Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн гол хөдөлгүүр гэсэн гуншин зүүх болсон. Тэгвэл уул уурхайн салбар хөгжихийн хэрээр тус салбарын нийгмийн хариуцлага нэмэгдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх шаардлага зайлшгүй гарна. Өнөөдрийг хүртэл уурхайн нөхөн сэргээлт гэдгийг алтны хэдэн шороон орд тойрон ярьж байсан бол одоо дэлхийд тэргүүлэх том уурхайнуудын үйл ажиллагаан дээр ярих цаг нэгэнт иржээ.
Нөхөн сэргээлт хийсэн талбай /га/
Тийм ч учраас МХЕГ-аас Германы “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” онол практикийн бага хурлыг наймдугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зургаа дахь удаагаа болж буй “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” бага хурал энэ удаад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дээр болсон юм. Хуралд уул уурхайн компаниуд, аймаг орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагчид, мөн нөхөн сэргээлтээр мэргэшсэн гадаад дотоодын компаниудын 250 гаруй төлөөлөгч оролцсон.
Бага хурлын үеэр гол хэлэлцсэн асуудал нь уурхайн хаалт гэж юу болох, түүний эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх, уурхайн хаалтыг яаж хийх, нөхөн сэргээлтийг ямар стандарт дүрэм журмаар хийх вэ, улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн нэгдсэн сантай болох зэрэг асуудал байв.
Өнөөдрийг хүртэл хийсэн нөхөн сэргээлтийн дийлэнх хувь нь техникийн нөхөн сэргээлт. Өөрөөр хэлбэл тодорхой тооны алтны шороон орд дээр хэрэглэж ирсэн ухсан газраа буцаагаад булах гэсэн үндсэн зарчимтай нөхөн сэргээлтийн стандарт нь өдгөө үеэ өнгөрөөгөөд байна. Нөхөн сэргээлтийг хийхдээ тухайн бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлогийг нэн түрүүнд судлах нь зүйтэй гэдгийг “Эко-Ази” дээд сургуулийн Захирал, доктор Л.Эрдэнэтөгс онцлов. Манай улс Сибирийн ой тайгаас Төв Азийн хуурай цөлийн бүсийн заагт оршдог эрс тэс уур амьсгалтай улс. Дэлхийн дулаарлын нөлөө манай улсад ч тусч, 1940 оноос 2.1 градус дулаарсан бол хур тунадасны хэмжээ 7 хувь буурсан, хөрсний эвдрэл нэмэгдэж байгаа зэрэг эко системийн эмзэг доройтсон орчин нь нөхөн сэргээлтийн ихээхэн нарийн судалгааг шаарддагийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Нөхөн сэргээлт, уурхайн хаалт хоёр салшгүй холбоотой. Манайд төдийлөн нэвтрээгүй ч дэлхий нийтэд хийгдэж байгаа уурхайн хаалт хэмээх ойлголт нь уурхайн олборлолтын үе шат дуусч, нөхөн сэргээлт явагдаж эхлэх үеэс хаалтын үйл ажиллагааг бүрэн дуусгах үйл явцыг хэлдэг. Зүгээр нэг ухсан нүхээ булж, хэдхэн сарын настай өвс тарьж ногоон харагдуулсан төдийгөөр орон нутгийн байгаль орчны байцаагчид хүлээлгэж өгөхийг нөхөн сэргээлт хийж, уурхайг хаасан гэж үзэх боломжгүй аж. Уурхай хаагдах нь нөөц дууссан, эдийн засгийн үр ашиггүй болсон гээд олон шалтгаантай. Ямар ч байсан уурхайг хаах болсон бол хаалтын төлөвлөгөөг боловсруулж, түүндээ орон нутгийн иргэдийн санаа бодлыг зайлшгүй тусгадаг дэлхий нийтийн жишиг бий.
Манай улсад ч Уурхайн хаалтын сайн туршлага нэгээр зогсохгүй байдаг аж. “Бороо гоулд” компани уурхайн хаалтаа удахгүй хийхээр ажиллаж байгаа бол “Энержи Ресурс” компани одооноос уурхайн хаалтын төлөвлөгөөгөө боловсруулж, түүнийхээ дагуу ажиллаж байгаа аж. Мөн одоо ашиглаж байгаа ч хажуугаар нь нөхөн сэргээлтийг зохих стандартын дагуу хийдэг компаниуд байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд Гуравдугаар овоолго дээрээ нөхөн сэргээлт хийж буй бөгөөд нийт 12 га газарт биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Мөн тус үйлдвэр Хустайн нуруунаас тодорхой тооны тахь авчирч өсгөж байгаа бол “Багануур “компанийнхан цөөрөм байгуулж, тарвага үржүүлж байгаа аж. “Энержи Ресурс” компанийн хувьд ХААИС-тай говийн нөхцөлд биологийн нөхөн сэргээлт хийх технологи боловсруулах тал дээр хамтран ажиллаж байгаа аж. Тэд говийн нөхцөлд сайн ургах ургамлыг судалж, улмаар тарьж эхэлж байгаа аж.
Өөрөөр хэлбэл биологийн нөхөн сэргээлт гэдэг тодорхой хугацаанд ногоон харагдуулах үүднээс өвс тариад өнгөрөхийг хэлэх бус, харин ашиглалт явуулахаас өмнөх тэр унаган төрхийг нь эгүүлэн бий болгохыг хэлдэг. Тийм болохоор зүгээр нэг өвс ургамал тарих төдийгүй тухайн нутагт ургах боломжтой бусад ургамал, мод тарихаас гадна бүс нутагт байсан ан амьтныг эгүүлэн нутагшуулахад ихээхэн анхаарч буй хэрэг. Мөн орон нутгийн иргэдээс санал аван нөхөн сэргээсэн газрыг ямар зориулалтаар ашиглахыг шийдэж байгаа аж.
Энэ мэтчилэн уурхайн хаалт, нөхөн сэргээлт гэдэг өнөөдөр “халтуурны ажил” биш жинхэнэ утгаараа олон улсын жишгийн дагуу хийх цаг болсныг хуралд оролцогчид хүлээн зөвшөөрсөн. Тиймээс уг Бага хуралд оролцсон төлөөлөгчид зөвлөмж гаргасан юм. Уурхайн хаалтын үед тавигдах шаардлага, стандартыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан мөрдүүлэх, уурхайн хаалтыг урьдчилан төлөвлөх, мониторинг хийх, хаалтын төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тусгаарлан бүрдүүлэх асуудлыг ордыг ашиглах техник, эдийн засгийн үнэлгээнд тусгах эрх зүйн орчныг бий болгох, алтны шороон ордын олборлолттой холбоотойгоор өөрчилсөн голуудын гольдролыг нөхөн сэргээх арга аргачлалыг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг яаралтай шийдэхийг зөвлөмж болгон Засгийн газарт хүргүүлэхээр болов.