Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Мазаалайн нутгийн сонин

Галсангийн Батсүх

Орон даяар хичээлийн  шинэ жилийн анхны хонх жингэнэсэн өдөр Монгол Улсын  Ерөнхийлөгчийн байгаль орчны Зөвлөх Э.Зоригт, Тамгын газрын түшмэл Н.Жаргалсайхан, Ховордсон амьтны улсын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга  О.Доржраа болон “Мазаалай сан”-гийн Гүйцэтгэгч Захирал Ш.Нэргүй нартай миний бие мазаалайн өлгий нутаг Говийн Их Дархан Цаазат газар\ГИДЦГ\-ыг зорьж нийслэлээс  мордов.

Энэ нь Баянхонгорын Баян-Өндөр, Говь-Алтайн Эрдэнэ сумын нутгийг зорьсон хэрэг. Тэнд БНХАУ-ын Ганьсу мужтай хил залгаа манай Говь-Алтайн Хатан суудлын хилийн цэргийн застав бий.  Улаанбаатараас аргагүй л алс, тэгээд ч зам харгуй нь бас амаргүй болохоор энэ хязгаарт хөл тавьсан нийслэлчүүд олон биш болов уу.  Үзэсгэлэн төгөлдөр заг, сухай, тооройн шугуйт говь, алдарт баян бүрдүүд,  хавтгай, тахь, мазаалай, аргаль угалз, янгир зэрэг ховор амьтны нутгийн тухай дуулж, сонсож л байснаас биш нүдээр үзэж, зүрхээрээ мэдрэх завшаан эдүгээ хүртэл тохиогоогүй байжээ.

Нийслэлээс гарч давхисаар Хөгнө Хааны өвөр дэх  “Хоёр Загал” хэмээх иж бүрэн тохижилттой жуулчны баазад хонож, маргааш нь үүрийн цолмонтой уралдан аян замдаа гарлаа. Замын дагуух намар цагийн байгалийн үзэсгэлэн  төгөлдрийг “үгээр хэлж, үзгээр бичиж” баршгүй. 

Арвайхээрийн өргөн шаргал талыг туулж, Өшгийн бор нурууны хормойг хэдэрч, цэнхэрлэн угалзлах Түйн голын бургаст хөндийг гэтэлж, Их, Бага Богдын хүрэлгэр нуруудыг даван Баян-Өндөр сумын төв дээр нар жаргаж буйтай уралдан дөрөө мултлав. Энэ өдөр 1000 орчим км зам туулжээ. Тус сумын албаны зарим хүмүүстэй мазаалайн тухай яриа хөөрөө үүсгэв. Гэвч тэднээс сонссон зүйлс хомсхон. Харин “нинжа” нар жилээс жилд сүрэглэн нэмэгдэж мал, ан амьтны бэлчээр нутгийг түрэмгийлэн эзэлсээр байгааг харамсан ярихдаа бямба, ням гариг бүрт сумын төв  нийтээрээ “металь эрэгч”-ээр зэвсэглэн алтны эрэлд гардаг тухай яриа хавчуулсан нь социализмын үеийн “субботник”-ийг өөрийн эрхгүй сануулав.

Харин ГИДЦГ-ын дарга Б.Мижиддорж \Мижээ\ биднийг энд угтаж ирсэн учраас зорьсон хэрэг явдлыг маань бүтээх “юмны эзэн, сумны занги”-тай болов хэмээн олзуурхан баярлаж хонов.  Баян-Өндөр сумынхан лааны гэрэлд  амь зууж буй нь их Нацагдоржийн “Хуучин хүү”-гийн үеийг  санагдуулснаас гадна эм, эмнэлгийн үйлчилгээ ч тааруухнаас жирэмсэн эхчүүдээ 300 км тээвэрлэн Баянхонгорын төвд амаржуулдаг тухайгаа гаслан ярьж байгаа нь XXI зууны эхэн үетэй хэрхэн уялдаж байгааг ойлгоход бэрх санагдав.

