Нэр бүхий УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа. Яг жилийн өмнө өргөн баригдсан ч дахин боловсруулалтад буцсан хуулийн төсөл өнөөдөр ч гэсэн маргаан, зөрчил дагуулсан хэвээрээ байна. Өрсөлдөөний тухай хуулийн төслийн зовлонг маш олон зөрчилдсөн зүйл заалттай хэмээн хуульчид, ч хувийн хэвшлийнхэн ч үздэг. Энэ удаад энэхүү хуулийн төслийн зөрчил, хийдэл, алдаа, сул талыг зөвхөн хуульчдын нүдээр харъя. Г.Мөнхболд, Л.Заяа, Ч.Эрдэнэчимэг гэсэн гурван хуульчийн байр суурийг сонирхсон юм. Эдгээр хуульчдыг сонгосон нь учиртай.
Хуульч Г.Мөнхболд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Герман болон Америкийн хуулиудтай харьцуулан нэлээд гүнзгийрүүлэн судалсан нэгэн.
Хуульч Л.Заяа Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн удирдагч. Тус нийгэмлэгийн хувьд 1990-2000 онд Монгол Улсын аж ахуй эрхзүйн чиглэлийн суурь гэж хэлж болохуйц 40 гаруй хуулийн төслийг боловсруулахад оролцож, зөвлөгөө өгсөн туршлагатай. Энэ хүрээнд 1993 онд гарсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг шинэчлэн найруулахаар 1996-1997 онд ажиллаж байсан. Гэхдээ Л.Заяа хуульч Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга бус, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн цоорхойд анхаарлаа хандуулсан юм.
Хуульч Ч.Эрдэнэчимэг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн ажилтан. Хууль зүй, дотоод хэргийн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Ажил олгогч эздийн холбоо,GTZ хамтран “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн хүрээнд Монгол Улсад мөрдөж байгаа 400 гаруй хуулиас эдийн засаг, иргэний холбогдолтой 81 хуулийг сонгон авч, хийдэл, зөрчил, давхардлыг арилгах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнд 21 судлаачаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байгаа. Дээрх 81 хуулийн дотор Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай дээрх хууль багтсан бөгөөд Ч.Эрдэнэчимэг энэхүү хууль дээр ажилласан юм.
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний “Bold Partners” төвийн захирал Г.Мөнхболд:
-Төсөлд арай ч дээ гэмээр зүйлүүд нэлээд байна лээ. Тухайлбал, амьдрал дээр давамгай байдалтай, аль эсвэл ноёлох байдалтай аж ахуйн нэгж өөр бусад аж ахуйн нэгжтэй нэгдэж, нийлэх асуудал гардаг. Үүнд зөвшөөрөл өгөх эсэхийг хуулиар Өрсөлдөөнийг зохицуулах хороо шийднэ гээд заачихсан байгаа. Нэгдэж, нийлэх үйл ажиллагаа, шийдвэрийг ийм ийм тохиолдолд зөвшөөрөхгүй гэдгээ хуульчлах ёстой. Гэтэл хэдэн нийтлэг, ерөнхий шинжүүдийг дурдчихаад, үүний хоёроос доошгүй шинж байгаа тохиолдолд татгалзаж болно гэсэн байгаа. Нэгдэж, нийлэхдээ зөвшөөрөл авахад “үгүй” гэж хэлж байгаа тохиолдолд ямар үндэслэлээр гэдэг нь тодорхой биш байна.
Ер нь дэлхий нийтийн жишигт нэгдэж, нийлэх процесс дээр зөвшөөрөл өгөх асуудал ерөөс яригддаггүй. Харин ч эсрэгээр, тэр нь зүй ёсны хөгжил болдог бөгөөд өрсөлдөөнд давуу байдлаа харшаар ашиглаад эхлэх үед л хуваах асуудал сөхөгддөг. Компаниудын нэгдэх нийлэхэд болгоомжтой хандахгүй бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зүйл ч гарч ирнэ. Жишээ нь манай улс нефтийн зах зээлд 100 хувь нэг улсаас хараат. Энэ салбарт Петровис, НИК, Магнай трейд гэсэн гурван “айл” л байна. Петровис, НИК хоёр нь бараг нэг шахуу. Гэтэл эдгээр нь Монголдоо том юм шиг болохоос Оросын компаниудтай харьцуулаад үзэхэд тус улсын нэг муж дахь салбарын хэмжээний л хөрөнгийн эргэлттэй. Петровис, НИК хоёр хоорондоо хамааралтай компаниуд. Яваандаа нэгдэе гэж бодъё. Гэтэл энэ хуулиар бол нэгдэх боломжгүй. Энэ нь ямар үр дагавартай юм бэ гэхээр Монголд тархай, жижигхэн компаниуд л хоорондоо бие биенийхээ үнийг цохиод зодолдохыг өөгшүүлнэ гэсэн үг. Хүмүүс санаж байгаа байх. Хоёр жилийн өмнө Оросын 100 ШТС-ыг Монголд байгуулах тухай яригдсан. Ийм тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийг мөрдөх юм бол манай компаниуд гадаадын хүчирхэг аж ахуйнуудын эсрэг өрсөлдөөнд тэсч үлдэж чадахгүй.
