Ярилцсан Э.Сайхантуяа
Уул уурхайн үйлдвэрлэл дагасан байгаль орчны нөхөн сэргээх ажлын Монгол болоод гадны улс дахь өнгө төрх хийгээд энэ чиглэлд тулгамдаж буй асуудал, цаашид хийх өөрчлөлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбаттай ярилцлаа. Их сургуулийн багшийн бие даасан үүргээс яамны чухал асуудал эрхэлсэн даргын суудал руу шилжээд удаагүй түүнийг салбарынхан нь хатуу самар гэж нэрлэдэг төдийгүй байгаль орчин, нөхөн сэргээлтийн чиглэлээр дорвитой үр дүн дуулгана гэж найддаг юм билээ.
Дөнгүүрээс дээш үнэлгээ авах компани Монголд байхгүй
Уур уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн ажлын 2010 оны тайлангийн дүн ямар байгаа вэ?
2010 оны хувьд ярихад нэлээд хүнд. Бид Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг шинэ хуулийн давхацлаас шалтгаалан энэ жил батлаагүй. Тиймээс нөхөн сэргээлтийн тайлан 2010 оны хувьд манай яаманд ирээгүй.
Тэгвэл зөвхөн энэ жилийн тухайд гэлгүйгээр нөхөн сэргээлтийг зохих ёсоор нь хийсэн хэчнээн компани байдаг тухай тооцоо бий юү?
Маш цөөхөн, би хуруу даран хэлж чадна. “Бороо гоулд”-ын нөхөн сэргээлтийг сайн гэж хэлэх хүмүүс бий. АНУ-аас ургамлын үр авчирсан. Гэхдээ бид харь ургамлын үрийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. “Монполимет”, “Шижир алт”, Багануурын уурхай гээд хуруу дарам хэдхэн компани нөхөн сэргээлт хийсэн. Яахав хийсэн л дээ, гэвч яг стандартын дагуу шалгуур хангаж хийсэн нь маш ховор.
Жил бүр Байгаль орчин, уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургуулилалт гэж болдог юм. Тэр үеэр аж ахуйн нэгжүүд хийсэн ажлаа танилцуулдаг. Гэхдээ миний хувьд дээр дурдсан хэдэн аж ахуйн нэгжийг арай дөнгүүр нь гэж хэлж чадна. Хүн харахад тодорхой ажил хийсэн, байгалийг ногооруулж чадсан хэдий ч миний болон яамны шалгуурт үнэхээр хүрэхгүй.
Манай улс дахь нөхөн сэргээлт, ялангуяа уул уурхайн салбарын нөхөн сэргээх ажлын нүүр царайг Та хэрхэн дүгнэх вэ?
Ер нь нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн гэж хоёр үе шаттай хийдэг. Харин Монгол орны уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд яаж нөхөн сэргээдэг вэ гэвэл ухсан нүхээ дарж булаад түүн дээрээ олон наст ургамлын үр цацах ажил л хийж байна. Манайхны гаргадаг гол алдаа нь өнгөн хөрс суулгачихаад дээр нь үетэй ургамлууд, мод, бутлаг ургамал тарьчихдаг.
Хөрс, ургамлын харилцан зүй тогтол дэлхийн ямар ч газар нутагт байдаг л асуудал. Маш нарийн судалчихаад эргээд нөхөн сэргээлтийн технологио боловсруулж гаргадаг. Гэтэл манайхан хөрсийг нэг тусад нь, ургамлыг бас тусад нь арчилчихаад, хоёуланг нь нийлүүлчихдэг. Үнэн хэрэгтээ хөрсний шинж чанар уул уурхайн үйлдвэрлэлийн дараа бүрэн хэмжээгээрээ өөрчлөгддөг юм. Энэ мэтийн олон асуудал байгаа. Тэр бүгдийг бид гүйцэд тооцож гаргах ёстой байтал өдий болтол, сүүлийн 15-20 жилд хийж чадаагүй л байна.
Яг үнэндээ нөхөн сэргээлт, ялангуяа уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь бидний төсөөлдгөөс огт өөр ойлголт юм шүү дээ.
Тэгвэл нөхөн сэргээлтийг ном горимынх нь дагуу хэрхэн гүйцэтгэх ёстой талаар хэлж өгөөч?