Есдүгээр сарын 2-ны тунгалагхан шаргал өглөө ургах нартай уралдан мордож Зармангийн говь, Долооны хоолойн заган шугуйг хөндлөн туулж, Эдрэнгийн нурууны хярын гүний худаг, сухайт хөндийг шувт уруудаж, Нарийн Хөхийн нурууны урд хормойг ороож, Цэнхэр номингийн говийн хэсэгхэн цагаан шал дээгүүр гулсан өнгөрч,  алдарт Сэгс Цагаан Богдын алсын бараанд “Сэгс цагаан богдод сэтгэл байвал жаргал байна аа” гэж зүрхэндээ шивнэсээр  Хөх төмөрт, Хатан суудлын нурууг ширтэнгээ Шар хулсны нурууны  зүүн бэлд орших “Хөтөл ус”-ны баян бүрдэд хүрмэгц аян замын алжаал шууд сарниж  мазаалай олж харахын хүслэнд умбав.

ГИДЦГ нь 1975 онд анх байгуулагдахад Улаанбаатараас томилогдон ирж гал голомтыг нь асаасан тус Газрын анхны дарга Доржраа гуай байгаль орчны салбарт алба хашсан 35 жилийнхээ ихэнхийг энэ нутагт өнгөрөөжээ.
Энэхүү ДЦГ нь Говь-Алтай, Баянхонгор аймгуудын таван сумын нутгийг хамарч нийт 5.3 сая га талбайг эзэлдэг бөгөөд дотроо “А” болон “Б” хэсэгт хуваагддаг.   Олон Улсын Шим Мандлын нөөц газрын шүлжээнд 1991 онд бүртгэгдсэнээс гадна Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх судалгааны ажил одоо хийгдэж байгаа гэж Мижээ танилцуулав.
   
Мижээ, Доржраа гуай хоёр биднийг хөтлөн Дархан цаазат газрыг танилцуулж явахдаа дэлхийг нөмөрч буй дулаарал, хүний үйл ажиллагаанаас шалтгаалан дархан газар бүхэлдээ, түүний дотор баян бүрдүүдийн ургамал, амьтны орчин улам бүр сүйдэж буйг  харамсан ярьж байлаа. Мижээгийн ярьснаар бол энэ Дархан газрын нутаг дэвсгэрт бараг 30 мазаалай, 500 орчим хавтгай, 800 гаруй аргаль угалз, 600 орчим янгир, 1800 гаруй хар сүүлт зээр, 70 гаруй ирвэс, 100 орчим шилүүс болон 1500 гаруй хулан амьдардаг аж. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”  болохоор манай Мижээ эрхбиш  мэдэж байгаа гэж Доржраа гуай дэмжив.  Үнэн бол энэ зэргийн байгаа нь азаа гэж дотроо олзуурхлаа.

Гэхдээ Цэнхэр номингийн говийн загийн ногоон шугуй, Захуй, Зармангийн сухайт хөндий, Эдрэнгийн нурууны өвөр хормой, Цэнхэр болон Хавтгайт уулсын хяр, Хатан суудлын садаргаануудын зээргэнэ, тоорой, бударгана зэрэг бутлаг ургамал нь тусгай хамгаалалттай газрын эрх ямбыг 1975 оноос хойш эдэлсэн гэдгээ нотлох мэт намар цагийн гоёмсог өнгөөр нүдний хараа булааж байсныг дурдахгүй өнгөрвөл нүгэл болно. Замын дагуу ганц нэг хавтгай, хааяа нэг хар сүүлт харагдаж нүд   баясгасан нь Мижээгиийн яриа ортойг сануулах мэт. Энд элсний нүүдэл,  цөлжилт харьцангуй бага байгаа нь “дархлан” хамгаалж байгаагийн үр дүн. Харин Монгол Улсын хуулиас гадуур оршин тогтнодог “нинжа” нар өнгөрсөн жилээс Дархан газарт дайлаар ирж аюул занал учруулж эхэлсэнтэй тэмцэхээр ГИДЦГ-ын захиргаанаас буу шийдэм, мотоциклтэй харуул гаргасан ч үр дүн бага гэнэ. Энэ намаржингаа энд, тэнд дуулдаад байгаа буун дуу энэ хавьд битгий гараасай гэж залбирах л үлджээ.

Баянбүрд ядуурах замд

Баянбүрд гэж юу вэ? Говь цөл газарт ховор таарах булаг шанд, цөөрмийг тойрон  орших ургамал, амьтны аймгийн өвөрмөц бөгөөд хязгаардмал тогтоцтой газрыг хэлэх байх.

