“Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” төрийн бус байгууллагаас энэ сарын 21-нд эдийн засгийн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг хамруулсан сургалт зохион байгууллаа. “Хөрөнгийн зах зээлийг сурвалжлан бичих нь, анхан шатны ойлголтууд” сэдэвт нэг өдрийн сургалтад өдөр тутмын сонин болон телевиз, радио, сэтгүүлийн 30 шахам сэтгүүлч хамрагдсан юм.
Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл дээр хэрхэн гарах талаар Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпорацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ, хөрөнгийн зах зээлийн анхан шатны ойлголтуудын талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн магистр багш Д.Одбилэг нар лекц уншлаа.
Сургалтыг нээж “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Л.Болормаа үг хэлсэн. Тэрбээр “Өнөө цагийн өндөр мэдлэг, боловсролтой үзэгч, уншигч олон түмний эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн гаргахын тулд өөрсдөө суралцах, хөгжих дэвших хэрэгцээ сэтгүүлч бидэнд тулгарсаар байгаа”-г онцолсон. Цаашид сэтгүүлчдийн дунд санхүү, эдийн засгийн талаарх цаг үеийн чухал сэдвээр сургалтуудыг тогтмол зохион байгуулахаа мэдэгдсэн юм.
Д.Одбилэг багшийн “Хөрөнгийн зах зээлийн тухай анхан шатны ойлголтууд” лекц сэтгүүлчдэд тун хэрэгтэй, хөрөнгийн зах зээлийн тухай анхан шатны зүйлсийг ойлгож авахад чухал хичээл боллоо хэмээн сэтгүүлчид талархалтай байв. Мөн Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпорацийн Ерөнхийлөгч Ч.Ачит-Эрдэнэтэй Монголын ашигт малтмалыг эзэмшиж, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан компаниудын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, Эрдэнэт, Тавантолгойг олон улсын бирж дээр гаргах боломжийн талаар чөлөөтэй ярилцаж, шинэ соргог мэдээллийг олж авахын зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлийн талаарх үндсэн ойлголтуудыг мэдэж авсан нь уг сургалтын үр дүн байсан юм.
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага анхныхаа сургалтыг телевизийн инженерүүдийн дунд зохион байгуулсан билээ. “Тоон телевизийн туршлага-хөгжлийн хандлага” сургалт хэлэлцүүлгэд 160 гаруй инженер техникийн ажилтнууд оролцсон байна.
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