Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С. Ганбаатартай хуримтлалын сан болон төсвийн шинэ менежментийн талаар Э.Болорхажид ярилцлаа.
УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран Санамж бичиг батлаад байгаа. МҮЭХ-ны зүгээс УИХ-аар төсөв хэлэлцэх батлах явцад , цаашлаад төсвийн зарцуулалтад хяналт тавих, саналаа оруулах боломж нээгдлээ гэж үзэж болох уу?
Танай сэтгүүл энэ асуудлыг хөндөж байгаа нь маш зүйтэй юм. Харин нийт иргэд маань энэхүү Санамж бичгийг ямар чухал, томоохон ач холбогдолтой зүйл вэ гэдгийг сайн ойлгосон эсэхийг мэдэхгүй. Цаашид манай улсын эдийн засагт уул уурхайгаас асар их мөнгө орж ирэх нь тодорхой. Тиймээс энэ мөнгө ямар нэг байдлаар буруу гараар битгий орчихоосой гэдгийг одооноос анхаарах ёстой юм. Манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа Канад, Орос, Хятадын компаниуд, түүнчлэн хөлс хүчээ дусаан байж орлого олж буй дотоодын бүх компанийн ажилтнууд чухамдаа энэ асуудал дээр санаа зовж байгаа.
Хамгийн гол нь уул уурхайн ашиг орлогыг ард түмний амьжиргаанд наалдуулах хэрэгтэй байгаа учраас л МҮЭХ ийм алхам хийсэн. Миний хувьд сүүлийн 5-6 жил “Ахиухан шиг мөнгө авахын төлөө Гэрээгээ сайн байгуулъя аа” гэсэн зарчмаар хэлэлцээрт орох ёстой гэсэн тэмцэл явуулж ирлээ. Манай улстөрчдийн гоомой, дэндүү мэргэжлийн биш , туршлагагүй байдлаас болж монголчууд алдсан. Нэгэнт Гэрээ байгуулагдсан юм бол одоо орж ирэх мөнгийг ард иргэдэд хэрхэн ашигтай байдлаар зарцуулах вэ гэдэг нь чухал. Юуны түрүүнд, уул уурхайгаас орж ирж буй мөнгө тодорхой байх ёстой. Чухам юунд түүнийг зарцуулах вэ гэдгээ ард түмний бодитой оролцоотойгоор шийдэх учиртай. Улстөрчдийн популист амлалтын бай болж амьдармааргүй байна. Товчхондоо “Оюутолгой”, “Тавантолгой”, “Нарийнсухайт” гэхчлэн уул уурхайн томоохон төслүүдийг “Эрдэнэт” үйлдвэр шиг болгомооргүй байна. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийг хүртэл манай улсын боловсрол, эрүүл мэндийн салбарын зардал, төрийн албан хаагчдын бүх цалин хөлсийг нуруундаа үүрч яваа. Тэгвэл шинэ төслүүдээс үүнээс илүү боломж, бололцоог хэрхэн бий болгох вэ гэсэн асуулт гарна. Үүний тулд, Монголын ард түмэн өөрсдөө төсвийг хянадаг тогтолцоог бий болгоё. Ийм тогтолцоо бий болгохын тулд ард түмэн өөрсдөө зөв хяналтад суралцъя гэсэн агуулгатай шийдвэр юм шүү дээ. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн асуудлыг маш сайн дэмжиж шийдсэн. Тэр хүн түмний эрх ашгийн төлөө их чухал шийдвэр гаргасанд талархаж байна.
Бодлого шийдвэр чухал боловч асуудлын нэг тал нь шүү дээ. Цаасан дээр буугаад мартагддаг олон хууль байдгаас болоод иргэдийн итгэл алдарч байна?
Тийм ээ. Зөндөө олон Санамж бичиг үзэглэн, Гэрээ байгуулдаг, хууль баталдаг. Гэвч Монголын ард түмэнд өөдтэй хэрэгтэй зүйл ердөө наалддаггүй. Харин энэхүү Санамж бичгийн хувьд иргэдэд ямар байдлаар үр дүнгээ өгөх вэ гэдгийг тодруулъя.
Сум, аймаг, дүүрэг болгон боловсрол, эрүүл мэнд, уул уурхайн гээд салбар бүрийн төлөөлөл өөрсдөө хяналт тавьж сурах ёстой юм. Жишээ нь, сумын хөдөлмөрчид 14 хоногтоо, эсвэл сардаа төсвийн мөнгөний талаар хуралдаж, “Манай сум сард 50 сая төгрөгний , жилдээ 500-гаад сая төгрөгний төсөвтэй. Энэ мөнгө юунд зарцуулагдав. Ирэх саруудын мөнгийг юунд зарцуулах гэж байна вэ” хэмээн сонирхдог, анхааралтай ярилцдаг болмоор байна. Мөнгөний тухай хурал гэдэг чинь сонирхолтой, хүн бүр ирдэг учраас ийм хэлбэр их амжилттай болно. “Бидний татварын мөнгийг хэн, хаана, юунд зарцуулах гэж байна вэ” гээд хүмүүс сонирхоод хуралд очно. Тэгээд сумын дарга нь өнгөрсөн сард хоёр удаа аймгийн төв рүү өөрсдийнх нь татварын мөнгөөр бензин хийж явж ирэхдээ бидний төлөө чухам юу хийсэн бэ, ямар ажил бүтээв гэдгийг сонирхох ёстой. Нийслэлийн дүүрэг болгонд ийм хурал хийх хэрэгтэй. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь төлөөллөө Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Д.Зоригт сайдтай уулзуулж “Яагаад цалин нэмэхгүй байгаа юм. Улсын төсвөөс 15 тэрбум төгрөг өгчихөөд байхад тэр нь хаашаа орсон. Аль уурхайн эзэн рүү мөнгө очсон юм бэ” гэж асууж тодруулан, уулзалдаж байх учиртай юм.