Баянбүрдийн амин сүнс нь ус. Амьд ус бол говь цөлд алтыг ч үл орлох эрдэнэ. Усаар баян Улаанбаатарынхны хувьд Алтайн цаадах говьд очиж үзэхгүйгээр усны үнэ цэнийг ойлгоход бэрх.
Бидний дөрөө мулталсан эхний  баян бүрд бол “Хөтөл ус” гэж дээр дурдсан. Тэнд намрын тослог шар нар хөх тэнгэр, хүрэлгэр уулсын  завсарт жаргахаасаа өмнө түр үдэлж байв. Ан амьтны оройн идэш, ундны цаг таарсан учир бид ягаан цэцэгт сухайт сайрыг явгалан туулж  ойролцоох хэц дээрээс баян бүрдийг амьсгаа хураан дурандлаа. Гэвч мазаалай, хавтгайн бараа ч үгүй, элээ, хэрээ, шаазгай, шонхор, бор болжмор ч харагдахгүй, эл хуль.  Дархан газрын захиргаанаас бодлогоор мазаалайд зориулж байршуулсан тэжээлийн жижигхэн цэг л уйтгарлангуй торойж харагдана.   Бид анир чагнан алхсаар баян бүрдийг туулж эхэнд нь гарлаа. Энд сэрэвгэр хадан цохион доорх элсэн эргээс ундаргатай байсан булгийн хуурай гольдролыг Мижээ зааж толгойгоо сэгсрэн гаслав. Өнгөрсөн хавар энэ булаг амьд байжээ. Дэргэд нь “хулангийн ус”-ны ором л үлдэж. Энэ нь хулан газар цавчин малтаж чийгтэй элс гаргасны ул мөр аж. Тэд аргаа барахдаа нойтон элсээр ийнхүү амаа норгодог гэнэ.

Зориг зөвлөх зогсоо зайгүй зураг авах зуураа Доржраа гуайг түмэн асуултаар булж байгаа сонсдоно. Нэргүй маань усны талаар зовнин  худаг гаргах асуудлыг Мижээтэй дахин дахин “нухаж” ярилцаж  байгаа бололтой. 
 Тэжээлийн цэг дээр очлоо. Ховоо сав нь хов хоосон. Хавар дөрөвдүгээр сараас хойш тэжээл нэмж тавиагүй гэнэ. Дэргэд нь судалгаанд зориулж мазаалай барьдаг төмөр хайрцган хавх, үс ноосных нь дээжийг  авах зориулалттай өргөстэй төмөр утсан тор   л барсайж харагдана. Мижээ   гүйхээрээ очин  газарт хэвтэж байсан нэгэн жижгэвтэр төхөөрөмжийг шүүрч авсан нь гэрэл зургийн автомат аппарат байж. Ус, тэжээлийн эрэлд ирсэн мазаалай тэрхүү шидэт “зүйл”-ийг амталж үзэхээр шийдэж шон дээрээс нь алгадаж унагасан нь тэр. Харин түүнийг няц гишгэж орхиогүй нь азтай.  Мазаалайн шинэвтэр мөр ч алга. Харин хулан, зээрийн мөр цөөн харагдана. Тэд усанд ирээд хоосон буцаж дээ гэж бодохоос өрөвдмөөр.

Дараа нь Цагаан Бургастын баян бүрдэд нэг цаг орчим явж хүрэв. Тоорой, хайлаас, бургасан шугуйт энэ бүрдийн намар цагийн өнгийг нэрлэж  үл барна. Уран зургийн түмэн өнгө ч энд дутах буйзаа. Энд  буумагцаа Доржраа гуай, Мижээ нарын “нүд нь орой дээр”-ээ гарав. Учир нь үргэлжийн мөнхөд ундарч байсан сэрүүхэн хар горхи  оргүй алга болжээ. Хув хуурай. Явуулын бид ч яахав, Улаанбаатараас савтай ус тээж яваа нь авралтай. Харин суугуул мазаалай, хавтгай, хулан, зээр яах вэ?  Энэ усыг бараадуулж мазаалайд бас нэг тэжээлийн цэг байрлуулжээ. Усанд ирсэн мазаалай энд тавьсан хорголжин тэжээлд амархан дассан гэнэ.

