Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Австрали нүүрсний салбарт 18 тэрбум ам.долларын татвар ногдуулна

Уул уурхайн салбарын хөгжлөөрөө тэргүүлэгч Австрали улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлынхаа хүрээнд 2020 он гэхэд агаарт ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээг 2000 оны түвшнээс 5 хувиар бууруулахаар зорьж байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тус улсын төр, засаг 2012 оны дунд үеэс эхлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нүүрс хүчлийн ялгаруулалтын тонн тутамд нь 23 ам.долларын татвар ногдуулахаар болоод байгаа билээ. Энэ тухай Ерөнхий сайд Жулия Гиллард долдугаар сарын 10-нд албан ёсоор мэдэгдсэн юм. 


Энэхүү татварт тус улсын томоохон 500 аж ахуйн нэгж хамрагдаж буйгаас гадна нүүрс экспортлогчид ган болон хөнгөн цагааны үйлдвэрүүдийн ашиг багагүй хэмжээгээр буурахаар байна. Татварын хуулийн төсөл хэрэгжиж эхэлсний дараах есөн жилд Австралийн 50 тэрбум долларын зах зээл бүхий нүүрсний салбарынхан нийтдээ 18 тэрбум австрали долларын татвар төлөх тооцоо гарчээ. Гэхдээ шинжээчид Хятадын эрдэс баялгийн үлэмж хэмжээний импортод түшиглэсэн эдийн засгийн өсөлтийн нөхцөлд тэдгээр 500 компанид уг хуулийн учруулах дарамт ялимгүй байна гэж үзэж буй юм. Компаниудад шинэ татварыг ногдуулж эхэлснээр нүүрс олборлолтын зардал тонн тутамдаа 1.80 австрали доллараар нэмэгдэх тооцоо гарчээ. 


Харин тус улсын эрчим хүчний салбарынхны үзэж буйгаар уг татвар нь ДЦС-ууд бохирдол ихтэй хүрэн нүүрсийг халж, сайн чанарын нүүрс /black coal/ хэрэглэхэд хүрэх сайн талтай ч 4-6 тэрбум австрали долларын эрсдэл учруулна гэж үзэж байна. Гэхдээ Холбооны Засгийн газар ирэх таван жилд эрчим хүчний салбарт 9-10 тэрбум австрали долларын зээл олгохоор төлөвлөж буй юм.
2012 оны долдугаар сараас хэрэгжиж эхлэх “ялгаруулалт”-ын Татварын хуулиар нүүрсхүчлийн хийн татварыг эхний жилд тонн тутамд нь 23 австрали доллар, дараагийн жилүүдэд нь 2.5 доллараар тус бүр нэмэгдсээр 2015 онд 29 австрали доллар болох юм байна. Түүнээс хойш ялгаруулалтын татварын үнэлгээг зах зээлийн зарчимд оруулах юм.


Хуулийн хүрээнд Холбооны Засгийн газраас компаниудыг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах ажлыг дэмжихэд зориулж 9.2 тэрбум долларын тусгай Сан бүрдүүлэх бөгөөд нүүрсний салбарт 1.3 тэрбум доллар, гангийн салбарт 300 сая долларыг тус тус ногдуулах тухай Ерөнхий сайд Гиллард мэдэгдэлдээ онцолсон юм. Үүний дараа долдугаар сарын 11-нд нүүрсний салбарынхныг төлөөлж Anglo American компани уг сан нь татварын арав ч хүрэхгүй хувийг эзэлж буй нь хэтэрхий бага байгааг мэдэгдсэн байна. Учир нь гангийн салбарынхан ялгаруулалтаа бууруулж чадвал төлөх татварынхаа 94.5 хувийг эргүүлэн авах боломжтой ажээ.
Энэхүү хууль нь зөвхөн уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн өртгийг өсгөөд зогсохгүй нисэх онгоцны компаниуд, эрчим хүч үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх нь тодорхой байгаа юм. Учир нь тус улсын эрчим хүчний 80 хувийг ДЦС-ууд үйлдвэрлэдэг ажээ. 


Хэдийгээр шинэ хууль Австралийн уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, компаниудын хувьцаанд сөргөөр нөлөөлж мэдэх ч уул уурхайн салбарын хэт өсөлтөөс ангижрах завшааныг “ногоон” санаачилгын хүрээнд шийдэх боломжийг олгож буйгаараа Ерөнхий сайд Жулия Гиллардын эдийн засгийг тэнцвэржүүлэх бодлоготой нягт уялдаж байна. 


Тус улсын хэрэгжүүлэх энэ бодлого нь дэлхийд шинэ зүйл биш бөгөөд Англи, Швед, Швейцарь, Норвеги, АНУ, Канад, Франц, Ирланд, Голланд, Австри, Шинэ Зеланд, Дани, Финланд, Япон, Солонгос, Хятад, Африкийн зарим орон зэрэг маш олон улсад ямар нэгэн байдлаар хэрэгжээд эхэлсэн билээ.