Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТОП-100 ЭКО-100 болж гарч ирээсэй

Нялх ногоо нахиалж, хавар эртийн бороо аль хэдийнэ шивэрчихсэн байдаг дөрөвдүгээр сарын өдрүүд нэг л жиндүү. Улаанбаатарын гудамжинд хавар ирэх нь бүсгүйчүүдийн хөнгөн нимгэн хувцаснаас шууд л анзаарагддаг. Гэвч дөрөвдүгээр сарын жиндүү өдрүүдэд юун гоёхтой манатай. Цаг уур хувьсан өөрчлөгдөж, улирлын сайхан үгүй болоо юу гэмээр гунигтай санагдах энэ өдрүүдэд Исландад галт уул оргилон, үнс нурмаар тургиж, Хятадад  газар хөдөлж, орон гэргүй болсон олон зуун хүн дан майханд арай ядан хоног өнгөрөөж байна.

Дэлхий өөрийн хэлээрээ хүн төрөлхтөнд дохио сануулга өгч, уурсан байна уу гэлтэй түгшүүр, зовнил тээсэн энэ үе цагт дөрөвдүгээр сарын 20-ны үдэш Монгол улсын хөгжлийг манлайлагч, шилдэг, толгой аж ахуйн нэгж, байгууллагууд ТОП-100 хэмээн өргөмжлөгдлөө. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа ажилсаг хүмүүс, бизнесийн лидерүүдийн төлөөлөл МҮХАҮТ-ын их танхимд хуран цуглажээ. Олны танил, телевизийн дэлгэцээр улиг болтол гардаг эрхмүүд энд барагтай харагдсангүй. Элдэв гоёл чимгээс илүүтэй даруухан хувцаслалт сонгосон ажил хэрэгч хатагтай нар бизнесийн ертөнцөд хүчтэй орж ирж буйг энэ оройн цугларалтаас харж болохоор байсан.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол улсын Засгийн газартай хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулан өргөмжилдөг уламжлал энэ үдэш ес дэх жилийнхээ нүүрийг үзэж буй юм. ТОП-100 компаниас гадна банк бус санхүүгийн байгууллагын ТОП-10, ТОП-5 банк болон ТОП-100-д өрсөлдөгч ТОП-50 компанийг зохих үзүүлэлтүүдээр шалгаруулжээ. Тэдний улсад төлсөн татвар нийгмийн гол амин зуулга гэдгийг ухаарч, урмыг өгч, ТОП хэмээн өргөмжилж, ТОП-100-д багтсан аж ахуйн нэгжүүдийг Diamond, “ТОП-100-д өрсөлдөгч 50”-д багтсан аж ахуйн нэгжүүдийг  Platinium гишүүний ангилалд багтааж, тусгай хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр дэмжиж буй алхмыг сайшаахаас аргагүй. 

Шалгаруулалтын гол үзүүлэлт нь мэдээж хэрэг улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт. Харин өмнөх жилээс эхлэн бизнесийн нийгмийн хариуцлага буюу Global compact-ийг шалгаруулалтын нэгэн үзүүлэлт болгож, 0,15 процентээр дүгнэж эхэлсэн нь бизнесийн ертөнцөд урин салхи сэвэлзүүлсэн алга ташин хүлээж авмаар  өөрчлөлт байлаа. ТОП-100-гийн жагсаалтыг харж байхад хамрах хүрээ болон төсөвт оруулсан татвар зэрэг үзүүлэлтээрээ “Эрдэнэт үйлдвэр”, Төмөр зам зэрэг төрийн өмч давамгайлсан байгууллагууд эхэндээ жил дараалан шахуу шалгардаг байсан бол сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн дээгүүр давхиж байна. 2006 оноос хойш сүүлийн гурван жил дараалан Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”ХХК, М СИ ЭС групп эхний хоёр байрыг бусдад тавьж өгсөнгүй.