Уул уурхайн ажил эхлэхээс өмнө тухайн талбайд хэдэн жил, хэр хэмжээний тоног төхөөрөмжөөр, ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа тодорхойлж, түүндээ тохирсон нөхөн сэргээлтийн аргачлал, стандартыг явуулах ёстой юм. Улмаар 10, 20, 30, 50 жилийн дараа уул уурхайн үйлдвэрлэлээ явуулж дуусаад тухайн газартаа хаалт хийж, нөхөн сэргээсний дараа орон нутагт хүлээлгэж өгөх ёстой. Ингэхдээ ганц бодолцох зүйл нь нөхөн сэргээж дуусаад тухайн орон нутагт хүлээлгэж өгсний дараа тэр газрыг чухам ямар зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах вэ гэдгийг зөв тооцоолж, бодох хэрэгтэй. Малын бэлчээр байх юм уу, тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд оруулах, эсвэл аялал жуулчлалын цогцолбор байгуулах болон бусад чиглэлээр ашиглах эсэхээ тооцсоны үндсэн дээр нөхөн сэргээлтээ тохируулж хийх ёстой. Тэгэхгүйгээр ухсан нүхээ булж орхиод, дээрээс нь хэдэн ургамал тарьчихдаг ийм л төрх манай уул уурхайн салбарт байна.
Уул уурхайн ажил эхлэхээс өмнө биш юм гэхэд олборлолттой зэрэгцээд нөхөн сэргээлтэд нь анхаарах ёстой. Тэгэхээр манай улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж буй одооноос энэ асуудалд хяналт тавих хэрэгтэй биз?
Монгол улсад өнгөрсөн 15-20 жилд нөхөн сэргээлтийн асуудал хойрго, хяналтгүй явж ирсэн нь үнэн. Тиймээс бид энэ байдлыг цэгцлэхээр ажиллаж байгаа. Энэ ажлын хамгийн гол бас нэгэн асуудал бол хаалтын нөхөн сэргээлт байдаг. Энэ бол том, жижиг ялгаагүй уурхай болгонд тавигддаг шаардлага. Бид яг одоо уул уурхайн томоохон компаниудад энэ асуудлыг хүчтэй тавихгүй бол өмнөх жилүүдийн алдаагаа эргэн давтах болно. Өнгөрсөн жилүүдэд хаалтын нөхөн сэргээлтийн ажлыг дэндүү хяналтгүй орхисноос үүдэн одоо л гэхэд эзэн биеийн холбогдогчгүй, эвдэрч сүйдсэн газар маш их байна.
Үйлдвэрлэл дөнгөж эхэлж буй өнөөгийнх шиг үед чухам аль хэсгийн нөхөн сэргээлтийг голчилж анхаарах хэрэгтэй вэ?
Олборлолт эхлэх үед нэн тэргүүнд өнгөн хөрсийг хуулдаг. Өнгөн хөрс гэдэг хамгийн үржил шимтэй давхарга юм. Манайхан бол өнгөн хөрсийг хусаад овоолоод л орхичихдог. Гэтэл тэр овоолж орхисон шороо нь тав, арван жилийн дараа гэхэд ямар ч үржил шимгүй хөрс болж хувирна. Шороон овоолго л гэсэн үг. Гэтэл түүн дотор хэдэн сая микро организм үржиж, нөгөө ялзмагт үеийг чинь барьж байдаг юм. Тэрийг бид яаж хамгаалж үлдэх вэ гэдэг манайхны хувьд огт ойшоодоггүй асуудлуудын нэг.
Бидний байнга жишээ татдаг Америк, манай хөршүүд болох ОХУ, БНХАУ, Азийн бусад орнуудад өнгөн хөрсийг овоолдоггүй юм байна. Өнгөн хөрсийг тодорхой зузаантайгаар өөр хөрсөн дээр аваачаад хадгалчихдаг. Энэ тохиолдолд янз бүрийн бодисын солилцоо, микро организмын үржил, ургамал ургах нөхцөл нь аяндаа бүрдчихдэг байна. Улмаар хэдэн жил өнгөрлөө ч нөгөөх үржил шимтэй сайхан хөрс нь хэвээрээ байж л байна. Дахиж аваад өөр газарт сэлгэж тавьдаг. Харин тухайн үед түүний доод талын өнгөн хөрс нь илүү үржил шимтэй болчихсон байдаг. Тэгээд мөн л сэлгэнэ. Энэ хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа явагдаж л байдаг. Эхнийхээ газруудыг уул уурхайн үйлдвэрлэлээс чөлөөлөөд ирэхээр нөхөн сэргээлтээ явуулдаг жишиг тэдгээр улсад байна.
