Бүс нутаг дахь эрчим хүчний ба коксжих нүүрс, алт, зэс зэрэг ашигт малтмалын томоохон ордуудыг түшиглүүлэн эрчим хүчний болон уулын олборлох, боловсруулах үйлдвэрүүд байгуулж ашиглах нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйг тодорхойлох бодит хүчин зүйлс бөгөөд Монгол улсын болон бүс нутгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзлэх боллоо. Энд Тавантолгой, Шивээ-Овоогийн нүүрсний, Оюутолгой, Цагаан суваргын алт, зэсийн ордуудыг онцлон авч үзэж байна.
Дэлхийн зах зээлд, үүний дотор хөрш БНХАУ-ын зэс, эрчим хүчний эрэлт хэрэгцээ зах зээл их, цаашид ч өсөх хандлагатай байгаа. Монгол улсад ашигт малтмалын болон гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн таатай орчин нэгэнт бүрдэж бий болсон зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзвэл дээрх ордуудыг эзэмших асуудал хөрөнгө оруулагчдын сонирхлыг бүр илүү татаж байна.
Тогтвортой хөгжлийн Мянганы болон Дэлхийн чуулга уулзалтаар олон улсын хамтын нийгэмлэг 2015 он гэхэд ундны цэвэр ус, эрүүл ахуйн наад захын үйлчилгээ дутагдалтай байгаа хүн амын тоог хоёр дахин багасгах энэхүү зорилт нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй гэж тодорхойлсон билээ. Энэ зорилтыг монголчууд бид 2014 онд биш одооноос, өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэхгүй бол амжиж биелүүлж чадахгүйд хүрнэ. Монгол орны говь, тал хээрийн бүс нутгийн байгаль, экологийн тогтолцоо нэн эмзэг учраас хүний үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, дулаарал, хуурайшилт зэрэгтэй нягт холбоотойгоор хөрсний элэгдэл, өвс ургамлын сийрэгжилт, элсний нүүдэл зэрэг байгаль орчны доройтол тухайн бүс нутгийг бараг бүхэлд нь хамарч, улмаар цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нь түүнтэй тэмцэх, шаардлагатай арга хэмжээ авч шийдвэрлэвэл зохих хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Гадаргын усны нөөц бараг байхгүй, газрын доорх усны ашиглах нөөц, боломж хязгаарлагдмал, жилд унах тунадасны хэмжээ дөнгөж 100 орчим мм, хуурай ангамал энэ бүс нутгийн байгаль орчны доройтлыг ямар аргаар зогсоох вэ, яаж нөхөн сэргээх вэ, хэрхэн сайжруулах вэ гэх мэт олон асуултын шийдвэрлэх үндсэн хариулт нь зөвхөн ус юм.
Зуд, ган гачиг зэрэг байгаль, цаг уурын эрхшээлд байдаг манай орны газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх төрийн бодлого, зайлшгүй шаардлага, хэрэгцээ байгаа ба тухайн бүс нутагт үр тариа, төмс хүнсний ногоо тариалж, тогтвортой өндөр ургац авахад зөвхөн усалгаатайгаар тариалах, мал сүргийг хорогдол багатай онд мэнд оруулж өсгөж үржүүлэх, түүнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд усан хангамжийг сайжруулах, тэжээлийн бат бааз буй болгох зайлшгүй шаардлага байгаа юм.
Ийнхүү Тавантолгой, Оюутолгой, Шивээ-Овоо, Цагаан суварга зэрэг ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний болон уулын олборлох, боловсруулах үйлдвэрүүд, хот суурин, хөдөөгийн хүн ам, хөдөө аж ахуйн ус хангамж, байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх, “Ногоон хэрэм“ хөтөлбөрийг тухайн бүс нутагт хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг иж бүрэн шийдвэрлэхэд эхний ээлжинд Орхон, Хэрлэн голуудад урсцын олон жилийн тохируулга хийсний үндсэн дээр урсцын зарим хэсгийг говь тал хээрийн хуурай бүс нутагт шилжүүлэн зөв зохистой ашиглах, нэгэнт хуримтлуулсан усны нөөцийг ашиглан цахилгаан эрчим хүч гарган авахад “Орхон-Говь“, “Хэрлэн-Говь“ төслүүдийн гол зорилго оршино.
Төслийн нийт ус хэрэглээ 1.6 м3/с (25,0 сая шоо метр) буюу голын дундаж урсцын 3.0 хувь, зөвшөөрөгдсөн нөөцийн 26.0 хувьтай тэнцэж байна. Энэ ус хэрэглээг голын урсцаас шууд авахгүй бөгөөд урсацад тохируулга хийж, өмнөх жилүүдэд урсан өнгөрсөн үерийн уснаас тодорхой хэсгийг усан санд хуримтлуулан хадгалж байгаад Орхон голын сав газарт усны гачиг үед голын урсцад нэмэлт тэжээл болгон өгч байх ба багахан хэсгийг нь далд яндан хоолойгоор ямар нэг ууршилт, шүүрэлтийн алдагдалгүй технологоор тогтмол авч хэрэглэнэ гэсэн ойлголт юм.