Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Тавантолгой” хатсан толгой болох уу?

Монгол улсын хамгийн олон жип машинтай сумаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум тодорсон гэдэг. Энэ суманд 200 гаруй айл Ланд хөлөглөдөг байна. Гэхдээ ямар ч үнэтэй машин, тансаг орон байр байгаад уух усгүй бол амьдрал хэрхэн үргэлжлэх билээ. Байгалийн асар их баялаг говьчуудад заяагдсан ч амьдрал тэтгэгч ус эрдэнэ ховор оногджээ. Угаас ховор хомс заяасан тэр ус уул уурхайд зарцуулагдах болсон нь говийнхны сэтгэлийг ихээр зовоож байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийг Ханбогд, Цогтцэций сумын иргэдтэй уулзах үеэр усны асуудал хамгийн ихээр хөндөгдөж байсан юм.

“Балгасын улаан нуур”- газар доорх Туул

Тавантолгой, Оюутолгойн ордуудыг түшиглэн уулын олборлох, баяжуулах үйлдвэр, цахилгаан, дулааны станц зэрэг усны хэрэглээ өндөртэй үйлдвэрүүд баригдах нь нэгэнт тодорхой болоод байгаа. Эдгээр ордын усны хэрэгцээг газрын гүний усаар хангана гэсэн төлөвлөгөө бий. Оюутолгой ордын хувьд “Гүний хоолой”-гоос ус татахаар болсон бол Эрдэнэс Тавантолгойн ордын усны хэрэгцээг “Балгасын улаан нуур”-ын усны орд газраас хангахаар болоод байгаа. Усны хайгуул судалгааг нарийн хийх шаардлагатайг усны мэргэжилтэн бүр хэлдэг ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн тоймтой шинэ судалгаа хийгээгүй л байна.

Балгасын улаан нуурын газрын доорх усны ордын гидрогеологийн урьдчилсан хайгуулыг 1984 онд, нарийвчилсан хайгуулыг 1987 онд дуусгажээ. Судалгааны үр дүнд энэхүү ордын усны нөөцийг 465л/секунд буюу 40176м3/хоног гэж тогтоожээ. Харин 2007-2008 онд “Шандын булаг” компани Балгасын улаан нуурын газрын доорх усны орд дээр бага зэргийн нэмэлт судалгаа хийгээд газрын доорх усны нөөцийг нэлээд хэмжээгээр багасган тооцоолсон. Тодруулбал 465л/секунд нөөцийг 150л/секунд болтол бууруулж тооцоолсон байгаа юм. Магадгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усны нөөц багассан ч байж мэднэ. Ямартаа ч Балгасын улаан нуурыг дахин сайтар судлах шаардагатай болж байгааг энэ жишээнээн харж болохоор байна. “Балгасын улаан нуур”-ын гайхамшигт чанар нь говийн бүсэд ховор тохиолддог эрдэс багатай цэвэр тунгалаг байдал юм. “Балгасын улаан нуурын орд нэлээд залуу буюу дөрөвдөгчийн галавын хурдаст хуримтлагдсан, идэвхтэй солилцоо сайтай цэнгэг уст орд юм. Ийм цэнгэг усыг зөвхөн нүүрс угаахад ашиглачихвал даанч харамсалтай” гэж усны газрын мэргэжилтэн М.Чойсүрэн хэлж байна. Үнэхээр ундны усны зориулалтаар хэрэглэхээр тийм цэнгэг усаар зэс, нүүрс угаагаад барчихсан хойноо бид ус ус гэж мянга гаслаад ч энэ нуур эргэж нөхөгдөхгүй. Зөвхөн хүн, малынхаа ундны усны хэрэгцээнд ашиглавал зөв хэрэглээ болохсон. Өмнөговьчууд “Балгасын улаан нуур”-ыг уул уурхайд ашиглуулахгүй байх шийдвэр гаргахыг хүссэн өргөх бичгийг Засгийн газарт хүргүүлж байсан удаатай. Тухайн үедээ бага зэрэг шуугиад гэрэл цахилгааны асуудалдаа дарагдаж бүдгэрсэн энэ асуудал тэр чигтээ бүү замхраасай гэж хүсье.

Гадаргаас ус дамжуулах боломж бий

Манай орон усны нийт хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг газрын гүнээс аваад, ердөө хэдхэн хувийг гадаргаас хангаж байна. Гэтэл дэлхийд гадаргын усаар ихэнх хэрэгцээгээ хангаад, газрын доорх усаа нөөцлөн хадгалдаг. Учир нь газрын гүний ус эргэж нөхөгдөхдөө олон зуун жилийг зарцуулдаг. Манай говийн бүс шиг хур тунадас багатай нутагт бол гүний ус эргэж огт  нөхөгдөхгүй гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Ийм үнэтэй баялгийг бид өнөөдрөө бодоод гамгүй ашиглаж байгаа нь үр хүүхдээсээ амьдралыг нь булааж байгаагаас өөрцгүй юм. Тиймээс газрын гүний ус ашигладгаа “хазаарлаж” усны өөр эх үүсвэр хайх цаг нэгэнт иржээ.

