“Өмнөд говийн бүсийн газрын доорх ус дараагийн 10-12 жилийн хугацаан дахь уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг нөхөж чадна хэмээн олон улсын судалгааны байгууллага дүгнэжээ. Нэг үгээр, өнгөрсөн он жилүүд говь нутаг дахь гүний усны өсөх нас байжээ гэвэл ирэх 10-12 жил идэр нас, түүнээс цаадах хугацаа хижээл, өтөл, өндөр нас, цаашлаад мөхлийн үе болж таарах нь” гэж MMJ өнгөрөгч дугаартаа өгүүлжээ. 2020 он гэхэд говь нутагт жил тутам ашиглах шаардлагатай 400-450 мянган метр куб буюу 450 орчим сая литр усны хэрэгцээг хэрхэн хангах нь юу юунаас илүү бэрхшээлтэй асуудал болоод буй. Өнгөрөгч дугаартаа бид уншигч Танд говийн бүс дэх уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг газрын доорх усны нөөцөөр хангаж болох боломжуудын талаар өгүүлсэн бол энэ удаад гадаргын усны нөөцийг ашиглах Засгийн газрын үзэл баримтлал, төслүүдийн үе шат ямар түвшинд явж байгаа талаар дэлгэрүүлэхийг зорèлоо.
Гадаргын усыг ашиглах нь өмнөд говийн бүсийн усны нийт хэрэгцээг хангах боломжит хоёр аргын нэг. Говь нутаг өөрөө гадаргын тогтсон ус, гол, мөрөнгүй учир бусад аймгийн нутгаас өмнөд говийн бүс рүү дамжуулан зөөвөрлөхөөс аргагүй. Одоогийн байдлаар бидэнд дуулдсан нь “Хэрлэн говь” болон “Орхон говь” төслүүд бий.
“Хэрлэн говь” төсөл
Говийн бүсийн усны хэрэгцээг хангах нэг арга хэмээн үзэж 2007 оны эхээр Ц.Шаравдорж тэргүүтэй УИХ-ын тухайн үеийн гишүүд “Хэрлэн говь” төслийг санаачилсан. Улмаар усны асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын дунд төслийн судалгаа эхэлж, сураг тасрах хүртлээ тоотой хэдхэн баримт, тооцоо боловсруулсныг энд танилцуулъя.
Хэрлэн бол манай орны хамгийн урт голуудын нэг. 1090 км үргэлжилсэн олон улсын хэмээх тодотголтой. Ус хураах нийт талбайг нь 116.455 ам км гэж үздэг. Хан Хэнтийн өврөөс эх аван 240 км даялсаар Далай нуурт цутгаж, хоёр улсын хил дамнан урсдаг ба ус нь гол мөрөн, нуур тойром байдлаар гадаргад ил байхаас гадна газрын доор их хэмжээтэйгээр хуримтлагддаг. Нөгөөтэйгүүр, гол орчмын агаарын найрлагад чийг болон үүл манан байдлаар их хэмжээний ус оршдог бөгөөд эдгээр ус нь байнга шилжин өөрчлөгдөж, бие биеэ тэтгэх зохилдлогоотой. Яг үүнтэй адилаар мөнх цас нь гол мөрөн, харин мөнх цасыг хур тунадас тэжээдэг нь Хэрлэн голын усны нөөцөд чухал ач холбогдолтой бас нэгэн зохицол аж. Улмаар Монгол орны хамгийн урт, хамгийн томд тооцогдох цөөхөн хэдэн голын нэг болох Хэрлэнгээс шугаман хоолойгоор дамжуулан говийн бүс рүү ус зөөвөрлөх нь төслийн зорилго. Энэ хүрээнд 540 км урттай хоолойг говийн бүс дэх уул уурхайн үйлдвэрлэл төвлөрсөн газар, тухайлбал Шивээ-Овоо, Сайншанд, Замын-Үүд рүү татаж, тэдгээрээс салаалуулан Цагаансуваргын орд руу мөн хоолойгоор дамжуулан ус зөөвөрлөхөөр төлөвлөсөн байдаг. Товчхондоо бол, Хэрлэн голоос говийн бүс рүү секундэд 1500 литр ус дамжуулан зөөвөрлөнө гэсэн үг.
Гадаргын усыг ийн хол зайд дамжуулж зөөвөрлөх туршлага манай улсад байхгүй. Хэрлэн голоос говь хүртэл шугаман хоолой тавихад зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг 2005 онд боловсруулсан удаатай. Тухайн үед төслийн үнийг 400 сая ам.доллар гэж тооцож байсан бол 2008 оны үнээр 500 сая ам.доллар болж өссөн байдаг. Мөн жил бүрийн үйл ажиллагаа болон урсгал засварт дунджаар 230 сая ам.доллар шаардлагатай. Тэгвэл 2008 оноос хойш барилгын материал, эрчим хүч, бусад дагалдах хэрэгслийн ханш хэрхэн нэмэгдсэнээс тооцож үзвэл төслийн өнөөгийн хөрөнгө оруулалт мөн хувиар өсөх нь ойлгомжтой. Хэрэгжүүлбэл, уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээнд томоохон дэмжлэг болохоос гадна говийн бүсийн газрын доорх усыг үгүйрч, шавхагдахаас аврах томоохон ач холбогдолтой гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Гэвч төслийн үйл ажиллагаа одоогоор зогсчихоод буй.
