Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Байгальд нөлөөлөл багатай эрчим хүчний эх үүсвэр: НҮҮРС

Ногоон хүрээ

ММJ сэтгүүл нэгэн шинэ булангаар баяжин Танд хүрэх болсныг дуулгахад таатай байна. Салбарын хүрээн дэх ногоон үйл явдлын өрнөл, хандлагын мэдээний дээжийг агуулсан “Ногоон хүрээ” булан нь сар бүр тогтмол гарч байх болно. Уул уурхайн амьдралын салшгүй хэсэг болсон нөхөн сэргээлтийн жишээ, шийдэл болон байгаль дахь нөлөөллийг бууруулах шинэ технологи, улс орнуудын хэрэгжүүлж буй болон хэлэлцэн төлөвлөсөн салбарын хүрээний ногоон бодлого, үйл ажиллагааны товчтой шинэ булангаар дамжуулан танилцаарай. 


Coal-Mac байгалийг дээдэлж байна
АНУ-ын зүүн хэсэг дэх нүүрсээр баялаг нутаг нь Виржиниа мужийн хамгийн үзэсгэлэнт газруудыг хамардаг. Ил уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь  дан ганц  байгаль орчны стандартыг ягштал баримталсан үйл ажиллагаагаар хязгаарлагддаггүй ажээ.  Жинхэнэ амжилттай нөхөн сэргээлтийн төслүүд нь байгалийн сайхныг тухайн орчинд зохилдуулж чадсан үзүүлэлтээрээ андашгүй байдаг.

АНУ-ын нүүрсний магнат Arch-Coal-ын салбар компани Coal-Mac нь баруун Виржиниагийн Минго, Логаны нутагт үйл ажиллагаа явуулсан ил уурхайдаа нөхөн сэргээлт хийж байх явцад нь тэдний үлгэр жишээ ажлыг хэд хэдэн байгууллага сайшаан үнэлжээ. Тэдний  ажил нь “Уул уурхай бол түр  зуурын газар ашиглалт юм” гэсэн тус компанийн философийн тусгал нь болдог.  Зөв төлөвлөлт, газрын үр дүнтэй менежмент нь эдийн засгийн өгөөжтэй уул уурхай, амжилттай нөхөн сэргээлт хоёрыг хослуулан “цогцлооход” эрхэм дээд суурь нь болдог.

Нөхөн сэргээлтийн ажлыг шуудхан хэлэхэд “хамгийн доод ёроолоос” эхлэх ёстой гэж тэд үздэг. Өөрөөр хэлбэл тухайн газрыг тэгшилж, дүүргэх ажлыг уурхайн хамгийн доод цэгээс эхлүүлж, улмаар өндөрлөг хэсгийг байгуулах юм. Энэхүү арга ажиллагаа нь хүрээлэх орчин дахь нөлөөллийг багасгаж, уурхайн ашиглалтын үеэс нөхөн сэргээх хүртэлх жигд хэмнэл бүхий шилжилтийг баталгаажуулдаг. Ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийж буй тэдний ажлын гол суурь бол компанийн байгуулсан цөөрөм, багахан налуулагтай зөөлөн хөрс бүхий газар, хөрсний эвдрэлийг багасгах зориулалтаар тавьсан өвс, чулуугаар хүрээлсэн усан зам зэрэг юм.

Хангайн амьтдыг идээшүүлэн цуглуулахын хамтаар бэлчээрийг сайжруулахын тулд тухайн хэсгийг цэцэрлэгжүүлэх ажилд компани онцгой анхаарчээ. Coal-Mac нэг наст, олон наст ургамал болон жимсний бут, тэр дундаа цагаан агч, нарс, интоор, царс г.м. мод ургамлыг суулгажээ. Тус компани нөхөн сэргээх ажлынхаа үргэлжлэл хэсэгт нутгийн байгууллага, ард иргэдийг оролцуулжээ.  “Орон нутгийн скаут” байгууллагын гишүүд амьтдыг тэдний нутагт идээшин нутагшихад нь туслах зорилгоор тус компанийн цөөрмийн орчимд 321 шувууны үүр барьж өгчээ. Түүнчлэн цөөрмийн дундах арал нь усны шувуудад таатай оромж болдог. Шинэ үүр зэрлэг цацагт хяруул, канад галуу, зэрлэг нугас болон бусад олон төрлийн амьтдыг цуглуулжээ. Нутгийнхны малладаг үхэр, адуун сүрэг өдгөө өндөр өвстэй хэсгээр бэлчиж байна. Энэ бүх ажил, идэвх санаачлагаараа тус компани мужийн агентлагуудаас 10 удаа сайшаал хүртсэний дотроос АНУ-ын Дотоод хэргийн яамнаас гурван удаа хүндэтгэлийн шагнал хүртсэн байна. Мөн байгаль орчны болон салбарын байгууллага, тухайлбал Хязгааргүй нугаснууд, Зэрлэг цацагт хяруулын холбоо, Баруун Виржиниагийн нүүрсний ассоциаци зэргээс тус компанид байгалиа сэргээх хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлснийх нь төлөө шагнал олгожээ.

