”Алт” хөтөлбөрөөс манай улс ер нь юу хожив гэдгээ дүгнээгүй байна шүү дээ. Арван жил ухлаа. Жилд 10 орчим тонн алт авдаг гэдэг тооцоо бий. Гэхдээ бас нарийн статистик байхгүй. Яагаад гэхээр 3000 тонн орчим нь хилээр нууцаар гардаг гэсэн яриа бий. Хөтөлбөр хэрэгжсэн эхний хоёр жилд нь алт аваагүй гэж тооцъё. 8 жил алт олборложээ гэж бодвол 80 тонн алт Монголбанкинд байх ёстой. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгчийн хэлснээр бол ийм хэмжээний алт байтугай ”Манай санд 500 кг алт байна” л гэсэн. Бусад нь хаачсан байх вэ. Өөрөөр хэлбэл ”Алт” хөтөлбөр өнөөдөр хэнд юу өгөв. Байгальд ямар хэмжээний сөрөг нөлөө үзүүлэв. Хэдэн гол горхи ширгэв. Газрын судал гэж байдаг шүү дээ. Тэр судал буюу алтыг дагаад бусад баялаг байдаг юм байна. Үржил шимтэй хөрсийг бий болгодог тэр зүйл чинь алт. Хамгийн үржил шимтэй газруудад алт байдаг. Ингээд алт авах гэж үржил шимтэй газраа ухсаар байтал манайд дэгддэг шар шуурганы давтамж арван жилийн өмнөхөөсөө 60 хувиар нэмэгдчихлээ.
Улсын төсөв 255 тэрбум төгрөгөөр улайлаа гээд Аудитын газар саявтар мэдээллээ шүү дээ. Яагаад 255 тэрбумаар улайчихаж байгаа юм. Одоо тэгээд хямралыг далимдуулж дахин алт ухах хөтөлбөр гаргах гэж байна. 40 тонн алтаар бид хямралыг давна гэх болж.
Бид яагаад энэ явдлыг ” жүжиг” гэж үзэж байна вэ гэхээр жишээ нь Говь-Алтай аймгийн Алтай суманд Гурван говь хэмээх дархан цаазтай уул байдаг. Энэ уулыг тойруулаад Монгол, Хятадын компаниуд, тэр байтугай нинжанууд дүүрчихсэн гэж байна. Говь –Алтай аймаг яасан ч их алттай газар юм. Тэгээд л Говь-Алтай аймгийн нутагт алт олборлох зөвшөөрлийг нутгийн бизнесмэнүүддээ олгуулахаар мөн л нутгийн улстөрчид нь лоббидсон байгаа юм. Би аймгийн иргэдтэй ярьсан. Тэгсэн чинь хайгуул нь эхлээд алтных нь нөөц мэдэгдээд ирмэгц хямрал гэдэг нэрээр олборлох зөвшөөрөл батлуулж авах гэж байна гэж яриад байна. Удахгүй Говь-Алтай руу явж, газар дээр нь очиж үзнэ ээ.
Уул уурхайн салбарыг дагаад улс орны хөгжил харагдаж байна. Гэхдээ бүхий л хөгжлийн анхдагч, суурь нь байгаль экологийн асуудал. Гал, ус мэт энэхүү хоёр туйлыг хэрхэн уялдуулах нь зөв бэ?
Байгалийг хамгаалах , нөхөн сэргээх гэдэг нэртэй их гоё хууль бий. Гэтэл энэ чухал хуулийн маань амин сүнс нь өнөөдөр манайд хийгдээгүй. Өөрөөр хэлбэл хариуцлага тооцох механизм нь алга. Жишээ нь хуульдаа байгалийг сүйтгэсэн субьект нөхөн сэргээлт хийнэ гэж байгаа. Гэтэл өнөөдөр байгаль экологийн үнэлгээ хийдэг компаниудын зарим нь ашигт малтмалын компаниудын халаасанд орчих явдал түгээмэл. Байгаль орчин хамгаалах чиглэлээр гаргасан 30-аад хууль байгаа. Гэтэл байгаль орчноо нөхөн сэргээх чиглэлийн мэргэжилтэн алга, үнэлгээ хийдэг найдвартай компани алга. Тийм учраас манайд байгаль орчны хуулиуд амьдралд жинхэнэ утгаараа хэрэгждэггүй.
