Малайзийн Паханг мужийн нийслэл Кuantan хотоос 25 км-ийн зайд Австралийн газрын ховор элемент олборлогч “Lynas” корпораци боловсруулах үйлдвэр нээхээр бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард үйлдвэр ашиглалтад орох ёстой. “Lynas” корпораци нь Австралид газрын ховор элементийн “Mount Well” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уурхайгаасаа олборлосон баялгийн зарим хэсгээ Малайз дахь үйлдвэртээ тээвэрлэн авчирч, метал боловсруулан, “технологичдод” нийлүүлэхээр төлөвлөж буй юм.
Гэвч нутгийн иргэд боловсруулах үйлдвэрийн хаягдал хүрээлэн буй орчинд ноцтой хор хөнөөл учруулна гэж эсэргүүцэж байна. Иргэд боловсруулах үйлдвэрээс гарах их хэмжээний торий /thorium/-н агуулгатай хаягдал байгаль орчныг цацрагаар хордуулна гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Lynas” цацраг идэвхт хаягдлыг газрын гүнд найдвартай булна гэж байгаа ч иргэд итгэхгүй хардаж байна. Торий нь цацраг идэвх бүхий химийн элемент. Эрдэмтэн Дэвид Муддын үзэж буйгаар, компани төлөвлөгөөний дагуу ажиллавал жилд 22 мянган тонн газрын ховор элементийн оксид боловсруулахад 90 мянган тонн торийн хаягдал давхар “үйлдвэрлэх” ажээ.
Гэвч “Lynas” хог хаягдлын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөгөө одоо хэр нь нийтэд танилцуулаагүй байгаа юм.
Парламентын гишүүн Fuziah Salleh өнгөрсөн дөрөвдүгээр сард “Бусад улс орон хүн амын эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг нь харгалзан газрын ховор элемент боловсруулах үйлдвэр байгуулахаас зайлсхийж байхад манай улс Австралийн компанид 12 жилийн татварын хөнгөлөлт олгож байна” гэж иргэдэд хандан хэлжээ.
Үүний дараа тус улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 22-нд үйлдвэрийн аюулгүй байдлыг шалгуулахаар хараат бус шинжээчдийн зөвлөлийг ажиллуулахаар болсноо мэдэгдсэн юм. Шинжээчид нэг сарын турш хяналт хийх бөгөөд шалгалт дуусах хүртэл “Lynas”-ын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. 10 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг зургадугаар сарын 3-нд ажилдаа оржээ. Шалгалтын комисс зургадугаар сарын 30-нд тус улсын Засгийн газарт 10 асуудал бүхий зөвлөмж өргөн барьсан байна. Тэд “Lynas” олон улсын цацрагийн аюулгүй байдлын стандартыг мөрдөн ажиллаж байгаа ч зөвлөмжид багтсан 10 зүйлийн шаардлагыг зайлшгүй биелүүлэх ёстой гэдгийг онцолжээ. Энэхүү зөвлөмжид хаягдлын менежментийн урт хугацааны төлөвлөгөө болон үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг нөхцөлүүд багтжээ. Засгийн газрын төлөөлөл энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхэд “Lynas”-т жил орчмын хугацаа хэрэгтэй гэж мэдэгдсэн ч тус компани 2011 оны сүүлээр үйлдвэрийг ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй хэвээр байгаагаа мэдээлжээ.
Ард иргэд Ерөнхий сайд Нажиб Разакаас боловсруулах үйлдвэрийн төслийг нэн даруй зогсоохыг шаардсаар байна.