Хөрөнгийн биржийн судалгаагаар Монголд 400 мянган хувьцаа эзэмшигч байдаг ч тэдний тал гаруй нь ямар компанийн хэчнээн ширхэг хувьцааг эзэмшдэг, хувьцаанаасаа хэдэн төгрөгийн ашиг олсон гэдгээ мэдэхгүй явж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд идэвхтэй мэдрэмжтэй оролцогчид, тэр дундаа мэдлэгтэй, боловсролтой сэтгүүлчид чухал. Ард иргэдэд энэ талаарх бүх мэдээллийг түргэн шуурхай хүргэж, манлайлж явах сэтгүүлчдэд ч хөрөнгийн зах зээлийн талаар суралцах, хувьцаа, индексийн талаар дүн шинжилгээ хийж мэдээлэх шаардлага зайлшгүй тулгарах боллоо. Бид дэлхийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг олон улсын томоохон агентлагуудын дамжуулсныг орчуулах замаар дамжуулж ирсэн.
Нэгэнт Монгол улс, үндэсний компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл дээр өрсөлдье, тэндээс мөнгө босгоё гэж байгаа бол сэтгүүлчид нь ч тэр талаар мэдлэгтэй болж, өрөөлийн үгийг орчуулах биш өөрсдөө шинжилгээ хийж эхлэх нь чухал гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй онцолж байна. Ганц үнэт цаас ч биш манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон алт, зэс гээд ашигт малтмалын олон бүтээгдэхүүний үнэ бирж дээр ямар хүчин зүйлээс болж унаж, өсч байна, Монголд ямар алдагдалтай, ашигтай талаар анализ хийж бичих шаардлагатайг мэргэжлийн хүмүүс сануулах боллоо. Эдийн засгийн мэдээлэл гэхээр тусламжийн бараа өглөө, шатахууны үнэ өслөө, Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ зэрэг үйл явдлын мэдээлэл хүргэж байгаагаас биш шатахууны үнэ яагаад өсөв, олон улсын бирж дээр түүхий нефтийн үнэ ямар байгаа, үнэ өссөнөөр манай эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр банкуудын зээл хэдэн хувиар хумигдах вэ, жижиг дунд бизнес эрхлэгчдэд яаж нөлөөлөх вэ зэргээр анализ, харьцуулалт хийж мэдээ мэдээллээ бэлтгэвэл илүү үр дүнтэй, уншигчдад өгөөжтэй байх болно. Сүүлийн үед залуучууд маань энэ талын мэдлэг мэдээлэл сайтай болж, олон улсын хөрөнгийн биржүүд дээр тоглож, ашиг орлого олох нь нэмэгдсэн. Хувьцаа ч биш бүр олон улсын валютын бирж дээр тоглож, тодорхой хэмжээний ашиг орлого олж байгаа монгол залуус ч цөөнгүй байна. Гэхдээ зөвхөн тухайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, уг салбарт ажилладаг хэсэг бүлэг хүмүүс биш боломжтой, бололцоотой гэсэн хүн бүр хөрөнгийн биржийн мэдээллийг харж, үнэт цаасны арилжаанд ордог болоход сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг их.
Хөрөнгийн зах зээлийг шинжихэд суурь шинжилгээ болон техник шинжилгээ хийдэг. Суурь шинжилгээ нь урт хугацааны төлөвийг шинжихэд зориулагдсан бөгөөд жирийн хувьцаа эзэмшигчдэд тохиромжтой аж. Харин техник шинжилгээ нь богино хугацааных бөгөөд мэргэжлийн хүмүүст илүүтэй зориулагдсан гэхэд болно. Монголын Хөрөнгийн бирж, Монголын Олон улсын санхүүгийн корпораци гээд хэд хэдэн байгууллага ийм техник шинжилгээг хийдэг бөгөөд өнгөрсөн үеийн тоон мэдээлэл ашигласан загвараар уг хувьцааны үнэ хэрхэн өсөх, буурахыг таамаглаж болдог.
