрали, Америк, Канад зэрэг улсад уурхайн түүхий эдийг гадагш нь бэлнээр гаргах явдал түгээмэл. Байгаль орчноо хамгаалж байгаа хэрэг. Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг гол төлөв Энэтхэг, Хятадад үйлдвэрлэдэг. Манайх бүтээгдэхүүнээ яаж гаргавал бидэнд ашигтай байх бол?
Манай улс уулын массыг жаахан баяжуулаад л гаргаж байгаа шүү дээ. Уг нь хэд хэдэн шат дамжиж байж цэвэр бүтээгдэхүүн гарах ёстой. Манайх түүхий эдийн хавсарга бааз маягтай л байна. Нүүрсний уурхайгаас гэхэд шууд нүүрсээ ачаад гаргачихдаг. Тэгвэл энэ хүрэн нүүрснээс чинь 200-гаад төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Талх, мах, элсэн чихрийн орц гаргадаг гээд бод доо.
“Эрдэнэт“-ийн зэсийн баяжмал гээд уулын массыг угаагаад, 50 орчим хувийг нь концентрат болгоод л тэр чигээр нь гаргачихаж байна. Уг нь эндээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолбол хэд дахин илүү ашиг олж болно. Төрийн бодлого ийм чиглэлээр ер урагшлахгүй байна. Д. Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед л энэ талаар нэлээд яригддаг байлаа. Тэгээд одоо л үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар үг дуугарч, ул суурьтай ярьж эхэллээ шүү дээ. Зарим улс экологид халтай үйлдвэрлэлээ өөрийн нутагт явуулдаггүй . Ийм бодлогыг ч манай улс давхар харах ёстой юм.
Жишээ нь, манайд олзворлож байгаа ураныг баяжуулах, цэвэр уран үйлдвэрлэх гэх мэтийн үйл ажиллагааг өөр газар нутагт хийж болно. Хатуулгийн үйлдвэрийн хажууд ган хайлуулах өндөр технологитой Японы ч юмуу хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулбал төмрийн хүдрийн асар их нөөц байж байна. Түүнийг хажуугийнхаа үйлдвэрт оруулаад ган хоолой, арматур хийгээд байж болно. Улмаар бүтээгдэхүүнээ улам сайжруулсаар орчин үеийн техникт ашиглагдах сайн чанарын ган бүтээгдэхүүн гаргаж болно шүү дээ. Холхивч л гэхэд техникийн асар үнэтэй деталь болж чадах жишээтэй. Бүх төрлийн түүхий эд нь манайд байна. Гэтэл үйлдвэр алга. Тэгэхээр ашигт малтмал олборлох бодлогоо эколог, үйлдвэржилт, хөгжлийн бусад асуудалтайгаа нягт уялдуулан харах ёстой юм.