2009 оны ТОП-100-гийн жагсаалтаас нэг содон зүйл анзаарагдсан нь эхний арвын долоо нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буюу ямар нэг байдлаар энэ салбартай холбогдсон аж ахуйн нэгжүүд байна. “Эрдэнэт үйлдвэр”ХХК, М СИ ЭС групп, “Монголын алт” МАК, “Жаст“ групп, Бороо гоулд” ХХК гээд  уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд, Петровис ХХК, Магнай трейд групп гэсэн газрын тосны үйл ажиллагаа явуулж буй компаниуд шалгаруулалтад хүчтэй гарч иржээ. Өмнө нь нэлээд урдуур гарч ирдэг байсан үүрэн телефоны оператор компаниудын байр нэлээд ухарсан үзүүлэлттэй харагдана. 

Монгол улс үүцээ задалж, хүрэн эдийн засаг буюу байгалийн баялаг дээрээ дулдуйдан хөгжлийн тодорхой үе шатаар нэг хэсэгтээ замнах түүхэн сонголтын өмнө ирсэн энэ цаг үед ТОП-уудыг уул уурхайн чиглэлийн компаниуд манлайлж буй нь санамсаргүй зүйл биш. Магадгүй нийт 100-гийн тэн хагас нь энэ чигт үйл ажиллагаа явуулдаг байхыг үгүйсгэх аргагүй.  Хүссэн хүсээгүй Монголын эдийн засаг энэ салбарт тулгуурлаж байгаа, цаашид ч тулгуурлах болно.

Гэвч байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг нь түүнээсээ шууд хамааралтай манай улсын хувьд уул уурхайн үйлдвэрлэл монголчуудад амьдрах газар, орчин үлдээх нь үү гэсэн болгоомжлол, айдас авчирч буй нь нууц биш. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, баялгаа зөвөөр ашиглаж, байгаль орчноо хамгаалж чадахгүй байгаагаас цөлжилт манай орны 70 гаруй хувийг хамарч, олон мянган гол горхи, булаг шанд ширгэж, экологийн аюулгүй байдал түгшүүр зарлалаа. Ерэн насны босгыг элээх гэж буй Ардын уран зохиолч Бөхийн Бааст гуай баруун хязгаар нутагтаа очоод төрж өссөн газар нутгаа танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнийг харж, ийм ч юм үзэж амьд явах гэж хэмээн нулимсаа унаган гасалснаа ярихыг  сонсох гашуун байсан.     

Байгаль цаг уурын өөрчлөлт, гамшиг, их хүйтрэл, дулаарал, цөлжилт ганц монголчууд бидэнд биш дэлхий нийтэд тулгараад байна. Хүн төрөлхтөн өнөөдөр бүх л дэлхийгээрээ байгаль орчны гамшиг, экологийн сүйрлийг угтан харж, шийдвэртэй өөрчлөлт хийх шийдэлд нэгдээд байна. Копенгагены уулзалтаар дэлхийн улс орны тэргүүнүүд байгаль орчны өөрчлөлт, дулаарлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллахаас гадна хөгжлийн шинэ өөр түвшинг сонгохоор шийдвэрлэсэн билээ.