Гэвч өнөөдөр энд тэжээл ч алга, ус ч алга. Бургасан шугуй руу явгалан шургаж усны чийг олж үзэх санаатай нэлээд бэдэрлээ. Тэнд оронгуут машин тэрэгтэй, хүмүүс далд орж бараа тасрав. Доржраа гуай газарчлаагүй бол мань мэт нь тэндээ төөрч хоног тойруулж мэдэх байв. Ийм л том, бас өтгөн, тэгээд зарим газраа харанхуй шугуй. Баян бүрдийн жинхэнэ төрх тэр ажгуу. Бидний   замд мазаалайн ганц нэг мөр тааралдаж урам сэргээв. Тэдгээрийг мөрдөж мацсаар хуурайшсан горхийн эхэнд гарлаа. Усны үнэр ч алга. Цагтаа энэ горхи дуутай шуутай урсдаг байсан гэж Доржраа гуай шүүрс алдан дурсав. Дахин сэргэх ямар ч найдваргүй бүрмөсөн тасран оджээ. Харин буцах замдаа мазаалайн баас олж бид хоёр чихэр үзсэн хүүхэд шиг баярлалдав. Гэхдээ аль зургадугаар сарынх байна гэж Мижээ дүгнэв. Ус нь ийнхүү ширгэж төрөл арилжсан Цагаан бургастын баянбүрдийг ан амьтан, жигүүртэн шувуу, хорхой шавьж ч орхин дайжжээ.   Бид дор дороо дуугаа хурааж гүн бодолд дарагдсан нь эдгээр баян бүрдийн өнөө­гийн байдал,   ирээ­дүй,  урга­мал, ан амьтных нь хувь заяанд зовсных. Эндээс   хөдөлж Шар хулс­тын баян бүрдэд үнэгэн харанхуйгаар бууж майхнаа татав.
 
Маргааш нь үүрээр босоцгоож Зараа хайрханы орой, түүний өмнөх саруул талд нар мандахыг харах зуураа Шар хулстын бүрдийг  дурангаар нэгжиж мөнөөх л мазаалайгаа олж харахын эрэлд зүдрэв. Энд ундны устай учир найдлага төрүүлсэн юм л даа. Шугуйд шургасан хүйтэн хар булаг, цэнгэг бөгөөд ундарга сайтай задгай горхи хоёр  энэ бүрдийн амин судас аж. Эргэн тойронд оноож нэрлэх аргагүй түмэн янзын өнгөнд хувирсан намар цагийн өвс ургамал чимэгтэй харагдаж хулс, хайлаас, тоорой өрсөлдөх мэт тэнгэр лүү цоройн ургажээ. Энэ өтгөн  шугуйд хавтгай, хулан зэрэг том туурайтан байсан ч олж харахад бэрх аж.  Мазаалайн хувьд бүр ч амаргүй. Гэхдээ л  үүрээр усанд орж ирэх амьтан цөөнгүй бий гэж горьдсоор бид нар  дээр гартал суусан боловч энэ удаа аз дутлаа.

Горхи дээр очлоо. Сайхан амттай цэнгэг ус байна. Эргэн тойронд хавтгай, хулан, зээр, бас мазаалайн шинэвтэр мөр дүүрэн. Нүд сэргэж, сэтгэл баясав. Шар хулст нь одоохондоо баян бүрд хэвээрээ байгаа нь энэ. Харин дээр дурдсан баян бүрдүүд хоосорчээ. Ийнхүү Говийн Их Дархан газрын хуучин цагийн алдарт баян бүрдүүдийн захаар дөнгөж ороход л “ядуурах”-ын ирмэгт тулсан нь харагдаж байна. Хойч үе маань  эдгээрийг “ядуу бүрд” гэж нэрлэх цаг үе ирэх вий гэж бодохоос зүрх шаналах юм.
Баян бүрдүүд ийнхүү ядуурвал Дархан цаазат газар маань сүйрэлд хүрнэ.


Мазаалай домгийн амьтан уу
 
Мазаалайд “алгадуулсан” дээрх аппаратыг үзвэл Эдрэнгийн нуруу хавийн эдгээр баян бүрдийн эргэн тойронд цөөн тооны мазаалай амь зууж байгаа нь домог биш бодит гэдгийг нотлох хангалттай баримт хальсанд буужээ. 
Үүний өмнөх тэмдэглэлдээ мазаалайн тухай дэлгэрэнгүй хуваалцсан болохоор энэ удаа зөвхөн цөөн баримт, шинжилгээ, судалгааны зарим мэдээ түшиглэе.
Өнгөрсөн зуны зургаа, долдугаар сард энэхүү бүрдийг эргүүлж хоол, ундаа залгуулж байсан 3 мазаалайн зан араншин, үйл хөдлөлийн тухай тэдгээр зургууд өгүүлж байна.