Иргэдийн ийм хяналтыг бий болгохын тулд МҮЭХ шат шатныхаа Үйлдвэрчний эвлэлийн хороодод сургалт зохион байгуулна. Төсөвт хэрхэн анализ хийдэг юм бэ, яаж шинжилдэг вэ гэсэн боловсролыг хүмүүст олгох ёстой. Нэг Засаг даргыг, нэг Сайдыг унагах гэж асуудлыг ярих биш юм. Нэг хэлтсийн дарга нь мөнгө идэж байгааг хөөрхий тэр дээр байгаа дарга мэдэхгүй байж болно шүү дээ. Тиймээс мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг хөндлөнгөөс гаргаж байх ёстой. Сумын хурал хийж байхад л сумын төсвийг хэрхэн зөв зарцуулах ёстой вэ гэдэг асуудлаар аймгаас юм уу, МҮЭХ-ны төвөөс шинжээч очиж тэнд шийдвэр биш , харин дүгнэлт гаргаж өгнө. Тухайлбал, танай сум жилдээ 100 сая төгрөгийн зардлаар 40 км-ийн цаана байгаа голоос ус зөөж авчирдаг юм байна. Гэтэл тэр мөнгөөрөө нэг метрийн гүнд хоолой татчих юм бол байнгын устай болно. Цаашдаа жил бүр 100 сая төгрөг хэмнэж, түүгээрээ хүүхдүүддээ зориулж сургуульд нь кабинет байгуулъя аа гэх мэт шийдлүүдийг мэргэжилтэн гаргана. Хүлээж авах эсэхээ ард иргэд шийднэ. Уг нь их том реформ юм шүү дээ. Жирийн ард иргэд, хөдөлмөрчид энэ санааг маань дэмжээсэй. Өнөөдөр уул уурхай, улсын төсөв гээд их ярьж байна. Гол нь нэг их том, хэцүү бэрхшээлтэй тоо ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд байна шүү дээ. Ингэхээр олонх нь “За за энэ бол томчууд нь л шийддэг, ойлгодог зүйл” гээд холдоод, өөрсдийнхөө амьдралын асуудлаас хөндийрчихөөд байна. Манай эдийн засагчид, улстөрчид ойлгомжгүй ярьдаг. Нэгдүгээрт, ярьж байгаа юмаа өөрсдөө ч гүйцэд ойлгодоггүй биз. Хоёрдугаарт, тэд албаар ойлгомжгүй ярьдаг. Ард иргэд аливаа шийдвэрийг ойлгохгүй байгаа бол асуух, тайлбарлуулах эрхтэй. Шийдвэр гаргагчид тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Тийм учраас хажуудаа дандаа мэргэжлийн хүмүүсийг ажиллуулан, мэргэжлийн үүднээс дүгнэлт гаргуулж байх ёстой юм. Энэ бол МҮЭХ-ны зохион байгуулалтаараа шийдэх асуудал. УИХ-ын Төсвийн байнгын хороотой ийм байдлаар хамтран ажиллах төлөвлөгөө гаргаад явж байна.
Бусад улс оронд ийм маягаар төсөвтөө хяналт тавиад, үр дүнд хүрсэн туршлага бий юү?
Надад анх улс төр заасан багш Анки Мартини гэж хүн бий. Багш маань Бундестагт 17 жил ажилласан хүн. Тэрбээр анх ийм моделийг гаргаж Европт 1960-аад оноос амжилттай эхлүүлсэн юм. Би багшаасаа энэ талаар их зүйл сонсож сурсан. Энэ бол миний Монголдоо хэрэгжүүлэхийг хүсч буй нэг мөрөөдөл юм шүү. Ард иргэд маань ч ийм оролцоо, хяналтыг хүсч байгаа гэж ойлгодог. Уул уурхайгаас төсөвт орж ирж байгаа маш их мөнгийг Цагаан сар тэмдэглүүлэх гэж 70 мянган төгрөг болгож хүн болгонд тарааж байгаа нь утгагүй юм. Хүнд өдөр болгон загас өгч байсан дорвол барих аргыг нь заагаад өг гэсэн үг бий. Монголын залуучуудыг томоохон улс оронд, дэлхийн түвшний боловсрол олгодог сургуульд сургах юмсан гэж би мөрөөддөг. Залуусыг гадаадад сургаж, дэлхийн хэмжээний уул уурхайн мэргэжилтнүүд бэлдэх ёстой. Ийм алхам хийхгүй бол манай томоохон уул уурхайн ордууд дээр Филиппин, Индонези, Хятад, Орос, Еврей, Америк, Канад инженерүүд ирж ажиллана. Монгол залуучууд зүгээр л шороо зөөнө. Манаач, үйлчлэгч хийнэ. Гунигтай байгаа биз. Уг нь төрийн бодлого давхар явж байх ёстой шүү дээ. МҮЭХ-ноос энэ чухал асуудлыг хүчтэй тавьж ажиллах болно.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.