Шүүхийн шийдвэрээр “Майкрософт”-ын үйл ажиллагааг хоёр хуваасан түүх Америкт бий. Хуваагдлын үр дүнд “Apple”, “iPоd” компаниудын үйл ажиллагаа эрс сайжирчээ. Ихээхэн алдартай, технологийн асар дэвшилттэй компаниуд байсан боловч “Windows” зах зээлийг илүү хямд, хялбар үйлдлийн системээр хангаж, өрсөлдөөнийг хаан боогдуулж байна гэж үзсэнээс дээрх шийдэлд хүрсэн байна. Энэхүү шийдвэр “Apple”, “iPоd” компаниудад шинэ боломж, шинэ гарцыг нээж өгсөн юм. Энэ бол Өрсөлдөөний тухай хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж, үр дүнгээ өгдгийн тод жишээ. УИХ-д өргөн баригдаад буй Өрсөлдөөний тухай хуулийн төсөл Монголын хөрсөн дээр хэрхэн бууж байна вэ? Энэ талаар Хууль зүйн зөвлөх үйлчилгээний “Bold Partners” төвийн захирал Г.Мөнхболдтой ярилцлаа.
-УИХ-д өргөн баригдаад буй Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухайд ямархуу бодолтой байна вэ?
-Өрсөлдөөн нь дэлхийн нийтлэг эрх зүйн зохицуулалтад бүр тогтчихсон хэвшмэл, ойлгомжтой болсон зүйл. Америкт энэ чиглэлийн хуулиуд гарч, картелийг /үгсэн тохиролцох/ хориод эхэлснээс хойш 100 жил хөгжсөн салбар. Бид шинэ зүйл санаачилсан юм биш. 1990-ээд оны эхээр батлагдсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд байгаа учир дутагдалтай зүйлсийг нөхөж зохицуулах гэсэн л оролдлого.
Манай хуулиудад нийтлэг нэг онцлог байдаг. Ийм ийм зүйлийг хийсэн бол зөрчсөн гэж үзнэ гээд үр дагаварт нь эрхийг түдгэлзүүлнэ, борлуулалтын тодорхой хувиар торгууль ногдуулна, аль эсвэл компанийг нь хуваана гэх мэт зохицуулалтыг тодорхой заачихаад, яг тэр хуваадаг дээрээ тулахаар эрхээ яаж хэрэгжүүлэх механизм нь тодорхой биш болчихдог. Хуулиар бол үндсэн үзэл баримтлал, гол зүйлүүдээ заачихаад, тэр чиглэлд асуудал үүссэн тохиолдолд юуг яаж хэрэгжүүлэх процедур нь тодорхой байдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд “тэгнэ, ингэнэ” гэсэн заалтууд нь хэтэрхий амьд бус, хэрэгжих нь ойлгомжгүй байна.
-Үгсэн тохиролцох буюу картелийг хуулийн төсөл дээр нэлээд тодорхой тусгасан гээд байгаа. Энэ хуулиар картелийг бүрэн хязгаарлаж чадах уу?
-Картелийн үр дагаврыг тооцох хоёр зарчим байдаг. Компанид үр дагаврыг тооцох, эсвэл картел хийсэн удирдах албан тушаалтан, эрх бүхий этгээдүүдийг шийтгэх. Дэлхийн жишгийг харахад картелийн үр дагавар дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, картелийг гэмт хэрэг гэж үздэг. Картел зүй ёсны хууль бус үйл ажиллагаа юм бол компанид бус түүнийг хийсэн этгээдүүдийг шийтгэх асуудал яригддаг. Гэтэл хуулийн төсөлд компани, албан тушаалтны алинтай хариуцлага тооцох нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хууль санаачлагчид картелийн өөрийнх нь мөн чанарыг сайн ойлгоогүй санагдсан. Картелд үгсэж тохироод хааж боогдуулах, хязгаарлалт тогтоох, үндэслэлгүй үнэ нэмэх гээд янз бүрийн асуудлууд багтдаг. Гэтэл бид юу юуг картел гэж үзэх, үзэхгүй нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Тэр ч байтугай татвараас өршөөдөг, татварын диваажин гэгддэг янз бүрийн нөхцөлүүдтэй адилхан тодорхой чиглэлийн салбарууд дээр картелийг нүдээ аниад өнгөрөөх тохиолдлууд ч байх ёстой. Манайх жижигхэн улс учраас тэсч гарах талаасаа картелийн асуудалд монголчууддаа зориулсан онцгой нөхцөл үлдээх ёстой.