Энд үнэг, хярс болон хэрээний зураг ч бас үлджээ. Тэд бас л хоол, усны эрэлд л ирсэн хэрэг. Хар хүрэн зүстэй залуувтар, хүрэндүү өнгөтэй дунд насны эм, нэлээд бүдүүн бөгөөд цайвар хүрэн зүстэй хөгшивтөр мазаалайн янз янзын зураг үлджээ. Тэд гол төлөв шөнө, эсхүл үүрээр ирж тэжээлийн цэгийн ховоог онгичиж дуусгаад, бас тэжээл урсан гарч ирэхийг сахиж горьдон хэвтсээр нар мандмагц холдож оддог аж.  Тэр үед эндэхийн булаг шандын ус нь ширгээгүй байсан бололтой. Нэг нь бүр тэжээлийн савны дор орж хэвтээд хоёр савраараа түүнийг малтаж байгаа зураг ч үлджээ. Хэрэв модон сав байсан бол эвдэлж доторхийг нь “шалгах” нь байна шүү. Үүнээс үзэхэд тэд тураалд орж үрэгдсээр байгаа нь тодорхой. Учир нь түүний гол тэжээл нь болох хармагийн жимс, бажууныг бид эрээд ч олсонгүй. Хармагийн бут элбэгдүү байгаа ч жимслээгүй нь хачирхалтай.
Хоол эс олдвол  үрэгдсэн амьтны сэг, туулайн бүжин, чичүүл зэрэг жижиг мэрэгчид, гүрвэл, шавьж барьж иддэг гэнэ. Гэхдээ өлсгөлөн, тамирдаж сульдсан мазаалайд баригддаг мэрэгчин ч хаана тэнэж явах билээ.   Өнгөрсөн онд энд барьсан тэжээлийн модон амбаарыг эвдэлж дөрвөн шуудай тэжээл “хулгайлж” идсэн байсан гэж Мижээ энэ хооронд ярьсан юм.

Үүнээс гадна тэр бүдүүн шар шармаахай хошуугаа газар тавин унтаж байхад нь нэг хэрээ түүнийг сахин сууж байгаа зураг бас байна. Тэр хэрээ бэлэн хоол гарах нь хэмээн баярлаж суугаа нь тэр биз. Ер нь мазаалай ингэж харангадан үхэж хэрээ завшдаг нь цөөн биш гэдгийг энэ зураг нотлоод байгаа юм биш үү. Ус, хоолны эрэлд энэ хавийн уул, нуруудыг хөндлөн гулд туулсаар гурингатан үхэж байгаа мазаалайн тоо толгойг хэрээ, элээ  хоёр л гадарлаж байгаа байх.
 Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдгийг дашрамд тэмдэглэе. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлдэг.   Баавгайн судлалаар мэргэшсэн япон эрдэмтэн Майта Казухико мазаалайг аврах, хамгаалах талаар “Мазаалай сан”-тай хамтран ажиллаж байгаа юм. Түүний нотолж байгаагаар бол өлсгөлөн, ангаж цангасан мазаалайн ороо ордоггүй учир үржлийн үйл явц тасарч эвшүүд хээл авдаггүй аж. Хээл авсан ч гэсэн биеийн чалх муутай өлсгөлөн эвш үрээ амархан зулбадаг гэнэ. Хээл тогтож төрлөө ч гэсэн аламцаг нь сул дорой биетэй, амьдрах чадвар султай гарч үхдэг, эсхүл чоно, нохойн зоог болдог байна. Мөн ч амаргүй байгаа биз.     

Мазаалай нь хүн алмас, эсхүл луу шиг үлгэр домгийн амьтан биш гэдгийг төр, засаг маань бас гадарладаг болоод удаагүй байна. Тиймээс ч төсвийн хөрөнгөөр мазаалайг гаршуулан үржүүлэх байр, шинжилгээний лаборатори санхүүжүүлэх зэрэг   арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай.
Мөн гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй “Говийн баавгай” төслийн хүрээнд нийт 11 мазаалайд сансрын болон радио хүзүүвч зүүн тэдний хөдөлгөөнийг судалж байгаагаас гадна бусад жижиг сажиг судалгаа эхэлж байгаа тухай Мижээ ярьсан.   