Нөгөөтэйгүүр манайд хөрсний бүтэц, зохион байгуулалт, ялангуяа физик, химийн шинж чанар, түүний доод талын чулуулгийн үе шатны нягтралын асуудлыг орхигдуулж хаядаг. Нөхөн сэргээж байна гээд шороогоор булж, дээрээс нь бульдозероор тэгшилсэн болоод л орхичихдог. Гэтэл жинхэнэ стандарт нь тийм биш ээ. Анх байсан байгалийн зүй тогтол, нягтрал, физик, химийн шинж чанарыг нь зөв бодож тооцоолох ёстой. Тиймээс уул уурхайн томоохон үйлдвэрлэлүүд гараагаа авч эхэлсэн энэ цаг үед нөхөн сэргээлтийг нь ч мөн давхар хянах ёстой юм.
Эхний стандарт газрын тосны олборлолтын үеийн
нөхөн сэргээлтийн асуудлыг зохицуулна
Компаниуд нөхөн сэргээлтийг нүд хуурсан маягаар хийгээд орхидог нь салбарын мэргэжлийн байгууллагуудын хяналтгүй ажиллагаатай шууд хамааралтай биш гэж үү?
Нөхөн сэргээлтийн арга аргачлал, стандарт үндсэндээ манай оронд хоцрогдчихоод байна. Хэдийгээр 2008 онд гаргасан Уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартууд байдаг ч тэр нь зөвхөн алтны шороон ордод тохирсон стандарт юм. Гэтэл өнөөдөр уул уурхайн үйлдвэрлэл Монгол Улсад маш өргөн хүрээтэй явж байна. Уран, хүдрийн олборлолт л гэхэд ашигт малтмалыг тэр чигт нь аваад явчихдаг, дараа нь маш том карьерууд үлддэг. Бид тэднийг яах ёстой юм. Дээрээс нь гүний уурхайнууд олноороо байна. Тэгвэл гүний уурхайд нөхөн сэргээлтийг яаж хийх ёстой юм. Энэ бүх үйлдвэрлэлийн нөхөн сэргээлтийг нэг стандартаар хянаж байна гэсэн үг. Тиймээс бид эдгээрийг задлаад тус бүрийн стандартаар нь баталж, мөрдүүлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Ашигт малтмалын төрөл, олборлох техник технологийн онцлогоос хамаарч нөхөн сэргээлтийг өөр өөр түвшинд хийх шаардлагатай байдаг. Бид одооноос энэ зарчимд шилжих хэрэгтэй байна. Уул уурхайн хөгжил эрчимжиж эхэлж байгаа үед арай ч хоцорчихоогүй байна. Харин одоо л бид түрүүлж алхах хэрэгтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд бид дандаа хоцорч, араас нь гүйцэх гээд л зүтгээд байсан. Шаварт суусан машин шиг дугуй нь тэр дороо хий эргээд явсан. Тиймээс одоо л бид маш хурдан өмнө нь гарах ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд энэ концепцийг барьж байгаа. Бид ч гэсэн өөрсдийнхөө түвшинд Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрийг одоо шинэчлэх гэж байна. Зарим чухал хэрэгцээтэй өөрчлөлтүүдийг ч хийж байгаа.
Дээр хэлсэнчлэн нөхөн сэргээлтийн дараа тухайн газрыг ямар чиглэлээр үргэлжлүүлэн ашиглах зэргийг нь цогцоор оруулсан стандарт боловсруулж байгаа. Тухайлбал, малын бэлчээр гэхэд л бид цогцоор нь судлах ёстой. Тэр бүс нутагт ямар ургамал зонхилж байсныг тогтоогоод улмаар тэр ургамлыг нь нөхөн сэргээлтэд түлхүү ашиглах, үрийг нь хэрхэн арчилж, цаашлаад суулгацыг нь яаж бүрдүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр стандартаа боловсруулах ёстой.
Нарийвчилсан стандарттай болно гэдэг чихэнд чимэгтэй сонсогдож байна?
Миний барьж байгаа бодлого юу вэ гэвэл ерөөсөө уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн асуудлыг огт өөр түвшинд гаргаж тавих ёстой. Дэлхий нийтийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа бүх орон нөхөн сэргээлтийн асуудлаа тодорхой хэмжээгээр цэгцэлж чадсан. Одоо бид энэ асуудлыг цэгцлэхээр сууж байна.
