Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Уул уурхайгаас болж газар хөдлөлт нэмэгдэнэ гэж байхгүй

Одон орон, Геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбатаас Өмнөговь аймагт болж байгаа газар хөдлөлтүүд уул уурхайн ашиглалттай холбоотой эсэхийг тодрууллаа.


Сүүлийн үед уул уурхайн ашиглалттай холбоотойгоор газар хөдлөлт нэмэгдэж байна гэсэн яриа их гарах боллоо. Энэ талаар тайлбар хэлэхгүй юү?


Уул уурхайн ашиглалттай холбоотойгоор Өмнөговь аймагт газар хөдлөөд байна гэж баталгаатай хэлэх боломжгүй. Ер нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой газар хөдлөлтийн идэвхжил үүсэх нь үүсдэг. Мэдээж хэрэг, тэсэлгээний тодорхой хэмжээний хүч үйлчилж тэнд байгаа идэвхтэй хагарлуудад нөлөөлөх тал байдаг. Дэлхий дээр ийм жишээ олон бий. Тухайлбал, Mексикт уурхайн тэсэлгээнээс болоод газар хөдлөлийн голомтууд идэвхжсэн тохиолдол гарсан. Манай улсын хувьд яг нарийн судалгаа хийгээд баттай нотлоод гаргаад ирсэн зүйл байхгүй.

Уурхайн орчмын талбайд газар ухаж, тэсэлснээс үүдэлтэй жижиг эвдрэлүүд их үүсдэг. Тэр эвдрэлийн дагуу микро газар хөдлөл гэж маш сул газар хөдлөлийн идэвхжил явагддаг. Ямар ч уурхай, ялангуяа далд уурхайнууд ашиглалтад орохын өмнө газар хөдлөлийн чичирхийлэл үүсэх магадлал ямар байгааг судалдаг. Уурхай ашиглалтад орсны дараа тэнд хяналтын станцууд байрлуулдаг. Иймэрхүү л асуудлууд байдгаас биш тийм уурхайн үйл ажиллагаанаас болоод ийм хүчтэй газар хөдлөлт боллоо гэсэн жишээ ховор.

Энэ жил Өмнөговь аймагт маш олон газар хөдлөлт боллоо. Энэ нь уул уурхайн ашиглалтаас  үүдсэн  сул чичирхийлэл байв уу, эсвэл өмнө нь иймэрхүү үзэгдэл байнга ажиглагддаг байсан юм уу?

Наадах чинь хоёр талтай. Нэгдүгээрт, мэдээлэл их өргөн болчихсонтой холбоотой. Урьд нь 3,5-4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход бид мэдээлдэггүй байсан. Тийм хэмжээний газар хөдлөлт орчиндоо аюул учруулах нь бага. Өөрөөр хэлбэл, ийм хүчтэй газар хөдлөлтөөс үүсч байгаа чичирхийлэл байшин барилгыг нураах хэмжээнд байдаггүй. Гэхдээ 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлтийн хүнд мэдрэгдэх магадлал нь өндөр болохоор бид одоо олон нийтэд тухай бүрд нь мэдээлэл хүргэж байгаа. Түүнээс биш Өмнөговьд иймэрхүү хэмжээний газар хөдлөлт зөндөө л болдог. Сүүлийн үед л бид энэ талаар цахим хуудсаар байнга мэдээлж байгаа болохоор хүмүүст газар хөдлөлт идэвхжээд байгаа мэт санагдаж байгаа байх.

Хоёрдугаарт, улс орны хөгжилтэй холбоотой. Жишээ нь, Даланзадгад хотыг одоогоос 15 жилийн өмнөхтэй харьцуулаад үзэхэд барилгажих явц идэвхтэй байна. Хэчнээн өндөр барилга байшин баригдана, тэр чинээгээр газар хөдөлтийг илүү мэдэрнэ. 2.5-3.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход гэрт байгаа хүмүүст мэдрэгдэхгүй бол 5 давхар байшинд байгаа хүнд мэдрэгддэг. Энэ хоёр нөхцөлөөс шалтгаалаад газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж байгаа мэт санагдаж мэдэх юм.

Нөгөө талаасаа наймдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 5,8 магнитудтай газар хөдлөлт болоход Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Энэ газар хөдлөлт нэлээд онцлогтой юм. Газар хөдлөлт болсон газрын хувьд урьд өмнө нь тийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй. Энэ нь шинээр хагарал идэвхжиж эхлэх магадлалтай байна гэсэн үг. Түүнээс биш жижиг, сул газар хөдлөлт бол зөндөө л болдог. Манай байгууллага гэхэд өдөрт 200 гаруй жижиг газар хөдлөлтийг бүртгэж байна шүү дээ. Яахав, газар хөдлөлтийн голомтод ойрхон уурхай байгаа бол энэ нь харин газар хөдлөлтөд нөлөөлж болно.

Өмнөговь аймагт Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том уурхай бий. Асар хүчтэй машин механизмууд тэнд ажиллаж, хүчтэй тэсэлгээнүүд их хийгдэж байгаа. Зайны хувьд ойрхон байгаа ийм том уурхайнуудын ойролцоо газар хөдлөлт үүсгэх боломжтой юу?

Тийм боломж маш бага. Уурхайн тэсэлгээний хүчийг газар  хөдлөлтийн хүчтэй харьцуулж үзэхэд бага. Эрдэнэт, Багануур хоёр дээр л хамгийн хүчтэй тэсэлгээ нь 3,2 магнитуд хүрдэг. Гэтэл ийм хүчтэй газар хөдлөлт өдөрт хэдэн зуугаараа болно. Уурхайн тэсэлгээ ойр орчимдоо л жижиг чичиргээ үүсгэдэг. Уурхайн тэсэлгээ хүчтэй газар хөдлөлт үүсгэхээсээ илүү уурхай байрлаж байгаа орчиндоо л жижиг газар хөдлөлт үүсгэдэг болохоор уурхайн аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой юм. Жишээлбэл, Оюутолгой газрын гүн рүү 3 км ухаж байна гэхэд дээд талд нь тодорхой хэмжээний биет үлдэнэ гэсэн үг. Тэгээд ухаад ирэнгүүт тэр орчимдоо нөлөөлж, уурхайн дээд хэсэгтээ эвдрэл явагдана. Хагаралтай газар таарвал эвдрэл явагдсаар байгаад уурхай нурах аюултай. Түүнээс биш тэсэлгээнээс болж хүчтэй газар хөдлөлт үүсгэсэн тохиолдол ховор. Мексикт нэг тохиолдол байдаг нь газар хөдлөлтийн хагарал дээр уурхай нь таарчихсантай холбоотой.

 Үргэлжлэлийг The Mongolian Mining Journal-ийн  №011 дугаараас уншина уу.