Эдгээр судалгааны зарим дүн, олон жилийн ажиглалтаар дээрх баян бүрдүүд нь манай орны мазаалайн үндсэн нутаг гэдэг нь тогтоогджээ. Тоо толгойн хувьд олон арван жилийн дунджаар 20-30-ын хооронд хэлбэлзэж байгаа нь зарим судлаачдын үзэж байгаагаар нэгд, нутаг орны болон байгаль, цаг агаарын даац, хоёрт, энэ тооноос илүү өсч үржих боломжгүй төрөл зүйл гэдэгтэй төдийлэн холбоогүй болов уу. Харин жилийн жилд ус, хоолны эрэлд тэнүүчилсээр сульдаж, хүн болон техникт хөөгдөн Сэгс Цагаан богдоос Атас ингэс хүртэлх уул, нуруудыг хэрж бэдэрсээр ихэнх нь өлсгөлөнд үрэгдэж, үр төлөө алдсаар байгаа нь дээрх хэмжээний тоо толгойнд эргэлдэхэд хүргэж байгаа гэвэл үнэнд дөхнө. Өлгий нь болсоор ирсэн гурван  баян бүрдийн хоёр нь “нүдээ аньсан” нь мазаалайн хувьд асар том эмгэнэл юм.
Цагаан богдоос Атас уулын хоорондох газарт нийт 15 цэгт тусгай сав байршуулж тэжээл тавьдаг болсноос хойш мазаалайнууд тэдгээр цэгүүдийг хэсдэг дасалтай болжээ. Гэхдээ зөвхөн өвөл, хавар л тэжээл тавьдаг бөгөөд зун, намарт нь “бие даалгадаг” байна. Зуд, гантай жилийн зун, намар тэд эдгээр цэгүүдийг ээлжлэн хэсэж, тэдгээрийг сахин хэвтсээр “бухын доодохын харсан үнэг”-ний үлгэр болдог ажээ.
Үүнээс гадна дотоод, гадаадын зарим эрдэмтэн мэргэд сүүлийн арваад жил судалсаар байгаа ч эдүгээ хүртэл гаршуулах, эд эсийн түвшинд ангилал зүйг тодорхойлох, дүгнэлт гаргах, үр удмын санг авч хадгалах, гадаадын нөхцөл сайтай амьтны хүрээлэнд түр шилжүүлэн хадгалах зэрэг бодит үр дүнд хараахан хүрээгүй л байна. Судалгааг олон жилээр хийх нь төслийн санхүүжилтыг хадгалах, түүнээс цалинжих нь хувь хүмүүсийн сонирхолд нийцэж байж болно. Гэхдээ судалсаар байтал өнөө хэд маань мөхчихвөл дахиж хаанаас олох вэ? Иймд хамгаалах, үржүүлэх талаар бодит арга хэмжээ авахыг Монгол орны хойч үеийн эрх ашиг шаардаж байна.
Говийн хөөрхөн баавгайгаа одоо л арчлан хамгаалах талаар нийтээрээ эрвийж дэрвийхгүй бол хэдхэн жилийн дараа мазаалай сөнөж жинхэнэ ёсоор үлгэрт л үлдэх нь. Үр хүүхэд, хойч үедээ, дэлхийн олон нийтэд юу гэж тайлбарлах вэ?  Тахийг гадаадаас зөөн авчирч дахин нутагшуулснаар 20 жил болж байна. Энэ нь хангалттай сургамж биш гэж үү? Мазаалай гадаадад гараагүй байгаа. Манайд байгаа нь мөхвөл Бурхан дахиж Монголд мазаалай хайрлах болов уу?

Эхний ээлжинд одоохондоо ундны устай байгаа Шар хулстын баянбүрдэд тэжээлийн олон цэг  шинээр байрлуулж жил тойрон чанар сайтай тэжээлээр хангах нь мазаалайн ихэнхийг тэнд татан төвлөрүүлэх боломж олгох магадлалтай. Нэгэнт ийм нөхцөл бүрдвэл уг бүрдийг хашаалж хамгаалах талаар дорвитой арга хэмжээ дэс дараалалтай авах нь олон талын ач холбогдолтой ажил болно.    
Алтайн цаадахь Говийн Их Дархан Цаазат газрын захаар ороход л ийм байна.   Тэндэхийн баянбүрдүүд ус, ургамал, ан амьтнаа алдсаар үгүйрч ядуурч буй үйл явц, мазаалайн зовлонгийн тухай бодлоо хуваалцахыг зорьсон минь энэ.

                    2010-09-12
                    Шар хулстай-Улаанбаатар