Стандартуудаа олон улсын түвшинд хүргээд өндөрт тавьж чадах юм бол уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн асуудал жигдэрчихнэ. 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн ач холбогдолгүйгээр бараг аяндаа шийдэгдчих юм. Олон улсын түвшний стандартаа гаргаад тавьчихсан байхад түүнийг давж чадах аж ахуйн нэгж л манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг болно. Тодруулбал, байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн стандартыг үнэлчихсэн нөхцөлд түүнийг тооцоолж, ашигтай гэсэн үндэслэлийг гаргаж ирсэн аж ахуйн нэгж л ажиллаж чадна. Харин түүнийг давж чадахгүй аж ахуйн нэгж зүрхшээгээд энэ салбар руу орж чадах ч үгүй.
Засгийн газрын үндсэн чиглэлд байгаа Ашигт малтмалын бага нөөцтэй газрыг ашиглахыг хориглоно гэсэн заалт ч мөн хэрэгжчих юм шүү дээ. Стандарт, журмыг зөв голдиролд нь оруулчих юм бол тэртээ тэргүй аливаа бизнес зөв замаараа яваад өгнө. Дэлхийн улс орнуудын барьдаг бодлого энэ. Үндсэн хууль тогтоомж нь байрандаа байж байдаг, харин салбар хуулиуд нь маш хурдан өөрчлөгдөж байдаг. Олон улсын түвшний стандартыг давж гарч чадах уул уурхайн салбар тэртээ тэргүй хөгжинө.
Хамгийн түрүүнд аль салбарын нөхөн сэргээлтийн стандарт бэлэн болох вэ?
Ашигт малтмал, уул уурхайн үйлдвэрлэл тус бүрт нь тохирсон нөхөн сэргээлтийн стандарт боловсруулна гэж дээр хэлсэн. Хамгийн эхэнд буюу ирэх оны эхээр Газрын тосны салбарын нөхөн сэргээлтийн стандартыг боловсруулж гаргахаар ажиллаж байна.
2011 онд бид Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулна. Энэ найруулга ёсоор маш өндөр шаардлагуудыг тавьж байгаа. Байгаль орчны холбогдолтой бүх хууль тогтоомж, ялангуяа хяналт, шалгалтын тухай хуульд хариуцлагын тогтолцоо маш бага байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд энэ асуудлыг маш өндөрт тавина. Тэр шаардлагыг давж чадах компаниуд үйл ажиллагаа явуулна.
Ганц уул уурхайн салбар ч бус дэд бүтэц болон бусад төсөл, аж ахуйн нэгж, химийн бодистой харьцдаг үйлдвэр гээд бүгдийг нь стандартаар зөв голдиролд оруулж, өөр түвшинд гаргах ёстой. Нэг эхлүүлээд ажлын ард гарсан хойно харин нөхөн сэргээлтийн асуудал ярихад бардам, амархан байх болно.
Таны хэлээд байгаа стандартууд батлагдсаны дараа байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил хэзээнээс үр дүнгээ өгөх боломжтой бол?
Эдгээр асуудлыг зохицуулж, горимонд нь оруулж чадах юм бол ойрын таван жилдээ Монгол орны байгаль орчны асуудал нэлээд өөр болно. Гэхдээ байгалийн өөрийнх нь зүй тогтол нарийн түвэгтэй учир хурдан өөрчлөгдөх асуудлыг ярихад хэцүү.
Олон улсын түвшний шинэ стандартын дагуу шалгаж хянах сайн мэргэжилтэн, шинжээчид манайд бий юү?
Мэдээж бид стандартаа гаргасны дараа сургалт зохион байгуулна. Гэхдээ бурууг бусдаас биш бид өөрсдөөсөө ч хайх хэрэгтэй. Яагаад гэвэл бид Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг үнэхээр учир дутагдалтай баталдаг нь үнэн. Үүнийг ирэх жилээс шинэчилж, өөрчлөлт хийнэ. Шалгаж, хянах мэргэжилтнүүдээ ч сайтар бэлтгэнэ.
Говийн баянбүрдийг 4-5 жил л ашиглуулна
Нөхөн сэргээлтийн ажил явуулах гадны улсын туршлагаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?
