Цогтцэций сумын зарим иргэн хашаандаа улиас, хайлаас тарина. Сумын иргэдэд ногоо тарих ус тийм ч амар олдохгүй. Энд гүний ус 80-90 метр ухахаас нааш гарахгүй. Тэр ч байтугай, Улаанбаатараас Цогтцэций хүртэлх 600 шахам километр үргэлжлэх замын туршид тааралдах ганц нэг жижиг бүрд, худгийг эс тооцвол аяны замд ус үл таарна.
Тавантолгой уурхайгаас ердөө 10 гаруйхан км-ийн зайд орших Цогтцэцийнхэн ийм учраас хэрэглээний жимс ногоогоо аймгийн төвөөс татдаг ажээ.
Тун удахгүй уурхайн ажилчдын кэмп, хэдэн мянган айлын орон сууцны иж бүрэн хороолол босгохоор төлөвлөж буй уг хэсэгт ногоон байгууламжийн асуудлыг оновчтойгоор шийдвэрлэх ажил биднийг хүлээж байна.
Усалгаажуулж чадвал говьд ногоо сайн ургадгийг орон нутаг хариуцсан Байгаль орчны мэргэжилтэн Т.Цэндмаа хэлж байлаа. Цогтцэций сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК энэ жилээс ногоон төсөл эхлүүлээд буй тухай тэрбээр ярилаа. “Энержи Ресурс” хэрэгжүүлж буй ногоон төслийнхөө хүрээнд 15 га газрыг ойжуулахаар зорьж буй бөгөөд эхний 5 га талбайд өнгөрсөн хавар мод тарьжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахаар ойжуулах хэсэгт зурвас байдлаар ногоо тарих төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Түүний хэлснээр, өнгөрсөн жилийн зуднаар сумын олон малчин малаа алджээ. Тиймээс малчид ногоо тарихыг илүү ихээр сонирхох болсон байна. Харин жижиг “Тавантолгой” компанийн хувьд 2 га талбайг ойжуулахаар зорьж буйг нутгийн Байгаль орчны мэргэжилтэн Т.Цэндмаа хэлэв.
Говийн гүний усны ундарга доошилсоор буй энэ цагт компаниуд ийнхүү ногоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлж буй нь хамгийн үр ашигтай ажил болох юм. Усны хэрэг эрхлэх газар өнгөрсөн тавдугаар сард Цогтцэцийд усны хэмжилт судалгаа хийгээд явжээ. Нүүрс олборлолт явуулж буй компаниуд болон орон нутгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар усны ундарга жил ирэх бүр доошилсоор байгаа ажээ. Гэвч орон нутгийн мэргэжилтнүүдэд усны ундаргын талаарх нарийн судалгааны үзүүлэлтүүд, холбогдох мэдээлэл байхгүй байв.
Цогтцэцийд бороо хур ордог боловч, сүүлийн сар гаруйн хугацаанд огт бороо ороогүйг нутгийн иргэд ярьсан юм. Удахгүй энд, нүүрс боловсруулах үйлдвэр, цахилгаан станц байгуулагдана. Авто зам тавих, төмөр зам барих болон бусад томоохон дэд бүтцийн төсөл говь нутагт ар араасаа хэрэгжинэ. Энэ бүхэнд усны арвин их нөөц шаардах нь тодорхой. Дэлхийн банкны тооцоолсноор Өмнөд бүсийн усны хэрэглээ ойрын жилүүдэд 350 мянган куб. метр болохоор байна.
Үүнийг бид хэрхэн нутгийн экосистемийг алдагдуулахгүйгээр шийдвэрлэх вэ гэсэн асуулт тодорхойгүй хэвээр байсаар. Одоогийн байдлаар бид зөвхөн нөхөн сэргээгдэхгүй баялаг болох гүний усны нөөцийг ашиглан Өмнийн говьд уул уурхайг хөгжүүлж буй нь говийн экосистемийг бүхэлд нь алдагдуулж мэдэх юм. Говийг устай нь үлдээх ногоон төсөл хэрэгжүүлэхийн тулд улс юуны түрүүнд гүний усны нөөцөө нарийвчлан судлах шаардлагатай байна.
Уул уурхайн компаниуд ойжуулах төсөл эхлүүлж буй нь сайн хэрэг боловч, эдгээр компаниудтай төр засаг, орон нутгийн засаг захиргаа нягт хамтрах замаар илүү өргөн хүрээний төсөл хэрэгжүүлбэл тогтвортой хөгжлийн жишээг говьд бодитоор нь цогцлоох болно. Харин яг одоо бол Монголын өмнөд хэсгийн экосистемийг бүрдүүлж буй говьд усны ирээдүй тодорхойгүй байна.
Б.Төгсбилэгт