Ярилцсан С.Энхцэцэг
Өнгөрсөн жил Монголын хөдөөгүүр аялсан америк найз маань мянган жилийн тэртээ дэлхийн байгаль иймэрхүү байсан байх гэж сэтгэгдлээ хэлж байсан юм. Сүүлд би түүнд Монголд уул уурхайн бум болж байна гэж бичсэн чинь нөгөө гоё ногоон талууд юу болох бол гэж хачин их санаа тавьж байна лээ. Байгалиа хайрлан хамгаалахад чиний миний орон гэх ялгаа алга. Үүний бас нэг тод жишээ нь Швейцарийн хөгжил хамтын ажиллагааны агентлагийн манай улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд болов уу гэж санаж байна?
Швейцарь улс бол байгаль орчноо хамгаалах асар өндөр соёл ухамсартай орон. Түүнээс гадна маш том хандивлагч улс. Бусад улс оронд туслахдаа тухайн улсаа судлан аль салбарыг нь дэмжиж тусалбал энэ улсад хэрэг болох вэ гэдгийг урьдчилан тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гарган үйл ажиллагаагаа эхэлдэг юм билээ. Манай орны байгаль орчныг хамгаалах, ядуурлыг бууруулах чиглэлд туслах нь зүйтэй гэж үзсэн хэрэг. Швейцарийн хөгжил хамтын ажиллагааны гол төслүүд байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэгддэг. Тухайлбал уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа “Тогтвортой бичил уурхай” нэртэй төсөл бий. Алтны нөөц баялагтай бүх л улс оронд гар аргаар алт олборлон мөнгө олох хүсэлтэй бүлэг өнөө хэр бий. Бидний нинжа гэж тодорхойлдог тэр хүмүүс байгалийнхаа баялгаас хүртэх, амьдралаа сайжруулах эрхтэй шүү дээ. Гагцхүү тэд холбогдох хуулийн хүрээнд, байгальд аль болох хал багатай аргаар, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. “Тогтвортой бичил уурхай” төсөл ийм орчныг хангахад нэмэр хандив болох зорилготой. Гэхдээ гадныхан туслах нэг хэрэг. Эх орныхоо байгаль экологийг хайрлан хамгаалж, баялгаа зохистой хэмжээнд нь ашиглан, эвдсэн газраа нөхөн сэргээх асуудлын эцсийн хариуцлагыг бид өөрсдөө л үүрэх учиртай. Миний хувьд бэлчээр нутгийг хамгаалахад чиглэгдсэн төслийг хариуцан ажилладаг. Ер нь байгаль хамгаалах салбарт арав гаруй жил ажиллаж байна.
Нэлээн удаан маргаж хэлэлцсэний эцэст уул уурхайн үйлдвэрлэл шуудрах замдаа орчихлоо. Уул уурхайгаа бид хөгжлийн түлхүүр хэмээн томъёолж асар их найдлага тавьж буй. Хөгжилд хөтлөх хөрөнгө босох хэдий ч нөгөө талаар байгаль ихээр сүйдэх нь. Та туршлагатай байгаль хамгаалагчийн хувьд энэ их нүргээнийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
Улс орон хөгжиж, хүмүүс амьдрал ахуйгаа сайжруулах эдийн засгийн нөхцөл бий болно гэдэг сайн хэрэг. Гэхдээ хөгжлийн явцдаа заавал анхаарч үзэх учиртай, орхигдуулж болохгүй зүйлс гэж бий. Уул уурхайн хөгжлийн замыг тойроогүй дайрсан хэр нь өнөөдөр баяжсан юмгүй байгалиа сүйтгэж баялгаа барчихсан жишээ Африкийн улсуудаас эхлээд олон. Тиймээс бид танай найзын хэлдгээр мянган жилийн тэртээхийг санагдуулам онгон төрхөөр нь хадгалж ирсэн газар нутгаа ухаж сэндийчихдээ асар болгоомжтой ухаалаг хандах ёстой л гэж хэлье. Ойрхоны жишээ гэхэд Бороо голд таван жил татвараас чөлөөлөгддөг хугацаандаа багтаад алтыг маань ухаад аваад явчихлаа. Тэнд одоо овоолсон шороо л үлдсэн. Гэтэл хэр олон монголчууд тэндээс баяжсан билээ?
Тэднийхийг нөхөн сэргээлтээ боломжийн хийсэн гэдэггүй билүү?
Би нүдээр очиж үзсэн л дээ. Яахав жаахан мод тарьж тэр нь мэр сэр ургасан харагдсан. Гэхдээ л тэндээс ургамал цэцэг алаглан, шувууд жиргэсэн хуучин төрхийг нь олж үзэх хөг өнгөрсөн байна лээ.
Алтны уурхай байгаад нөхөн сэргээж дараагийн ашиглалтдаа шилжсэн Аляскийн хэд хэдэн газраар явж үзсэн гэсэн байх аа?
Арав гаруй жил байгаль хамгааллын төслүүд дээр ажиллахдаа олон орноор явж хурал семинарт суухын зэрэгцээ тухайн орны туршлагаас харж судалж ирсэн. АНУ-ын Аляска муж төдийгүй, Австрали, Африк, Европын орнуудын нөхөн сэргээж дахин ашиглалтдаа орсон олон газрыг мэднэ. Аляскийн тэр хэсэг газар өнгөрсөн зууны турш алтны эрэлчид буюу нинжануудын нутаг байлаа шүү дээ. Ердөө овоолсон улаан шороонууд л үлдчихээд байж. Харин одоо тэнд хэдэн зуун га үргэлжлэх үндэсний том цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулж ургамал, амьтдыг нь хүртэл эргэн нутагшуулсан байна лээ. Бас ойр ойрхон хүний ая тухтай амьдрах нөхцөл бүрэн хангагдсан жижиг тосгодтой. Нөхөн сэргээлтийн өмнөх үеийн дүр зурагтай нь жишихийн аргагүй. Музейдээ тавьсан зургуудыг хараад тийм байсан гэж үнэмшихэд бэрх. Манай Өвөрхангайн Уянга сумын хуучин “Эрэл” компанийн сорчлон ашиглаж байгаад орхисон, одоо нинжа нарын эзэлсэн нутгархуу л юм үлдсэн байж. Гэхдээ тийм хэмжээнд нөхөн сэргээхийн тулд улс нь хэдэн хүнийхээ дээр үед олсон алтнаас дутахгүй их хөрөнгө зарсан байх. Маш өндөр тоо хэлж байсан санагдана.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.