Тэгвэл сэтгүүлчид үнэт цаас, түүхий эдийн үнийг өсч, буурч байгааг хэрхэн шинжиж болох, энгийн хувьцаа эзэмшигч иргэд хэрхэн биржийн мэдээг шинжиж, арилжаанд оролцож болох вэ? Юуны түрүүнд дотоодынхоо хөрөнгийн биржийн мэдээнд анхан шатны шинжилгээ хийж, хувьцааны арилжаанд оролцох нь чухал. Монголын Хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаалагдаж байгаа үнэт цаасны талаарх мэдээлэл хангалттай бий. Ямар үнэт цаас хэдэн төгрөгөөр хэдэн ширхэг борлогдсон гээд бүх мэдээлэл ойлгомжтой байдаг. Гэхдээ анхан шатны шинжилгээ хийхэд нэг анхаарах зүйл нь тухайн өдрийн хувьцааны үнэ ханшнаас гадна хууль эрх зүйн орчин, хөрөнгийн зах зээлд нөлөөлж болохуйц үйл явдлыг ажиглах юм. Тухайлбал Монгол улс 2011 оноос гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгохоор болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдад манай уул уурхайн компаниудын хувьцааг худалдаж авах хүлээлт үүсгээд байна гэхэд болно. Тийм болохоор ирэх оноос манай улсын уул уурхайн компаниудын хувьцаа дотоодын төдийгүй гадаадын биржүүд дээр өсөх магадлал өндөр байгаа юм.
Гэсэн ч иргэд бодит мэдээлэл дээр бус компанийн реклам сурталчилгаанд нь итгэж хувьцаа худалдаж авах нь бий. Үүнээс болж хохирсон жижиг хувьцаа эзэмшигчид ч цөөнгүй. Мөн сэтгүүлчид ч ийм төрлийн сурталчилгаанд автах нь түгээмэл бөгөөд уг хувьцаа хэр найдвартай, компанийн үйл ажиллагаа нь хэвийн, хууль ёсны дагуу явж байна уу гэдгийг огтхон ч анхаардаггүй.
Монголын арилжааны банкуудаас Хөрөнгийн бирж дээр IPO хийх замаар хөрөнгө босгосон хоёр дахь банк “Зоос” банкны хувьцааг жишээ татъя. Анх хувьцаа гаргаж байхад сурталчилгаагаар бөмбөгдөж, 10 гаруй тэрбум төгрөгийг амжилттай босгосон. Гэсэн ч хэсэг хугацааны дараа банкны байдал муудаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Зоос” банк дампуурах нь, “Хадгаламж” банктай нэгдэх нь гэсэн мэдээлэл хүчтэй цацагдаж байв. Энэ үед банкны хувьцаа бага багаар унаж явсаар “Зоос” банк 2009 оны эхний хагас жилийн байдлаар 50 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тайлангаа өдөр тутмын сонинд тавьснаар хувьцаа нь хоёр өдөр дараалан дээд хэмжээгээр буюу 14.75 хувиар унаж байв. Зарим жижиг хувьцаа эзэмшигчид үүнийг огтхон ч анхаараагүй юм. Сэтгүүлчид ч зөвхөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр мэдээлэл цацаж, хувьцааны ханш нь хэрхэн унаж байгааг, ямар алдагдал учруулж болохыг анзаарахгүй өнгөрөөсөн. Энэ жишээнээс тухайн хувьцаат компанийн талаарх мэдээлэл болон Хөрөнгийн биржийн мэдээллүүдийг анзаараагүйгээс жижиг хувьцаа эзэмшигчид хохирч үлддэгийг харж болно.
Тэгвэл хувьцаа гаргагч компанийн өгсөн мэдээллийг маш сайн судалж арилжаанд оролцдог жишээг дурдъя. Лондонгийн хөрөнгийн биржийн AIM board дээр бүртгэлтэй Монголын хөрөнгө оруулалттай “Петро Матад Лимитед” компанийн хувьцааны ханш тавдугаар сараас аажмаар өсч, 0,60 паундад хүрлээ. Энэ нь тухайн компанийн өнгөрсөн намар хөрөнгө оруулагч нартаа өгсөн мэдээлэлтэй холбоотой байв. 2010 оны тавдугаар сараас хайгуулын өрмийн машинууд суулгаж эхэлнэ хэмээн аль хагас жилийн өмнө мэдээлснийг нь хөрөнгө оруулагч нар хүлээж, тавдугаар сар гарах үеэс компанийн хувьцааг худалдаж авч эхэлсэн юм. Өрмийн машин суурилуулна гэдэг тухайн компанид маш том эерэг үзүүлэлт тул уг мэдээллийг дагаад хувьцааных нь ханш өсч, эрэлт нь нэмэгдэж байгаа гэсэн үг.
