Монгол улс цаашдаа ашигт малтмалын түүхий эдээ гадагш гаргадаг улс хэвээр байх уу, эсвэл дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болох уу. Цаг үеийн энэ торгон зааг дээр Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай тогтоолын төслийг УИХ өнгөрсөн тавдугаар сард баталсан. Тогтоолын төслийн дагуу УИХ Зэс хайлуулах үйлдвэрийн барилгын ажлыг 2011 оноос эхлүүлэх үүрэг даалгаварыг Засгийн газарт өгсөн ч уул уурхайн салбарынхны анхаарлыг хамгийн ихээр татаад байгаа зүйл нь Зэс хайлуулах үйлдвэрийг хаана барих, ТЭЗҮ-ийг нь хэрхэн боловсруулах тухай асуудал.
“The Mongolian mining journal” яг энэ халуун сэдвийн хүрээнд “Уул уурхайн томоохон төслүүдийн ТЭЗҮ-г боловсруулах тухай” /Зэс хайлуулах үйлдвэрийг хаана байгуулах нь үр ашигтай вэ/ редакцийн уулзалтыг зохион байгууллаа. Редакцийн уулзалтад Монголын үндэсний уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, ШУТИС-ын Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн технологийн багийн профессор, шинжлэх ухааны доктор Я. Гомбосүрэн болон Уул уурхайн хүрээлэн, Ашигт малтмалын газрын төлөөллүүд оролцсон юм. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахдаа хамгийн түрүүнд үйлдвэрийн байршлыг тодорхойлох ёстой гэдэг дээр эрдэмтэн, судлаачид санал нэгдэж байв.
Дашрамд дурьдахад, “The Mongolian mining journal”-ийн зургаадугаар сарын дугаарт нийтлэгдэх Монголын үндэсний уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаагийн Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулж, байршил яаж сонговол оновчтой талаархь ярилцлагаас уншигчид дэлгэрэнгүй мэдээлэл авч болох аж.