Алт олборлолтын хоёр дахь үе шат гэж ярихаасаа өмнө эхний хөтөлбөрийнх нь хор хохирлыг зөв тооцох хэрэгтэй. Гэтэл үнэлгээ хийдэг хүнгүй, үнэлгээг үнэн бодитой хийх сонирхол ч байхгүй байна. Тэгээд өнөөдөр хямралыг дараагийн алт хөтөлбөрөөр л давна гэдэг байдаг. БНХАУ энэ жил нөөцийн сандаа 4000 тонн алт бүрдүүлнэ гээд Засгийн газраас нь шийдсэн. Үүний зарим хэсгийг манайхаас л авна шүү дээ.
Байгаль орчныг хамгаалах хуулийн заалтууд цаг үеийн шаардлага хангадаг уу?
Яахав ийм хууль байгаа нь их юм л даа. Ийм тийм хууль байгаа л гээд байдаг. Яг цагаа тулахаар улс төр л бүх асуудлыг шийдэж байна шүү дээ. Хэний тал хүчтэй байна, тэнд шийдвэр гаргаж байна. Тэгэхээр хууль нь хүчгүй болчихож байгаа юм. Тэр байтугай Үндсэн хуульдаа ”Газрын хэвлий ард түмний өмч” гээд тунхагласан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн заалтаар бол газрын хэвлий нь лиценз эзэмшиж байгаа хүнийх болж таарч байгаа. Тэгэхээр Хятад, Канад, Орос зэргийн компаниуд манай газрын хэвлийн баялгийг эзэмшигч болоод хувирчихлаа шүү дээ.
Уул уурхайн салбарын хөгжил ингэж хурдтай нэмэгдэж байгаа үед Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэрхэн ажиллах ёстой гэж бодож байна вэ?
Дотор нь мэдээж үнэхээр бухимдсан, тэгээд жинхэнэ мэргэжлийн мундаг хүмүүс байна лээ. Даанч тэд нарт эрх мэдэл алга. Шинэ сайд Л.Гансүхийг харьцангуй нээлттэй ажиллах байх гэж найдаж байна. Янз бүрийн арга хэмжээ яамнаас зохиох байгуулах л юм. Сайд нь ажлынхаа гүн рүү орох гээд үзээд л байдаг. Гэтэл урьд өмнө нь нэгэнт бүрэлдэж тогтсон энэ аймаар аппаратын эсрэг ганцаараа сөрж чадахгүй байгаа юм болов уу гэж заримдаа бодогддог.
УИХ-ын цөөнгүй гишүүн, сайд алтны уурхайтай шүү дээ. Өөрсдөө ийм ашиг сонирхолтой улсууд чинь тусгай хамгаалалттай газарт алт олборлохын эсрэг яаж дуугарах вэ дээ.
Байгаль орчны тухай хуульд хариуцлага гэсэн үг олон орсон. Гэтэл яг хариуцлага тооцох асуудлыг тодорхой үнэлгээгээр л гаргаж ирнэ шүү дээ. Жишээ нь, ”Бороо гоулд” компани нийт ямар хэмжээний газар орчныг сүйтгэсэн бэ гэдэг үнэлгээг хэн ч хийгээгүй байгаа. Алтыг нь авчихлаа л гэж хашгиралдаад байгаа болохоос байгаль орчинд маань ямар аюул учирсан юм, үүнийг нөхөн сэргээх зардал нь ямар байх талаар хэн ч ярихгүй байгаа.