Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Урт нэртэй хуулийн эргэн тойронд

“Геологи уул уурхайн тулгуур хүч” ТББ-аас “Урт нэртэй хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хоёр жилийн өмнө батлагдсан. Өнгөрсөн жилээс хуулийн хүрээнд хамаарах талбайд уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоогоод байгаа юм. Энэхүү хуулийг тойрсон  маргаан, шүүмжлэл үргэлж өрнөдөг бөгөөд үүнээс болж олон нитй хийгээд улс төрчид хүртэл талцан хуваагдчихаад байгаа нь нууц биш. Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн компаниудын төлөөлөгчид санал хүсэлтээ ширүүхэн тавьж байлаа. “Урт нэртэй хуулийг санаачлагч Б.Бат-Эрдэнэ гишүүн усанд их хайртай гэдэг хэрнээ гадагшаа урсаад явчихдаг гол мөрнөө говь руу татах саналыг дэмжихгүй гүрийгээд суугаад байдгийг ойлгодоггүй” хэмээн нэгэн компанийн төлөөлөл хэлсэн бол “Нөхөн сэргээлт гэхээр шороогоор бул гээд байдаг. Үүний оронд нуур цөөрөм байгуулж яагаад болдоггүй юм бэ?” гэсэн асуултыг “Хос хас” компанийн төлөөлөгч БОАЖЯ-ныханд тавьсан юм. “Одоо байгаа лиценз дээрээ нэмж зөвшөөрөл олгохоо болиод, өмнөх компаниудынхаа нөхөн сэргээлтийг сайжруулан үйл ажиллагааг нь зогсоохгүй байвал яасан юм бэ?”  гэсэн саналыг хэлэх хүн ч олон байлаа.

Энэхүү хуулийн хувьд хамгийн ээдрээтэй асуудал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон бүсийн хилийн заагийг тогтоох явдал болоод байгаа. Тийм ч учраас Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаа “Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу хилийн заагийг хэсэгчлэн тогтоосон солбицлыг кадастрын бүртгэлд бүртгэсэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил” гэсэн илтгэл тавьсан юм. Нийт ойн сан бүхий газрын хил хязгаарыг тогтоох, булангийн цэгийг тодорхойлох, усны хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох ажил нэлээд хүндрэлтэй байгаа бөгөөд манай улсад ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж эдгээр ажлыг гүйцэтгэхэд үнэхээр чамлагдаж байгааг тэрээр учирлаж байлаа. Ашигт малтмалын лиценз эзэмшигч зарим компанийн зөвшөөрөлтэй талбай хуулийн дагуу хамгаалагдсан газартай бүрэн давхцаж байгаа бол зарим нь давхцалаас илүү ч  гарч байгаа. Энэ хэсэгтээ олборлолт хийх үү, үгүй юү гэдгээ компаниуд өөрсдөө шийдэх эрхтэй юм байна.

Нөхөн олговорт 7,1 их наяд төгрөг зарцуулна

Урт нэртэй хуульд хамрагдаж буй тусгай зөвшөөрлийн нөхөн олговрын нийт зардал нь 7,1 их наяд төгрөг, хууль хэрэгжүүлэх зардал 38 тэрбум болно гэсэн урьдчилсан тооцоо гаржээ. Энэ их мөнгийг нэг дор өгнө гэвэл манай улсын төсөв дийлэхгүй. Тиймээс Засгийн газраас үе шаттайгаар нөхөн олговрыг олгох шийдвэр гарчээ. Хамгийн түрүүнд шороон ордын лицензтэй компаниудад нөхөн олговор өгөхөөр болсон байна. Алтны шороон ордын 246 лиценз бүртгэгдсэн бөгөөд үүнд нийт 511 тэрбум төгрөг олгох тооцоо гарчээ. Засгийн газрын журмын дагуу нөхөн олговор авах компаниудын нэрийг 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр үндэсний өдөр тутмын сонингуудаар зарлаж, АМГ-ын вэб сайтад тавьжээ. Нэр дурдагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой юм байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авах хугацаа 2012 оны нэгдүгээр сарын 8-нд дуусах аж. Одоогийн байдлаар хоёрхон аж ахуй нэгж нөхөн олговор авах хүсэлт тавьжээ. Гэхдээ тэдний бичиг баримт  бүрдэл дутуугаас хүсэлт нь буцаагдахад хүрчээ. Тиймээс нөхөн олговор авах хүсэлтээ эртхэн өгөхдөө баримт бичгээ хангалттай бүрдүүлэх шаардлагатайг албаны хүмүүс анхааруулж байлаа. Хэрвээ заасан хугацаанаас өмнө хүсэлтээ гаргахгүй бол нөхөн олговроос татгазсан гэж үзэх юм байна.

Ер нь нөхөн олговор олгох асуудлыг эсэргүүцдэг хүмүүс нэлээд байдаг. УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа: “Хуультай холбоотойгоор гарах нөхөн төлбөрийн асуудал маш хүнд. Хайгуул хийсэн компаниуд ямар үнэ цэнэтэй ашигт малтмал олохоор тооцсон, олсон гэдгийг нь хэн ч мэдэх боломжгүй. Хайгуулын маш их зардал гаргасан хэсэг компани "шархаа нөхөх" зорилгоор энэ хуулийг лоббидсон гэж ч зарим хэвлэлд бичсэн байна лээ” гэжээ. Үнэхээр хайгуулын зардалдаа “шатсан” компаниудын мөнгийг төр төлөхөөр болж байгаа бол туйлын шударга бус. Төрөөс гаргаж буй мөнгө нь угтаа иргэдийн халааснаас гарч байгаа татвар гэдгийг энд дурдах нь илүүц биз ээ.

Засаг дарга нарын “том толгой”

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд будлиантай асуудлууд нэлээд гарч ирж байгаа. Үүний нэг нь ашигт малтмал ашиглах, хайхыг хориглосон газрын хилийг тогтоох явдал. Энэхүү хил тогтоох эрх нь сумын Засаг даргын мэдэлд байдаг. “Сумын Засаг дарга хүссэн л бол ус, ой энэ тэр хамаагүй хориглоё гэсэн газраа хориглож болох гажиг үүсээд байгаа” гэж лицензээ хураалгаасан нэгэн аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлж байлаа. Уг нь журамдаа бол, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газраас 200 метрээс доошгүй байхаар хилийг тогтооно гэжээ. Гэтэл зарим Засаг дарга нар арваад километрийн цаана байгаа голыг “Танайхтай ойр байна” гээд лицензийг нь хураадаг гэнэ. Гэтэл зарим дарга нар улаан цайм дэргэдүүр нь урсаж байгаа голыг нүдээ аниад хараагүй мэт өнгөрөөдөг гэх. “Үүний цаана өөрсдийнх нь ашиг сонирхол нуугдаж байна” гэж шүүмжлэгсэд цөөнгүй байв. Энэ асуудал бодитой гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын орлогч дарга Д.Саран ч хүлээн зөвшөөрч байлаа. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан газруудаа буцаая, ус модноосоо 200 метрийн зайтай биш 50 метрийн зайтай болгоё гэх мэт олон янзын саналыг Засаг дарга нар тавьдгийг тэрээр нуусангүй. 


О.Хосцэцэг