Харин олон улсын хөрөнгийн зах зээл дээр бол бол секунд, дойлоор хувьцааны ханш өөрчлөгддөг. Тэр бүх мэдээлэл цахим сайт, томоохон мэдээллийн агентлагуудаар тогтмол цацагдаж байдаг бөгөөд бүх мэдээлэл нь ойлгомжтой, тов тодорхой байдаг. Тухайлбал “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш 15 ам.доллар байсан бол 0.75 доллараар уналаа, 50 мянган ширхэг хувьцаа зарагдаж, хаалтын ханш нь 14.25 доллар боллоо, зах зээлийн үнэлгээ нь тэдээс тэд болж буурлаа гээд бүх мэдээлэл нь бий. Харин тухайн үнэт цаасны ханш хэзээ өсч болох, томоохон хүчин зүйлээс болж хувьцаануудын ханш унах эсэхийг маш нарийн мэдээлэл дээр тулгуурлан таамаглаж болно. Хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдалд нэг талаас олон улсын хүчин зүйл нөлөөлдөг бол нөгөө талаас тухайн улсын дотоод хүчин зүйл нөлөөлдөг байна.
Олон улсын хүчин зүйл гэдэгт дайн байлдаан, хямрал, байгалийн гамшиг гээд тухайн улс орноос хальж бүс нутаг, тив, дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц үйл явдал ордог. Үүний хамгийн сүүлийн тод жишээ бол Грекээс улбаатай Европын зарим улсаас илэрсэн их хэмжээний өр, АНУ-ын хөрөнгө оруулалтын томоохон банк “Голдман Сакс”-ын хууль бус үйл ажиллагаа юм. Эдгээр хүчин зүйлээс болж Европ, Америк төдийгүй олон улсын хөрөнгийн биржүүдийн индекс, хувьцааны ханш унасан. Европын орнуудын өрөөс хамааран эхний үед Англи, Германы биржүүдийн индекс унаж байсан бол өнгөрсөн сарын эхээр Азийн орнуудын хөрөнгийн биржийн индекс унаж эхэлсэн. Хөрөнгийн биржийн индекс унаж байна гэдэг тухайн биржийн топ хувьцаануудын ханш унаж байгаа гэсэн үг. Европын өр зөвхөн хувьцааны уналтаас зогсоогүй валютын ханшид ч нөлөөлж байгаа юм. Евро ам.долларын эсрэг суларч, цаашлаад евро байх уу, үгүй юу дээрээ тулж байна. Харин Европын холбоо болон ОУВС Грект зээл өгөхөөр болсон нь унаж байсан Европын тэргүүлэгч индексүүд бага ч гэсэн өсөхөд нөлөөлсөн.
“Голдман Сакс”-ын хувьд ч ялгаагүй. АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос дөрөвдүгээр сарын 16-нд тус банкийг хөрөнгө оруулагчаа залилсан хэргээр шүүхэд өгсний маргааш өдөр хувьцаа нь 12.7 хувиар огцом унасан билээ. Нэр хүнд бүхий томоохон банк ийм хэрэгт орооцолдсон нь бусад хөрөнгө оруулалтын банкууддаа ч сөргөөр нөлөөлж, хувьцааных нь ханш унахад хүргэсэн. Мөн тус банкны гол хөрөнгө оруулагчид болох Англи, Германы томоохон хөрөнгө оруулагчдын ч хувьцаа унасан нь ганцхан таагүй мэдээлэл олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын хувьцааны ханшид хэрхэн сөргөөр нөлөөлдгийг харуулав.
Үүнээс гадна бүс нутгийн хэмжээнд буюу тодорхой хүчин зүйлийн улмаас олон улсыг хамрахгүй хувьцааны өөрчлөлт гарч болно. Дөрөвдүгээр сарын дундуур Исландид галт уул дэлбэрч, ихээхэн үнс нурам агаарт цацан агаарын тээвэрлэлтэд саад учруулсан. Тухайн үед Европын томоохон агаарын ачаа, зорчигч тээврийн компаниудын хувьцааны ханш буурч байв. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 19-22-ны хооронд “British Airways” компанийн хувьцааны ханш 2.7 хувь, “Air Berlin” компанийн хувьцаа 2.4хувь, “Air France” компанийн хувьцаа 1.7 хувиар буурсан. Энэ бол байгалийн хүчин зүйлээс нөлөөлж, тухайн бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт юм.
Энэ мэтчилэн үндэстэн дамнасан корпорациуд, улс оронд өрнөж байгаа томоохон хүчин зүйлээс хөрөнгийн зах зээл, нарийн яривал хувьцаа, бонд, валют, түүхийн эдийн ханш хэлбэлзэж байдаг. Үүнийг ажиглаж, өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурлан зохих анализийг хийж сурах зайлшгүй шаардлагатай байгаа юм.