Нэгдэх, нийлэх асуудалд хяналт тавихад нэг Агентлагийн даргын дур зоргоор нөлөөлөх боломжтой болжээ. Энэ нь зах зээлийн ерөнхий зарчимтай зөрчилдөж байна. Бас нэг зүйл нь, хуулийн төсөлд картелийн асуудал их учир дутагдалтай туссан. Картелийн үр дагаврыг тооцох хоёр зарчим байдаг. Компанид үр дагаврыг тусгах, эсвэл картел явуулсан удирдах албан тушаалтан, эрх бүхий этгээдүүдийг шийтгэх асуудал яригддаг. Манайх энэ тал яг юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Компани, албан тушаалтны алинтай нь хариуцлага тооцох нь тодорхойгүй. Дэлхийн жишгийг харахад картелийн үр дагавар дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл картелийг гэмт хэрэг гэж үздэг. Картел зүй ёсны хууль бус үйл ажиллагаа юм бол компанид бус түүнийг хийсэн этгээдүүдийг шийтгэх асуудал яригддаг. Гэтэл хуулийн төсөлд юу юуг картел гэж үзэх, үзэхгүй нь ойлгомжгүй, тодорхой бус байна.
Энэ хууль эдийн засгийн тулгуур хууль учраас маш их олон зүйлийг нарийвчлан тусгаж өгөх шаардлагатай. Зөвхөн гадна талаас нь ярихад л Америкийн ийм хууль 200 гаруй хуудастай, бүхий л нарийн ширийн асуудлыг зохицуулсан байдаг.
Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн удирдагч Л.Заяа:
-Европын орнуудтай харьцуулбал манай улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль харьцангуй олон асуудлыг зангидаж шийдэх гэж оролдсон. Нарийвчлах юм бол энэ хуулийн дагуу гурван төрлийн асуудлыг шийдэх гэж байгаа. Аливаа компани юм уу, үйлдвэрлэгч зах зээл дээр ямархуу нөхцөлтэйгээр гарч ирэх, тухайн зах зээлийн бүтэц ямар байх, нэгэнт зах зээлд гарч ирсэн компаниуд ямархуу байдлаар биеэ авч явах, ямар үйлдлийг хийж болох, алиныг нь хориглохыг зохицуулсан хууль. Эрх зүйн өндөр хөгжилтэй орнууд эдгээр асуудлыг гурван тусдаа биеэ даасан хуулиар шийдвэрлэдэг. Монголын хууль муу байна гэж хэлэхгүй. Хамгийн гол нь гурван асар том асуудлыг гуравхан хуудас дээр, нийт 18 зүйлд багтаан зохицуулах гэхээр яавч болохгүй байгаа юм. /Шинэчилсэн найруулгаар бол 17 хуудас 29 заалтаар зохицуулах гэж байгаа. Сурв./
Энэ хуулийн амин сүнс болсон зах зээл дээр давамгайлах байр суурь гэдгийг тодорхойлохдоо зах зээл дээр тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын 3/1-ээс дээш хувийг дагнан буюу бусадтай хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж хэлнэ гэсэн байгаа. Зөвхөн борлуулалт дээр тогтсон. Гэтэл зах зээл дээр давамгайлах байдлыг үүсгэх маш олон арга бий. Борлуулалт бол зөвхөн нэг хэсэг нь. Давамгайлалт гэдэг нэр томъёог ганцхан борлуулалттай холбох нь учир дутагдалтай. Давамгайлах байдал гээд л орхичих хэрэгтэй юм. Манайх юмыг бүрэн дүүрэн шийддэггүй, техникийн шийдэл хийгээд л явдаг нь энэ хууль дээр харагддаг. Анх энэ томъёолол 50 хувь гэж байсан. Дараа нь болохгүй нь ээ гээд 3/1 болгосон. Одоо 2/1 болгож байна. Асуудал хувьдаа биш, томъёололдоо байна. Давамгай байдал гэдэг нь хуулийн амин сүнс болсон томъёолол. Хуулийн бусад заалт нь энэ томъёололтой уялдан хэрэгжихээр байгаа. Давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнд саад учруулсан хэлцэл хийхийг хориглох, өрсөлдөгчөө эрхшээлдээ авахыг хориглох гэсэн том заалтуудын суурь нь бүгдээрээ борлуулалттай холбогдоно. Борлуулалтын бус аргаар бол яаж л бол яаж давамгайлж болохоор байна.
