Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Мохамед Эл Барадей өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд манай улсад айлчилсан билээ. Айлчлалынхаа хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал болон атомын эрчим хүч ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын тухай хэлэлцэж, техник, хамтын ажиллагааны асуудлаар Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Энэхүү айлчлал нь ОУАЭА-ийн тэргүүний манай оронд хийсэн хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд 1987 онд Ерөнхий захирал асан Ханс Бликс айлчилж байжээ.
Дэлхий нийтээр цөмийн эрчим хүчийг ашиглах, цацраг идэвхт бодисыг эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, технологийн салбарт нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа өрнөж байгаа үед ураны их баялагтай манай орны хувьд энэ талаарх эрх зүйн зохицуулалт зайлшгүй бий болох юм. Тиймээс ОУАЭА төрөөс баримтлах бодлогыг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд тусгай Ажлын хэсэг гарган, манайд тусламж зөвлөгөө өгсөн байна. Үүнд талархаж буйгаа Ерөнхий сайд С.Баяр ноён Мохамед Эл Барадейд хэлэлцээ хийх үеэр илэрхийлсэн билээ. Цөмийн энергийн тухай хуулийн төсөл бэлэн болоод байгаа бөгөөд энэ сараас Засгийн газар хэлэлцэж эхлэх аж.
Ноён Эл Барадей хуулийн төслийг сайшаасан бөгөөд энэ салбарт явуулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн байна.
Эрэлт хэрэгцээ нь дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ураныг олборлож, ашиглахад аюулгүй ажиллагааны норм, стандарт маш чухал. Манай тал уран ашиглахад тавих хяналтын талаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, манай орны онцлогт тохирсон атомын цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл зэргийг боловсруулахад хамтран ажиллах хүсэлт тавилаа.
Мохамед Эл Барадей айлчлалынхаа үеэр Цөмийн энергийн газар, Хавдар судлалын үндэсний төв, Одон орон, геофизикийн судалгааны төвийн радио станцын үйл ажиллагаатай танилцсан. Тэрээр мөн цөмийн энерги, эрчим хүчний асуудлаар манай эрдэмтэн судлаач, багш оюутнуудад лекц уншсан билээ.
ОУАЭА нь цөмийн материалыг энх тайвны зорилгоор ашиглаж буй эсэхэд хяналт тавьж, цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчны салбарт хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын тухайд 1953 онд анх ради 226 цацраг идэвхт бэлдмэл захиалж, умайн хүзүүний өмөн өвчтэй хүнийг эмчлэхэд хэрэглэж байжээ. ОУАЭА-тай манай улс 1995 оноос туяа эмчилгээний салбарт хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, эмч боловсон хүчнүүдийг мэргэжил дээшлүүлэхэд 1.6 сая доллар зарсан байна. Мөн 2009-2011 онд туяа эмчилгээний цацрагийн аюулгүй байдлын технологийг хөгжүүлэх 360 мянган долларын төсөл хэрэгжүүлэх аж.