“Орхон говь” төсөл
Архангайгаас эхлээд нэлээд аймгийн гол Орхонд цутгалтай. Мөн л Монгол орны хамгийн урт хийгээд томоохон талбайг хамардаг гол. Орхоны хөндий хавийн усны сүлжээний нягтшил нь нэлээд бага буюу 0.02 км/км2 орчим байдаг байна. Голын урт 1123 км үргэлжилдэг бол ус хураах талбайн нийт хэмжээ нь 132 мянган ам км. “Орхон говь” төслийн хүрээнд 740 км урттай шугаман хоолойг Тавантолгой, Оюутолгой руу татаж, тэдгээрээс салаалуулан Мандалговь, Даланзадгадыг усаар хангах зорилготой. Ингэхдээ Орхон голоос секунд тутам 2500 литр усыг говийн бүс рүү дамжуулахаар төлөвлөөд байгаа.
Ер нь “Хэрлэн говь”, “Орхон говь” төслөөс гарах нийт усны 50 хувийг уурхай болон үйлдвэрийн хэрэгцээнд, 30 хувийг усалгаатай газар тариаланд, үлдсэн хэсгийг унд, мал аж ахуй болон байгаль орчны усны хэрэгцээнд ашиглахаар тусгасан. Усны төвийн тооцоолсноор, 2020 он гэхэд өмнөд говийн бүсийн усны хэрэгцээ секунд тутам 6000 литр болно гэж үзсэн байдаг. Улмаар нийт хэрэгцээний 400 литр/секундыг “Хэрлэн говь”, “Орхон говь” төслөөс, үлдсэн хэсгийг газрын доорх усаар хангана гэж төлөвлөжээ. Гэвч өнөөдрийн байдлаар говийн усны хэрэгцээ секундэд 10 мянган литр болж өсчихөөд байна. Томоохон уурхайнууд олборлолтоо эхлэх үед энэ тоо секунд тутам 20 мянган литр болж нэмэгдэх тооцоо бий. Тиймээс “Орхон говь” төслийг өнөөгийн шатанд судалж, Техник, эдийн засгийн үнэлгээ хийх, нийгэм, байгаль орчны хувьд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тогтоож, зөв, буруу гэх олон янзын байр суурьт тодорхой хариулт өгөх шаардлагатай байгаа юм. Гэвч улс төрийн шийдвэр, холбогдох байгууллагуудын хойргошил, хөрөнгө мөнгө зэрэг шалтгаанаар төслийн үйл ажиллагаа, судалгаа бараг зогсонги байдалд орчихоод байна. Уг нь төслүүдийг хөрөнгө мөнгөөр санхүүжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн хэд хэдэн компани, олон улсын байгууллага бий. Тухайлбал, Туул голын усыг дамжуулах байгууламжид оросууд, “Орхон говь” төсөлд туркууд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлж байсан. Гэвч хөрөнгө мөнгөний хувьд боломжгүй боллоо гэх шалтгаанаар татгалзсан.
Хуримтлал үүсгэсний дараа дамжуулахаас аргагүй
Д.Энхбат /УИХ-ын гишүүн/:
Нэгдүгээрт, газрын гүний усны талаар хэлье. Манай улс газрын гүний усаа судлаагүй юм билээ. Бид говийн бүсээр явсан. Уул уурхайн компаниуд зөвхөн эргэн тойрныхоо хэсэг газрыг өрөмдөж үзээд л ус байна гэж хэлээд байгаа юм. Гэтэл газрын гүнтэй гол уснууд яаж холбогдсон, судалбарууд нь хаа байгаа талаар нэгдсэн судалгаа хийгээгүй учраас хэн нэг нь ус авахаар нөгөөгийнх нь ус багасчихаад байгаа хэрэг. Ус гэдэг нэг хүний, эсвэл нэг компанийн өмч биш. Усны нэгдсэн судалгаагүй явж байгаа нь өөрөө яваандаа аюул дагуулах юм билээ. Нэг газрыг өрөмдөхөд л хоёр жилийн дараа ширгэж үгүй болох жишээтэй.
“Хэрлэн говь”, “Орхон говь” төслийн тухайд монголчууд бид бие биедээ илэн далангүй хэлэх хэрэгтэй. Говь руу ус татсан татаагүй голуудын түвшин багасч байгаа. Тэгэхээр ганцхан зам бий. Энэ голууд дээр хуримтлал хэр үүсгэж чадах эсэхээс хамаарна. Далан, нуур бариад улирлын чанартай нэмэлт усыг хуримтлуулж чадвал хоёр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг. Харин ус хуримтлуулж чадахгүй бол ашиглах боломжгүй гэж би хэлнэ.
