Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хуулиас болж үүсэх хохирлоо мэдээлэв

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхээр Дэд сайд Б.Ариунсангийн  ахалсан Ажлын хэсэг  ЭБЭХЯ-нд байгуулагдсан байна. Мөн  БОАЖЯ, түүний харъяа  хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Усны газар координатуудыг тодорхойлох ажлыг хийж буй. Уулзалтын үеэр   компаниуд өөрсдийн үйл ажиллагаанд гарсан нөлөөллийг товч танилцуулав. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн эрх ашгийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчиж, 160 гаруй барилгын компанийн лицензийг цуцлах юм бол үйлдвэрлэл зогсох нөхцөл байдал мөн үүсээд байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ 150 гаруй мянган тонн элс, хайрга хэрэглэдгээс ихэнх нь нинжа нарын гараар борлогддог. Албан зөвшөөрөлтэй газруудын эрх цуцлагдсанаар нинжа нарт бүр ч таатай нөхцөл бүрдэхийг мэргэжлийнхэн санууллаа. “Эрдэс холдинг“ компани Сэлэнгэ аймгийн Биндэр суманд 2007 оноос эхлэн Төмөртэйн голын   уурхай төслийг найман жил хэрэгжүүлэхээр эхэлжээ. Одоогоор 20 сая ам.долларын хөрөнгө оруулаад буй аж. 8 сая тонн төмрийн хүдэр боловсруулж, 70 хувийн баяжмал гаргана гэвэл нийтдээ 5.6 сая тонн баяжмал үйлдвэрлэх тооцоо гаргажээ.

Уурхай дээр 200 орчим ажилтан ажиллаж буй бөгөөд найман жилийн хугацаанд нийтдээ 392 сая ам.долларын борлуулалт хийж, төсөвт 86.6 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр тооцоолсон. Шинэ хуулийн дагуу эдний лицензийг цуцлах юм бол ажилчид ажилгүй болж, хэрэгжүүлж эхэлсэн төслийнхөө эхний үр дүнг ч харж чадахгүйд хүрэхээ мэдэгдлээ. Компани тус бүр гаргасан нарийвчилсан тооцоо судалгаагаа холбогдох яамдад  хүргэх төдийгүй шийдвэр гаргагчидтай уулзаж санал солилцох хэрэгтэйг оролцогсод онцолж байв.