Түүхийн шинэ сонголт, сорилтын өмнө дэлхий даяараа тулгараад байгаа энэ үед Монгол улс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих гараан дээр ирлээ гэж мэдэгдсэн Ерөнхий сайдын үг байгаль орчны доройтолд санаа зовж явдаг хүмүүст итгэл найдварын туяа өгсөн юм. Харин итгэл найдварын энэ туяа бизнесийн хүчирхэг гишүүнчлэлтэй МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг ТОП-100-гийн шалгаруулалтын ёслолоос цацарч мэдрэгдсэнгүй. Тэр тусмаа уул уурхайн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхмууд тавигдаж байгаа үед, басхүү орд газруудаа түшиглэн хөрөнгийн зах зээлд гарч, байгалийн баялгаараа хөрөнгө босгохыг төр, засаг бодлогын хэмжээнд төлөвлөж буй цагт, Монголын бизнесийн ертөнцөд уул уурхайн компаниуд цар хүрээгээрээ жин дарж байхад ногоон бодлогыг хүчтэй ярьж буй Засгийн газар, МҮХАҮТанхим ТОП-ын үзүүлэлтдээ нөгөө хүчтэй дуугараад байсан ногоон хөгжил, ногоон өсөлтийн талаар ганц үг ганхийгээгүй нь дэндүү харамсалтай санагдав. Магадгүй шалгаруулалтын 0,15 хувьд туссан нийгмийн хариуцлага гэсэн гэрэлтэй үгэнд ногоон бодлого багтсан байж мэдэх л юм. Засгийн газар 2009 онд “Бизнесийн хөгжлийн шинэтгэлийн жил” гэсэн гоё нэртэй тодотгол хайрласан. Бас МҮХАҮТанхим “Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил” гэсэн нов ногоохон овог хайрлачихаад байсан болохоор л эндээс ямар нэгэн ногоон зүйл олж харахыг хичээсэн хэрэг л дээ.  Яриа ажил хэрэг болж буй. ТОП-ын бас нэг том шалгуур үзүүлэлт ногоон бодлого байх гэж бодсон. Уул уурхай түшсэн эдийн засаг ухаалаг байх ёстой.
Ногоон бодлого нь зөвхөн байгаль хамгаалах асуудал биш. Энэ бол сэтгэлгээний, амьдрах, үйлдвэрлэх, хөгжих шинэ түвшин. Байгаль дэлхийгээ харах сэтгэлгээгээ тэлэхийг бидний амьдарч буй цаг үе хатуу сануулж, шаардаж байна.

Дэлхий дахин дан технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиг хандлагаа өөрчилж, “Нөөцөд хэмнэлттэй цэвэр технологийн үйлдвэрлэл” эрхлэхэд ихээхэн анхаарч эхэллээ. “Green industry” /ногоон аж үйлдвэр/, “Green growth” /ногоон өсөлт/, “invest green” /ногоон хөрөнгө оруулалт/, “greening the economy” /ногоон эдийн засаг/,  green business /ногоон бизнес/ гэсэн нэр томъёонууд санамсаргүйгээр биш зайлшгүйгээр төрөн гарч ирлээ. Тиймээс ногоон технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд нийгмийг урагшлуулагч томоохон хүчин болох бизнесийнхэн хамгаас түрүүлж, хүчин зүтгэх шаардлагатай болж байна. 

Топ гэсэн үг өөрөө удирдагч, манлайлагч, дагуулагч гэсэн үг. Тэр ч утгаараа ТОП-ууд нийгмийн хөгжлийг дагуулагч байх нь зүйн хэрэг. ТОП-ууд  хамгийн шилдэг сэтгэгчид байх ёстой. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад гарч буй шинэлэг сэтгэлгээ, хандлага, өөрчлөлтөөс манай ТОП-ууд ч бүү хоцроосой. Заавал аль нэг танхимыг хүлээлгүй ТОП-100 өөрсдөө ЭКО-100 болж гарч ирээсэй. ТОП-ууд өөрсдөө манлайлж, бид ногооноор ингэж сэтгэж, ногооноор амьдарч, ногооноор бүтээж, ногооноор үйлдвэрлэж, ногооноор хөгжиж байна хэмээн зарлаасай.
Манай улсад эко хөрш, эко жолооч, эко ресторан, эко станц, эко түлш гэсэн байгаль дэлхийд ээлтэй шинэлэг бизнесүүд хөгжих эсэхийг ТОП-ууд та нар л шийдвэрлэх болно. ТОП-уудаас ихийг хүлээж байна. Ялангуяа эко ертөнцөд эко  шинэ ТОП-уудыг хүлээе.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