АНУ-ын “Пибоди” гэдэг дэлхийн хэмжээний нүүрсний маш том компанийг бид мэднэ. Тэдний олборлолт явуулж байсан газарт очиж үзсэн. Арван жилийн өмнө энд бид уул уурхайн үйлдвэрлэл явуулж байсан гэж танилцуулж байна. Тэгээд тухайн газар нутгийн арван жилийн өмнөх хэв шинжийн зураглалыг бидэнд үзүүлсэн. Гайхалтай нь, арван жилийн өмнө, хойно байгаа хоёр төрх нь яг ижил байна. Модыг нь тарьж, голын урсацыг өмнөх шиг голдиролд нь оруулан урсгаж чадсан байсан.
Хамгийн гол нь тэднийг үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө төрийн байгууллагууд нь хяналтаа тогтоож, бүх зураглалыг нь үйлдээд “Та бүхэн үйлдвэрлэлийн дараа энэ газрыг орон нутагт хүлээлгэж өгөхдөө яг энэ хэлбэрт оруулсан байх ёстой” гэсэн шаардлага тавьдаг байгаа юм. Хөрс ургамлын харьцаа, тэнд зонхилж байсан ургамлын бүлэг, хөрсний усыг барьж чаддаг бутлаг ургамлуудыг нь тарь гэх зэргээр стандартлаад өгчихдөг. Улмаар энэ ажлыг гүйцэтгэхэд уурхайнуудад бүхэл бүтэн баг ажилладаг. Гэтэл манай уул уурхайн ихэнх компанид 1-2 хүнтэй байгаль орчны мэргэжилтэн, эсвэл томоохон хэдэд нь 30 хүнтэй баг ажиллаж байна. Тэгээд ч тэдний одоо хийж байгаа ажлыг би нөхөн сэргээлт гэж хэлж чадахгүй.
Тэр битгий хэл, АНУ-д эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан станцууд нь хаана байрлаж байна гээч? Томоохон голын хоёр салааны дундах арал дээр байрлаж байна. Яндангаар нь гарч буй утаа цагаан өнгөөр суунаглаж буйг харвал шүүлтүүр нь маш өндөр түвшинд ажиллаж байж таарна. Тийм ч учраас гол бохирдох вий гэж айж, санаа зовох зүйлгүй ажиллуулж байгаа шүү дээ. Техник технологийг нь стандартын дагуу шахаад ирэхээр үйл ажиллагаа нь ч аяндаа дагаж хөгжинө, цэвэршинэ.
Жишээ болгож байгаа гадны улсуудад төрийн байгууллагын хяналт хүчтэй, шударга байдаг учраас уул уурхайн үйлдвэрлэл ч ил тод, эрүүл явагддаг. Харин манайд энэ тогтолцоо үнэгүйдэж байгаагаас ялангуяа уул уурхайн салбарт иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой сүүлийн жилүүдэд хүчтэй сонсогдох болсон. Гэвч чухам ямар үр дүнд хүрсэн нь одоогоор харагдахгүй байна?
ТББ-уудын хувьд нөхөн сэргээлт ч бай, бусад бүх үйл ажиллагаанд оролцох ёстой. Тэд л бидний гар хөл болж, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, чадавхийг нь бэхжүүлэхэд анхаарч, туслах учиртай юм. Гэтэл асуудал шал өөр түвшинд хүрчихээд байна л даа. Дээр хэлээд байгаа стандартыг баталсны дараа хяналтыг зөв тавих ёстой. Орон нутаг чадавхжсан байх хэрэгтэй. Нэг зүйлийг цэгцлэхээр хөдөлгөх үед нөгөө хэсэг нь заавал бусад хүчин зүйл болж ороод ирдэг. Тэгэхээр бидний тэдэнд хамгийн түрүүнд хэлдэг үг бол “Та нар орон нутагт төрийн захиргааны төв байгууллагын хүрч чадахгүй байгаа газарт очиж ажиллах ёстой. Орон нутгийн Аялал жуулчлалын газар, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын газар гээд ер нь бүх түвшинд нь хүрч ажиллах, хяналтаа тавих ёстой. Энд бидний бодлогын асуудалд оролцож байснаас тэнд очиж, чадавхжуул, хяналтаа бэхжүүл. Тэнд байгаа ард иргэдэд байгаль орчин, уул уурхайн техник төхөөрөмж, үйл ажиллагааны талаар мэдээлэл сайн өг” гэж хэлдэг. Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг ч мөн тийш нь чиглүүлж байгаа. Өнөөдөр жирийн малчин энэ талаар зөв ойлголттой болчихвол хамтраад бүх ажлыг зохицуулах боломжтой.
Таны бодлоор Монгол орны байгаль, экологид тулгамдаж буй хамгийн хурц асуудал юу байна вэ?
