Говийн эко-системийн тэнцвэртэй байдлыг хадгалах, элсний нүүдлийг сааруулах, цөлжилтийг зогсоох, усны нөөцийг хадгалахад заг гэгч ургамал чухал үүрэгтэй аж. Тиймээс энэ ургамлыг нөхөн сэргээх, ургуулах зорилгоор “Заган ой-Говийн ирээдүй” хөдөлгөөнийг МҮХАҮТ-аас санаачлан эхлүүлжээ.
Хөдөлгөөний нээлт өчигдөр болсон бөгөөд говийн ирээдүйд санаа зовнисон, заг ургуулахын ач холбогдлыг ойлгодог байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллүүд нээлтэд оролцов. Энэхүү санаачилгыг Засгийн газраас дэмжиж, төрийн бодлого болгох талаар анхааран ажиллахаа Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Б.Долгор, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нар мэдэгдсэн юм.
Заг тарих хөдөлгөөнийг дэмжиж “Монголын Алт” ХХК 30 сая төгрөг, МҮХАҮТ 15 сая төгрөг, Дундговь аймаг 10 сая төгрөг, “Хасу мегаватт” ХХК 5 сая төгрөг, “Модкон” ХХК 500 мянган төгрөг, “Олон-Овоот гоулд” ХХК 1000 ширхэг суулгац тус тус хандивлалаа.