-Тэгвэл картелийг ямар нөхцөлд ярих ёстой юм бэ?
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн дээр өрсөлдөөн явагдах ёстой. Цэвэр өрсөлдөөний үндсэн дээр үнэ тогтож байх ёстой тэр салбарууд дээр картел яригдах ёстой юм. Жишээ нь үр тариа хураагаад, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд ойролцоогоор газар тариалан эрхэлж байгаа мянгаад компани хоорондоо өрсөлдөж байгаа болохоор үүн дээр картелийг ярих ёстой.
-Манай улсын хувьд нефтийн бизнес дээр үгсэн тохирч үнэ нэмлээ гэсэн асуудал их гардаг шүү дээ. Тэд чинь жинхэнэ ёсоор картел хийдэг юм биш үү?
Манайд өрсөлдөөн нэмэгдэж байгаа мэт боловч өрсөлдөөний нөөц, бололцоо хязгаарлагдмал. Нефтийн зах зээл дээр гэхэд л өрсөлдөөн маш хязгаарлагдмал. Үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон 6-7 аж ахуй л байна. Эдний хооронд ганцхан чиглэлд өрсөлдөөн явдаг. Тэр нь уул уурхайн салбарууд дахь томоохон худалдан авагчийн төлөөх өрсөлдөөн.
Нэг сонин зүйл хэлэхэд манайд оруулж ирж байгаа шатахууны 30-40 хувийг л ШТС-аар борлуулдаг юм билээ. Үүнийг төр засаг ч, судалгааны байгууллагууд нь ч анзаардаггүй. Бусдыг нь гадны хөрөнгө оруулалттай, уул уурхайн компаниуд худалдаж авдаг гэсэн үг. Тэр зардал нь уул уурхайн бүтээгдэхүүнд шингээд, тэдгээрийн нэг нь ч Монголд бүтээгдэхүүн болохгүй байна шүү дээ. Дандаа хилийн чанадад гарч байна. Тэгэхээр шатахууны үнэ Монголын эдийн засагт нөлөөлж байна гэдэг нь бараг л худлаа байгаа биз. Төр, засаг бодлогоо хэрэгжүүлж чадахгүйгээс үүдсэн инфляцийн өсөлтийг бусад руу нялзааж, хариуцлагаас бултах гэсэн “хойд хар овоохой” нь шатахуун импортлогчид болчихсон.
Шатахууны үнэ литр тутамд 90 төгрөгөөр өсөхөд, таксины үйлчилгээн дээр нэг километрт 7-10 төгрөг, дээд тал нь 20 төгрөгөөр ачаалал нэмэгддэг. Гэтэл манайхан литр бензиний яг тэр нэмэгдсэн төгрөгөөр километрийн үнээ нэмдэг. Литр тутамд нэмэгдсэн тэр мөнгөний арав хүрэхгүй хувь л тухайн бараа, бүтээгдэхүүний үнэ дээр тусдаг. Үүнийг хэрэглэгчдэд импортлогчид нь ч, төр засгийнхан нь ч тайлбарладаггүй. Яг энэ үйл ажиллагааг чинь л энэ хуулиар хянаж байх ёстой.
Хязгаарлагдмал болон төгс өрсөлдөөнтэй орчинд үүссэн нөхцөлүүдээс хамааран картел ялгаатай.
Яг нарийндаа бол үгсэн тохиролцсон үйл ажиллагааг өмчийн эзэд удирддаг тэр систем аяндаа үгүй болж байна. Тухайлбал, эзэн нь компаниа 40 орчим насандаа байгуулжээ. Одоо эзэн 60 нас хүрчихлээ. Монголчуудын хувьд энэ үеэс физиологийн ажиллах чадвар буурдаг. Тиймээс үр хүүхдэдээ өвлүүлнэ, эсвэл мэргэжлийн чадвартай багийг хөлслөн авч ажиллуулна. Тэгэхээр компани өмчийн эзний хариуцлагаас гарч эхэлж байгаа биз.