Усны нөөц нь жигд бус тархсан манайх шиг орон байгаль эхийн хуваарилалтыг хүний гараар тэнцвэржүүлэх хэрэгтэй болж байна. Манай орны гадаргын усны дийлэнх хэсэг нь хил давж оддог учир энэ усныхаа тодорхой хэсгийг нутагтаа торгоох нь зүй. Монгол орны хойд хэсгийн голуудад урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, усны хэрэгцээ өндөр байгаа говийн бүс рүү хүргэх боломж бий. Үүний нэг жишээ нь “Орхон-Говь” төсөл юм. Орхон голын урсацад тохируулга хийхийн ач холбогдлыг дурдвал, усны нөөц хүчийг ашиглан эрчим хүч гарган авахаас гадна урсацын зарим хэсгийг говь, тал хээрийн хуурай бүсэд шилжүүлэн ашиглаж болно. Ингэж говийн бүс рүү ус татахын гол утга учир нь голын сав газрын эко систем, усны орчинд ямар нэг хохирол учруулахгүйгээр авч ашиглаж болох усны хамгийн зохистой хэмжээг тодорхойлох, авч буй усаа хамгийн үр ашигтай, иж бүрэн ашиглахад оршино. Мөн гантай жил тохиож усаар гачигдсан үед голоо тэжээж байнгын тогтмол урсгалтай байлгах нь чухал ач холбогдолтой ажээ. Манайд гадаргын усыг алсын зайд дамжуулах туршлага байдаггүй учир иргэдийн дунд буруу ойлголт байдаг. Голын голдрилыг өөрчлөөд шууд л урсгачих юм шиг санадаг. Үнэндээ Орхон, Хэрлэн голоос усыг татахгүй. Харин үерлэсэн жилд нь усан сан бэлдээд хадгалах юм. Тийнхүү хуримтлуулсан усан сангаас хэрэгцээгээ хангаад, хадгалаад байж болох аж.

Орхон голын ус уул уурхайгаас болж ширгэж үгүй болж байхад усыг нь хуримтлуулна хадгална гэж юу яриад байна гэж та гайхаж магадгүй. Орхон гол ганц цэг биш. Олон зуун километр газар үргэлжилнэ. Харин ч усан сан барьж, үертэй жилд усыг нь хуримтлуулснаар ширгэж хатсан хэсгүүдээ тэжээх боломжтой болох юм.

Дэлхийд гадаргын усыг хуримтлуулж, дамжуулах төсөл олон байдаг. Жишээ нь, Австрали улсын “Калгуурли” гадаргын усыг алсын зайд дамжуулах төсөл байна. Австрали улсын баруун хэсэг нь усаар дутагдалтай ангамал бүс нутаг. Калгуурли бол Австралийн аж үйлдвэрийн зүрх хот юм. Тиймээс Калгуурли руу яндан хоолойгоор ус татах, тухайн үедээ мөрөөдөл гэмээр ажлыг анх инженер Коннор хийхээр зоригложээ. Энэ ажил тухайн үедээ хэний ч санаанд оромгүй байсан боловч хэзээ нэгэн цагт зайлшгүй хийгдэх ёстой байсан нь үнэн. 1903 онд Пертээс Калгуурлийн зүүн хэсэгт ус шахах анхны ажил буюу 600 км урт Коолгардын усан хангамжийн барилга баригдсан үеэс эхэлжээ. Коннорын төсөлд Мундарин Вейрийн элбэг уснаас 22700м3 ус шахах чадалтай 8 насос станцаар 355 метр өндөрт өргөж, 600 километрийн тэртээх хуурай, алтны ордтой нутаг руу ус хүргэх төлөвлөгөө тусгагдсан байв. Энэ төсөл нь 20 дугаар зууны томоохон бүтээн байгуулалтын нэг болж чадсан төдийгүй түүнтэй төстэй олон объектыг үргэлжлүүлэн барих ажлын эхлэл болсон байна. Дэлхийн улс орнуудын гадаргын ус дамжуулах төслөөс санаа авч говийн хэрэгцээгээ хангаж чадвал Эрдэнийн “толгой”-нуудаа  “цангасан толгой” болгож үлдээхгүй байх боломж бидэнд байна.   
 

 

/ Ж.Далай “Ус ба говь” 2011 он. номоос ашиглав /

О.Хосцэцэг