Өөр нэг сул тал бий. Энэ хуулийн гол агуулга нь улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэгч байгууллага нь эдийн засгийн асуудал эрхэлсэн Сайдын эрх мэдэлд байх ёстой. Засгийн газрын бүтцэд орж, яамныхаа харъяанд байх ёстой. Одоо бол Шадар сайдад харъяалагдаж байна. Шадар сайд өөрийн ажлын аппаратгүй. Салбарын яамныхаа Сайдын эрх мэдлийн хүрээнд, удирдлагад байвал хуулиа хэрэгжүүлэх талаар зоригтой, дорвитой хөдлөх эрх мэдэл нь үүснэ.
Энэ хууль дээр өрсөлдөөнд харш үйл ажиллагаа гэдгийг 7 зүйлээр зохицуулсан. Амьдрал баялаг. Энэхэн 7 зүйлээр тогтохгүй. Хууль бичигчдийн арга техникийн хүрээнд эхлээд ерөнхий зохицуулалт явах ёстой юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнд харш аливаа нэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд дор нь нэн ялангуяа гэсэн тодотголтойгоор энэ 7 зүйл явж байх ёстой юм. Үүнийг малгай зохицуулалт гэдэг. Гэтэл энэ долоогоос өөр өрсөлдөөнд харш үйл ажиллагаа гараад ирвэл зохицуулж чадахгүй болно. Үүнийг бодолцох ёстой.
Мөн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг зөрчсөн аж ахуйн нэгж компанийг торгох тухай байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол 1-2,5 сая төгрөгөөр торгоно гэж байгаа. Шинэчилсэн найруулгаар 20 сая болгоно гэжээ. Торгуулийн хэмжээг хуулийг өөрчлөх бүртээ арав дахин өсгөж ирсэн. Энд маш буруу тактик яваад байгаа юм. Хууль тогтоомжийг боловсруулах техникийн хүрээнд ногдуулах хариуцлагыг мөнгөн тоогоор заахаас аль болох зайлсхийх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл энэ тоо болохгүй боллоо гэхэд дахин шинэчлэн найруулах болдог.
Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн ажилтан Ч.Эрдэнэчимэг:
-Өрсөлдөөний тухай хууль бол зах зээлийн гол хууль. Бизнес эрхэлж байгаа бүх этгээдэд ижил түвшинд үйлчлэх ёстой. Шударга өрсөлдөөн гэдэг нь ямар нэг үйл ажиллагаа явуулах эрх бүгдэд адилхан нээлттэй байхыг хэлдэг. Тэднийг ижил түвшинд өрсөлдүүлэх нь хуулийн гол зорилго. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон шинэчилсэн найруулга хоёулаа орчуулга байна лээ. Манайх олон орны хуулийг орчуулаад хуулбарлаад явдаг. Ямар ч хуулийг орчуулж болно. Гэхдээ өөрийн Үндсэн хуульдаа нийцүүлэх хэрэгтэй. Уялдуулах ажил огт явагддаггүй. Хуулийн үр дагавар тооцдог систем байсангүй. Энэ хууль дээр мөн адил энэ сул тал давтагдсан. Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэн найруулахад дор хаяж хориод хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор байна билээ. Гэтэл дөрвөн хуульд л өөрчлөлт оруулсан. Бусад хуультай уялдуулах, хуулиа суулгах ажил энэ төсөл дээр харагдахгүй байна. Нөгөө талаар, уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашиг дээр учир дутагдалтай хандсан тал анзаарагдсан.
Хуульчид Өрсөлдөөний тухай хуулийн сул талыг ийнхүү өөр өөрийнхөөрөө тодорхойлж байна. Тэдний хувьд бие биетэйгээ санал нийлэх, нийлэхгүй зүйлс цөөнгүй байгааг байр сууриас нь анзаарсан биз ээ. Хамгийн тодорхой нэг зүйл бол энэ хуулийн төсөл дээр учир дутагдалтай, зөрчилдсөн, хэрэгжих механизм тодорхой бус зүйл олон байна гэдгийг хуульчид бүгдээрээ анхааруулж байгаад буй юм. Өрсөлдөөний тухай хуулийн сул талыг бид дараагийн удаад хуулийг гол хэрэгжүүлэгч субъект болох хувийн хэвшлийнхний байр сууриар үргэлжлүүлэн хүргэнэ.