“Талархал, хүндэтгэл хүлээсэн ажилтнуудаа харахад таатай байна. Тэд бол эдийн засгийн үр ашигтай, байгалилаг, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар дэлхийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад манай байгууллага тусалж чадна гэдгийн эерэг баталгаа болсон хүмүүс” хэмээн Arch Coal-ын Ерөнхийлөгч John W.Eaves хэлжээ. Arch Coal нь үндэсний хоёр дахь томоохон нүүрс олборлогч юм. Компанийн гол бизнес нь АНУ-ын цахилгаан станцуудад шаталт сайтай, хүхэрлэг багатай сайн чанарын нүүрс нийлүүлэх явдал юм. Компани өнөөдөр АНУ-ын цахилгаан станцуудын хэрэгцээний 8 хувийг хангаж байна.


Эх сурвалж: Америкийн уул уурхай, нөхөн сэргээлтийн
нийгэмлэгийн албан ёсны хэвлэл Reclamation Matters

 

Байгальд нөлөөлөл багатай эрчим хүчний эх үүсвэр: НҮҮРС

Нүүрсний хэрэглээ, нөөц чухамдаа
Цаг уурын өөрчлөлтийг өдөөгч болсон хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулахаар өгсөн амлалтаа улс орнууд дор бүрнээ биелүүлэхээр чармайж буй цаг үед нүүрсний хэрэглээ аажимдаа буурна гэсэн таамаглал олон хүнд байгаа нь эргэлзээгүй. Нүүрсээр дэлхийн эрчим хүчний 27 хувийг, харин цахилгааны 41 хувийг хангаж байна. 2006 оны байдлаар нийт улс орны нүүрсний хэрэглээ 6.74 тэрбум тонн байсан бол 2030 онд дурдсан хэмжээнээс 48 хувиар өсч, 9.98 тэрбум тонн болох тооцоог АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба //U.S.EIA/ гаргажээ. Дэлхийн нүүрсний ассоциацийн /WCA/ мэргэжилтнүүд нүүрсний хэрэглээний өсөлтийн хандлага энэ байдлаараа өсвөл 116 жилийн эрэлтийг хангах нөөцтэй гэж үзэж байна. Мэдэгдээд буй тоо баримтаар дэлхийд ойролцоогоор нүүрсний нэг триллион тонн олборлох боломжтой нөөц байдаг ажээ.

Нүүрс ба дэлхийн дулаарал
Нүүрсний цахилгаан станцын агаарт дэгдээх хүхрийн хүчил, азотын хүчил, мөнгөн ус зэрэг нь хүн, байгальд хөнөөл учруулдаг, түүнчлэн дулаарлыг идэвхжүүлэгч хүлэмжийн хийн эх үндэс гэдгийг бүгд мэднэ. Дэлхийн аж үйлдвэрийн тэргүүлэх улс орон болох Их 20-ын удирдлагууд чулуулаг түлш, тэр дундаа нүүрсний салбарт олгодог татаасаа бууруулах тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү тохиролцооны хүрээнд чулуулаг түлш хэмээх нүүрс, газрын тос, байгалийн хийн салбарт олгох 300 тэрбум орчим ам.долларын татаасыг цуцлахаар төлөвлөж буй ажээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолж буйгаар чулуулаг түлшний татаасыг ийнхүү танаж эхэлснээр дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2050 оны байдлаар 10 хувиар бууруулна гэж тооцоолж байна. Гэхдээ нүүрсний байгальд хөнөөл багатай технологийг хөгжингүй улс орнууд хэдийнэ нэвтрүүлж эхэлсэн нь нүүрс улирах болоогүйн нэг нотолгоо юм. Өөрөөр хэлбэл гол асуудал нь нүүрсний технологийн шинэчлэлийг дэмжин, эхлүүлэх цаг иржээ.