Хилийн усыг ашиглахад хөрш орнууд дургүйцэхгүй
Ц.Бадрах /Усны газрын дарга/:
Ашиглахгүй гээд уул уурхайн усыг хангах өөр арга байхгүй. Ус бол эдийн засгийн гол шатахуун учраас тэр. Говийн бүсэд цаашид нээгдэх ордуудын төлөв улам бүр нэмэгдэж байна. Бид зохих хэмжээгээр судалгаа хийж байгаа ч хурдны хувьд хоцроод байгаа. Хэдий усны ордууд нэмэгдэж байгаа ч уул уурхайн өсөлттэй харьцуулаад үзэхэд хүрэхгүй болчихоод байгаа. Тийм учраас ойрын 10 жилээс хосолсон хэрэглээг зайлшгүй хийхгүй бол хүрэлцэхгүй. Бид газрын доорх уснаасаа цэнгэгийг нь ялгах ажил эхлүүлж байна. Хүн амын хэрэгцээнд тохирох цэнгэг усны ордуудыг нь хамгаалалтад авахын тулд ялгаж байгаа. Эрдэсжилт ихтэй, хүн амын унданд тохирохгүй усыг дахин боловсруулж эхний ээлжинд үйлдвэрлээд дулааны цахилгаан станцад ашиглаж болно. Үүнийг уул уурхайн компани, хөрөнгө оруулж байгаа хүмүүс тооцоолж төлөвлөж байх ёстой.
Хоёрдугаарт, газрын доорх нөөцийг дангаар нь ашиглана гэдэг өөрөө их эрсдэлтэй. Ялангуяа ийм удаан тэжээгдэлтэй, ядмаг нөөцтэй газрын доорх усны ордуудыг түшиглэх нь өөрөө их эрсдэлтэй. Том том үйлдвэр барьчихсан үед усан хангамж нь доголдвол хамаг юм чинь үр ашиггүй болох гээд байна шүү дээ. Тиймээс нэг талаас усны аюулгүй байдал гэдэг чухал. Манай газраас Монгол орны усан хангамжийн аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж эхэлж байна. Тэгэхээр үйлдвэрийн усан хамгамжийн аюулгүй байдлыг баталгаатай эх үүсвэрээр хангах ёстой. Тэртээ тэргүй газрын доорх усны нөөц хүрэлцэхгүй юм чинь гадаргын усны илүүдэл хэсгийг зайлшгүй авч ашиглах шаардлагатай. Ингэхдээ шууд тасдаад авна гэсэн үг биш. Цуглуулж байж говийн бүс рүү шилжүүлэх хэрэгтэй. Ер нь “Хэрлэн говь”, “Орхон говь”, цаашлаад “Туул говь” ч гэсэн төслүүд байж болно. Иймэрхүү боломжтой газраасаа, хуримтлуулсан нөөцөөсөө шилжүүлэх л асуудал. Тэгэхээр хосолмол хэрэглээг 10-20 жилийн хооронд зайлшгүй ашиглах ёстой. Үгүй бол говийн бүс дэх уул уурхайн үйлдвэрлэлийг газрын доорх усаар хангах аргагүй.
Төслийн шатууд ямар байх вэ гэвэл, энэ нь их удаан явагддаг арга хэмжээнүүд юм. Далан барьж, ус нөөцөлнө гэдэг нэлээд хугацаа шаарддаг. Манай хангайн голууд их хурдан горимтой л доо. Ерөөсөө 16-20 хоногт хил даваад явчихаж байгаа юм. Жишээлбэл, өнөөдөр бороо ороод нөөц бүрдлээ гэхэд 20 хоногийн дотор хил даваад урсаад явчихдаг гэсэн үг.
Хилийн усыг хамтран ашиглах олон улсын гэрээ, конвенц зөрчихийг хөрш орнууд хүлээн зөвшөөрөхгүй гэлцдэг?
Би өөрөө Хилийн усны хэлэлцээрийн Монголын талын Ажлын хэсгийн ахлагч, комиссынх нь орлогч дарга. Бүх асуудалд өөрийн биеэр оролцдог. Олон улсын гэрээнд манайх нэгдээгүй. Голын усны тэжээгдлийн дээр байгаа улс орнууд эх үүсвэрийг ашиглаад л явж байна. Тэр ч байтугай Турк гэх мэтийн орон бараг 90 гаруй хувийг нь ашигладаг. Манайх олон улсын Конвенцид нэгдээгүй, хөрш хоёр оронтойгоо л Хилийн усыг хамтран ашиглах, хамгаалах тухай тусгайлсан гэрээтэй юм. Хөрш орнууд маань биднийг хилийн усыг ашиглахад ердөө үг гаргахгүй ээ. Энэ бол зүгээр л дам, зориуд улстөржүүлсэн, тодорхой нөлөөнд орсон яриа. Бид одоо боломжтой нөөцийнхөө нэг ч хүрэхгүй хувийг ашиглаж байгаа. Ямар нэгэн хохирол байхгүй.
Үргэлжлэлийг MMJ сэтгүүлийн ¹007 дугаараас уншина уу.