Ирээдүйд бидэнд ашигт малтмал олборлох нь чухал биш, харин усны хувьд гачигдалд хүрэх аюул нүүрлээд байна. Говийн айл усгүй болчихвол яах юм бэ? Бүгд нүүдэллэж эхэлнэ, улмаар эзэнгүй говь улам л хуурайшиж, цөлжилтөд нэрвэгдэнэ шүү дээ.
Нэн тэргүүнд бид усныхаа асуудлыг тавих ёстой. Газрын доорх усыг хэмнэж, бага зарцуулалт, зөв хэмнэлттэйгээр ашиглах хэрэгтэй байна. 20-30 жилийн дараа дэлхийн улс орнуудын хуурайшилтаас болоод усны нөөц үгүй болоход Монгол орон энэ нөөцөө хадгалаад үлдсэн байх учиртай. Ирээдүй, бидний хойч үе түүгээр ундаалах ёстой шүү дээ. Нөгөө талаас газрын дээрх усны сүлжээг маш хурдан өргөтгөх ёстой.
Яаж өргөтгөдөг юм бэ?
Тэр маш хялбархан. Дэлхийн улс орнууд энэ ажлыг аль хорин жилийн өмнөөс хийж эхлээд дийлэнх нь дууссан. Жишээ нь Москва хотын дээрээс онгоцоор буухад 27-30 гадаргын том усан сан байдаг. Хур тунадасны илүүдэл усыг нь хадгалаад авчихдаг юм. Усан сангууд их байгуулсан нөхцөлд уур амьсгал нь маш хурдан зөөлөрч, тэнд байгаа биологийн төрөл зүйлүүд идэвхтэйгээр үржилд орж, нэг ёсондоо амьдрах нөхцөл нь сайжирч байна гэсэн үг. Манай говь хээрийн бүсэд дутагдаж байгаа нөхцөл гэсэн үг. Говийн бүсэд газар доорх усан сан байгуулж болно. Харин ой хээрийн бүсэд гадаргын усан сан байгуулах боломжтой.
Уул уурхайн томоохон үйлдвэрлэлүүдэд шаардлагатай усны хэрэгцээг говийн баянбүрдээс хангана гэж тогтчихоод байна. Тэгэхээр Таны ярьж байгаа говийн гүний усны нөөцийг хадгалах, хамгаалах санаа энэ шийдвэртэй зөрчилдөж байна?
Яг одоогийн нөхцөлд үнэхээр хэцүү байгаа учир бага хэмжээгээр ашиглуулъя гэж ярьж байна. Гэхдээ 4-5 жил л ашиглана, түүнээс урт хугацаагаар ашиглуулж чадахгүй. Говийн бүсэд хэдэн зуун мянган жилд хуримтлагдсан цэвэр, хайран усыг бид арчилж, хамгаалж үлдэх ёстой. Тэгэхээр түүний тэжээгдлийн бүсийг хамгийн түрүүн хамгаалалтад авах ёстой. Улмаар усны тэжээл сайтай өнөөх бүсээсээ урагш нь ус татах хэрэгтэй юм. Гэхдээ ил биш, далд шугам хоолойгоор дамжуулах хэрэгтэй.
Усны эх үүсвэр бүрдүүлэх өөр шалгарсан ямар аргууд байдаг вэ?
Бидний гол зориод байгаа зүйл нь Монгол орны усны эргэлт, чийгийн хөдөлгөөнийг зөв зохицуулах ёстой. Энэ нөхцөлийг бүрдүүлж болох нэг санаа бол өндөрлөг болон говь хээрийн бүс, уул нуруудад газрын геминатор суулгадаг юм. Тэр нь ион цацруулж үүлэнд очоод үүл хуралдах нөхцөлийг бүрдүүлдэг. Ион нь задарч молекулуудыг өөртөө татаж, үүл үүсгэж байна гэсэн үг. Энэ нь бэлэн үүлийг гадагш өөр бүс руу алдчихгүйн тулд үүлэнд хиймлээр нөлөөлж байгаа хэрэг юм. Ийнхүү байгалиас илүүдлээр унаж байгаа усыг бид барьж тогтоох ёстой. Энэ үйл ажиллагааг олон улсад маш хурдан хийчихсэн. Хойд, өмнөд хөрш гэхэд энэ ажиллагаандаа хэдийнэ гаршчихсан, манай руу барагтай бол үүл оруулдаггүй. Манайх ч мөн адил ийм зохицуулалт хийх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.