Яг үүн шиг дэлхийд компанийн буюу өмчийн эздийн хүлээх хариуцлага нэг тусдаа, харин компанийг удирдан явуулж байгаа этгээдүүдийн хариуцлага тусдаа байдаг. Тухайн үйл ажиллагааг явуулах шийдвэрийг гаргахад оролцсон этгээдүүдтэй хариуцлага яригддаг. Энэ утгаараа картелд хэн нь хариуцагч байх, хэн нь хариуцлага хүлээх ёстой этгээд вэ гэдэг ялгаатай зохицуулалт байх ёстой юм.
-Өрсөлдөөнд хяналт тавих механизм дэлхийн жишигт ямар байдаг юм бол? Энэ жишиг манай хуулийн төсөл дээр тусч чадсан уу?
-Өрсөлдөөний үйл ажиллагаанд хяналт тавьдаг комисс гэж бий. Энэ нь Америкт их хөгжсөн. Комисс нь цуглаад асуудлаа шүүхийн өмнө тавьж, нээлттэй сонсгол маягийн зүйл явагддаг. Маргаанд холбогдсон бүх этгээд танхимын нэг талд, нөгөө талд гомдол гаргасан төрийн бус байгууллагууд суух маягтай. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр асуудлыг шийдвэрлэдэг. Өрсөлдөөний талбар дахь байгууллагууд нь ийм эрхтэй байдаг. Манайхан үүнийг хуульчлах гэж оролдсон байна лээ. Улсын байцаагч ийм ийм эрхтэй гээд. Гэтэл байцаан шалгах тэр эрхээ яаж хэрэгжүүлэх механизм бас л дутуу, процесс нь байхгүй. Улсын байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг Засгийн газар болон холбогдох газрууд нь батална гээд заачихсан. УИХ өөрөөсөө зайлуулчихсан. Энэ нь нэг талаараа сөрөг үр дагавартай.
Засгийн газар шуурхай удирдлагын үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Яам тэрхүү төсөл, бодлогуудыг тодорхойлж, Засгийн газарт оруулдаг болохоор бүр ч хурдтай ажиллана. Ажлынх нь энэ үндсэн зарчимтай холбоод үзэхэд Засгийн газар, яамдаас батлан гаргаж байгаа дүрэм, журмууд маш хурдан өөрчлөгддөг. Асуудал үүсэхэд үр дагавраас нь бултаж, шууд өөрчлөөд явах боломжтой гэсэн үг. Энэ нь нэг талдаа уян хатан сайн талтай мэт боловч, нөгөө талдаа асар муу үр дагавартай. Ямар нэг Засгийн газар бүрдээд, хэн нэг Сайд гарч ирээд, зөв байсан дүрэм журмыг хялбархан хүчингүй болгож, бурууг гаргаад ирэх нөхцөл үүсч байна. Гэтэл хуулийг өөрчлөх нь асар хүнд суртлын процедураар явдаг. Энэ нь ч зөв. Манайд хуулийн хэлэлцүүлэг УИХ дээр их хурдан явдгаас түүхий, алдаатай хуулиуд гараад байгаа юм.
-Хууль батлагдвал давамгай байдалтай аж ахуйн нэгж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөнийг хязгаарласан, өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулсан гэж байцаагч үзсэн тохиолдолд тухайн компанийн өмнөх жилийн ашгийн арав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах эрхтэй байгаа? Энэ заалт хэрэгжих боломжтой юу?