Гарц: Нүүрсний “ногоон шилжилт”
Нүүрсний цахилгаан станцаас ялгарах нүүрсхүчлийн хийг агаарт дэгдүүлэлгүйгээр, хөрсөнд хадгалах аргыг улс орнууд хамтран эрэлхийлж байна. Энэхүү технологийг олон улсад CCS буюу нүүрсний “Carbon capture and storage” технологи хэмээн нэрлэдэг. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлж буйгаар уг технологийн ачаар нүүрсний шаталтаас ялгарах хийг 84 хувиар бууруулах боломжтой болоод буй ажээ. Ийнхүү нүүрсний ногоон технологийн эрин нэгэнт эхэлжээ. Нүүрсийг АНУ “Байгалилаг, Эдийн засгийг эрчимжүүлэгч, Эрчим хүчний баталгаат” шийдэл хэмээн үзсээр. Ерөнхийлөгч Обама “Нүүрсний цэвэр технологи нь АНУ-ын эрчим хүчний баталгааг хангах нэгэн зүйл байх болно” гэжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн /IEA/ мэдээлж буйгаар, сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд CCS-ын томоохон хэмжээний 80 гаруй төсөл болон судалгааны ажилд нийтдээ 36 тэрбум ам.доллар зарцуулжээ. Австрали, Шинэ Зеланд улс хамтран энэхүү технологийг илүү сайжруулахаар судалж байна. Гэхдээ CCS технологи нь шинэ зүйл биш бөгөөд 1960-аад оны эхэн үеэс буюу нүүрснээс нүүрс хүчлийн хийг нь ялгаж аваад хөрсний гүнд шингэн эсвэл хатуу төлөвт байдлаар хадгалах энэхүү аргыг туршиж эхэлжээ. 

CCS технологийн сул тал болон боломж
2007 оны байдлаар дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ 29.3 тэрбум тонн байв. Гэхдээ энэ нь хүлэмжийн хий бус зөвхөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ юм. АНУ-ын Эрчим хүчний яам улсынхаа нутаг дэвсгэрийн нүүрсхүчлийн хий хадгалах геологийн нөөц буюу чадамжийг 3.6-12.9 триллион тонн гэдгийг тогтоожээ. Энэхүү судалгааны тооцоогоор 500 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг 30 жилийн турш ажиллуулах хугацаанд ялгарсан нүүрсхүчлийн хийг нь CCS технологиор хөрсний гүнд хадгалахад 1103 шоо километр газар шаардлагатай ажээ. Эрдэмтэд хий хадгалах газрынхаа “геологийн агуулахыг” 60.9 метрийн зузаантай байна гэж тооцжээ. Хэрэв зузааныг нэмэгдүүлбэл газрын тархац хэмжээ урвуу харьцаагаар буурах нь ойлгомжтой юм. Норвегийн байгаль орчны ТББ Bellona-гийн судалгааны дагуу 2050 он гэхэд CCS технологийн ачаар дэлхийн нүүрсхүчлийн ялгарлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой ажээ. CCS технологийг стандартын дагуу мөрдөж ажиллавал байгальд ямар ч нөлөөлөлгүй гэж үзэж буй бөгөөд илүү хямд өртөгтэй болгох боломжийг судалгааныхан эрэлхийлж байна.  Технологи нь өндөр үнэтэй байгаа учраас одоохондоо цахилгаан станцууд CCS технологи суурилуулахад хөрөнгө оруулахаас татгалзаж байна. Учир нь уг технологийг нэвтрүүлэх төслийн “нөөцлөх” нэг тонн нүүрсхүчлийн хий тутмын үнэ нь 70 еврогийн өртөгтэй. Харин дэлхийн улс орнуудын компаниуд одоогийн байдлаар ялгаруулсан нүүрсхүчлийн хийн нэг тонн тутамдаа төлөх ёстой татвар нь 20 евро байгаа юм. Тэд эсвэл хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах үүргээ давуулан биелүүлсэн компанитай тохиролцоод зөрүүг нь худалдаад авчихна, “ногоон хамтрагчаа” олж чадахгүй бол зүгээр л татвараа төлчихнө. Технологи, үйлдвэрлэл, стратегийн асуудлаар зөвлөх үйлчилгээ эрхэлдэг McKinsey компанийн хийсэн судалгаагаар бол CCS технологийн нэг тонн нүүрсхүчлийн хий тутмын үнэ нь 2020 он гэхэд 35-50 евро болохоор байна. Харин EU Emission Trading Scheme буюу “Европын холбооны Ялгаруулалтын худалдааны төлөвлөлт” байгууллагынхан энэ үед технологийн үнэ 30-48 евро болно гэж үзэж байна.

Монголын хувьд CCS технологи нь тогтвортой хөгжлийг дэмжигчийн үүргээр дэлхийн зах зээлд оролцох боломжийг нээх болно. Ирэх 40 жилд хөгжингүй орнууд энэхүү технологи бүхий төслүүдэд тэрбум биш, триллион ам.доллараар яригдах хөрөнгө оруулалт  хийх тооцоог Олон улсын эрчим хүчний агентлаг гаргаад байна. Тиймээс CCS технологи, сэргээгдэх эрчим хүчний технологи аль аль нь хурдацтайгаар зэрэгцэн хөгжсөөр.

Б.Төгсбилэгт