“Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” төрийн бус байгууллагаас эдийн засгийн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг хамруулсан сургалт зохион байгуулах гэж байна. “Хөрөнгийн зах зээлийг сурвалжлан бичих нь, анхан шатны ойлголтууд” сэдэвт нэг өдрийн сургалтыг хөрөнгийн зах зээлийн шилдэг мэргэжилтэн, багш нар явуулах юм.
Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл дээр хэрхэн гарах талаар Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпорацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ лекц уншина. Д.Ачит-Эрдэнэ нь Монголын хамгийн анхны хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн, Монголын анхны хөрөнгө оруулалтын хэлцлүүдийг хийж байсан туршлагатай мэргэжилтэн юм. Мөн хөрөнгийн зах зээлийн анхан шатны ойлголтуудын талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн магистр багш Д.Одбилэг лекц унших юм байна.
Сургалт энэ сарын 21-ний баасан гаригийн 9.30 цагаас МAX TOWER цамхгийн хурлын танхимд эхлэх юм.
Өнөө цагийн өндөр мэдлэг боловсролтой үзэгч, уншигч олон түмний эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн гаргахын тулд сэтгүүлч бидэнд өөрсдөө суралцах, хөгжиж дэвших хэрэгцээ тулгарсаар байгаа билээ. Чухам энэхүү зорилгоос үүдэн “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдийн санаачлагаар байгуулжээ.
Тус байгууллага нь сэтгүүлчдийг сургах, хэвлэл мэдээллийн шинэ менежментийг дэмжин нэвтрүүлэх, технологийн шинэчлэлийн ажилд төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран оролцох, сэтгүүлчдийн уран бүтээлийг хөхиүлэн дэмжих, эдийн засгийн сэдвээр бичих, нэвтрүүлэг бэлтгэхэд нь сэтгүүлчдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг олон төрлийн ажлыг хийхээр төлөвлөснөөс эхний сургалтууд нь ийнхүү эхэлж байна.
Сэтгүүлчдэд зориулсан дээрх сургалтаас өмнө телевизийн инженер техникийн ажилтнуудад зориулсан “Тоон телевизийн туршлага-хөгжлийн хандлага” сургалт хэлэлцүүлгийг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, БНСУ-ын DMB байгууллагатай хамтран энэ сарын 13-ны өдөр зохион байгуулжээ. Энэхүү сургалтад 160 гаруй инженер техникийн ажилтнууд оролцсон байна.
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