Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэнэ

“Хүмүүст хамгийн хэрэгцээтэй боловч үргэлж хол байсаар байгаа эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлснээр мэдлэг мэдээлэлд тулгуурласан иргэдийн оролцоог нийгэмд төлөвшүүлэх юм” гэж Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, хатагтай  М.Мөнхмандах хэлэв. Энэ сарын 16-ны баасан гаригт Хэвлэлийн хүрээлэнд болсон  “Эдийн засгийн хөгжил ба хэвлэл мэдээлэл” хөтөлбөрийн  нээлтийг энэ үгээр эхэлсэн юм. 

Эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийг мэргэшүүлснээр давхар уншигч, үзэгч, сонсогчдынхоо эдийн засгийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрийг Хэвлэлийн хүрээлэн хэрэгжүүлэх болжээ. “Хөгжлийн төлөө сэтгүүлчид” уриатай энэ хөтөлбөрийг Дэлхийн банк, АНУ-ын ОУХА-ны Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл, Олон улсын валютын сан, Сангийн яам, Нээлттэй нийгэм форум, Олон улсын санхүүгийн корпораци, СЭЗДС, “Залуу эдийн засагч клуб” зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. 

УИХ-ын гишүүн, СЭЗДС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал хөтөлбөрийн нээлтийн үеэр сэтгүүлчдэд хандан “Сүүлийн хэдхэн жилд Монгол улсын эдийн засгийн хөгжил чанарын шинэ шатанд гарлаа. Урьд өмнө саяар яригддаг байсан улсын төсөв одоо тэрбумаар хэмжигдэж байна. Үүнийг дагаад бидний харж байгаа цар хүрээ томорч, сэтгэлгээ ч өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцээд сэтгүүлчдийн хөгжил ч шинэ шатанд гарч байна гэж ойлгож байна” гэж хэлсэн нь уг хөтөлбөрийн зорилго, онцлогийг улам ч тодорхой болгосон юм.

Хөтөлбөрт 40 орчим сэтгүүлч хамрагдаж байна. Тэдэнд эдийн засгийн тулгамдсан асуудлаар үнэн бодит мэдээллийг албаны эх сурвалжаас авах, сургалт, уулзалт зохион байгуулах, гадаад, дотоодын мэргэжилтнээс зөвлөгөө авах, аялал, сурвалжлага хийх, хилийн чанадаас сурвалжлага бэлдэх гээд олон давуу тал бий болох юм байна.