-Өнөөдөр манайд бизнес харьцангуй зөв зүй тогтол руугаа явж байна. Нугалдаг, 50 хувийн ашигтай бизнес гэж үгүй болсон. Нугалахгүй юм гэхэд ядаж 30-40 хувийн ашиг олохын тулд хүмүүс төр лүү хандаад, төрд шахаа хийх гэдэг. Тиймээс төр үнэтэй байгаа юм. Харин аж ахуйн нэгжүүдэд нийтийн жишгээр зардал болон бусад зүйлээ хасаад эцсийн үлдэж байгаа ашиг нь 5-7 хувь л байгаа. Бизнесийнхээ том жижгээс хамаараад мөнгөний хэмжээ нь мөн тэр хэрийн байх нь. Долоон тэрбумын ашигтай ажиллаж байгаа компанийг ашгийнх нь арван хувиар торгоно гээд бод доо. Үүнээс үзэхэд энэ заалт бодит бус, ямар ч хэрэгжих боломжгүй байгаа биз дээ.
-Давамгай байдалтай аж ахуйн нэгж дампуурах нь эдийн засагт сөрөг үр дагавар авчрах уу?
-Өрсөлдөөн сайтай зах зээл дээр энэ зохицуулалтын хувь хэмжээг өндөр тавьдаг. Нэг компани дампуурахад түүнийг орлох дараагийн компани гарч ирдэг. Эцсийн дүндээ энэ хуульд гадны хөрөнгө оруулалттай компаниуд өртөхгүй. Компанийн төв нь хилийн чанадад харъяалалтай, манайд төлөөлөгчийн газар нь л байдгаас тэр. Тиймээс манайхан хэзээ ч гадны компанид хариуцлага хүлээлгэж чадахгүй.
Монголын аж ахуйн нэгж дотоодын зах зээл дээр ашигтай ажиллаж байгаад өрсөлдөөнд хориглосон, хязгаарласан үйл ажиллагаа явуулаад энэ заалтаар торгуулахад тухайн компани дампуурч таарна. Гэтэл манай зах зээлд дампуурсан компанийн дайтай тогтвортой үйл ажиллагаа явуулж, ашигтай ажиллах орлох компани гарч ирнэ гэдэг магадлал муутай. Хоёр сая гаруйхан хүн амтай, тун эмзэг зах зээл.
Эмийн бизнес дээр авч үзье л дээ. Энэ салбарт өнөөдөр “Монос” дангаараа монополь гэж болно. Хажуугаар нь 4-5 компани бий. “Монос”-ыг ашгийнх нь арван хувиар торгож, дампуурууллаа гэхэд түүнийг нөхөх компани гарч иртлээ тодорхой хугацаа туулна. Энэ хооронд гадны компани зах зээл дэх энэ орон зайд ороод ирнэ. Ингэж үндэсний зах зээлээ алдах аюултай. Төгс өрсөлдөөнт зах зээл дээр байдаг хууль, тогтоомжийг манайх шууд оруулж ирэх гээд байна.
БНСУ-д долоон том компани байдаг. Тэднийгээ огт хөнддөггүй байсан. 1970-1980-аад онд эдгээр компаниуд онцгой дархан, халдашгүй эрхтэй байв. Заримд нь Засгийн газраас тусгайлан хуулиуд гаргаж өгч байсан. Одооноос л улс орон нь хөгжөөд, супер болоод ирэхээр “Daewoo” корпорацийнхаа Ерөнхийлөгчийг шоронд явуулж, “Samsung”-ийн Ерөнхийлөгчийг суудлаас нь огцруулж байна.
Японд ч мөн адил. 1960-1970 оны үед дотоодын бүх компаниудаа ийм жишгээр дэмжиж байжээ. Ойрын жишээ гэвэл Хятад улс байна. “Rio Tinto” компанийн арван хувийг эзэмшлээ. Энэ хувийг авахын тулд Засгийн газар нь тэр компанид маш их мөнгө зарцуулан бүх боломжоор нь хангаж, тэр байтугай хүүгүй зээл хүртэл олголоо.
Ингээд бодохоор үндэсний зах зээлийг хамгаалах зүйл энэ хуульд зайлшгүй байх ёстой. Хэт либерал байж болохгүй. Эдийн засгийн маань үндсэн зарчим либерал байх ёстой ч хяналт, шалгалт тавих үйл ажиллагаан дээрээ либерал орчинд мөрдөгддөг хууль тогтоомжийг тэр чигээр нь хуулж болохгүй байгаа юм.