Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Хуралдаанаар ТУЗ-ийн даргыг томилсон байна. Улмаар анхдугаар хуралдааны товч мэдээллийг сэтгүүлчдэд дуулгасан юм.
Оюутолгой компанийн ТУЗ-ийн даргаар Г.Батсүхийг томилсон байна. Тэрбээр “Айвенхоу Майнз” компани болон Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компаниас нэр дэвшүүлсэн есөн захирлын нэг аж. Хэвлэлийн хурлын үеэр ноён Г.Батсүх “Монгол орныг дэлхийн уул уурхайн айргийн таван улсын тоонд багтаахын төлөө зүтгэнэ. Түүний тулд Оюутолгойн ТУЗ цаг мөчтэй уралдан зүтгэнэ” гэж мэдэгдсэн. Галсангийн Батсүх нь:
2001-2005 онд Монгол Улсаас Канад улсад суух Перу, Бразил, Парагвай улсуудыг хавсарсан Элчин сайд
2005-2009 онд Монгол Улсаас БНХАУ-д суух Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хамаарсан Элчин сайдаар ажиллаж байсан. Олон улсын харилцааны докторын зэрэгтэй, Монголын үндэсний аялал жуулчлалын газрын захирлаар зургаан жил, тус газрын тэргүүнээр хоёр жил тус тус ажиллаж байжээ.
Г.Батсүхээс гадна ТУЗ-ийн гишүүдээр “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дэд тэргүүн Питер Мередит, тус компанийн гүйцэтгэх ерөнхий захирал, ерөнхийлөгч Жон Макен, мөн компанийн салбар “Айвенхоу Австрали” компанийн худалдаа эрхэлсэн гүйцэтгэх ерөнхий менежер Сэм Риггал, “Айвенхоу групп” компанийн олон улсын бизнесийн зөвлөх Уиллиам Уэлд, “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал, “Айвенхоу Майнз” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Эндрю Хардинг, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх Пунцагийн Цагаан, ХАС банк болон “Тэнгэр” санхүүгийн группын ТУЗ-ийн дарга Чулууны Ганболд нарын есөн хүн ажиллах юм. Хоёр өдөр үргэлжилсэн ТУЗ-ийн хуралдаанаар тэд үйл ажиллагааныхаа дүрмийг хэлэлцэн баталж, Техникийн, Төсөв, Аудит, Хүний нөөц, Сургалтын хороог тус тус байгуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах шийдвэр гаргаж, ТУЗ-ийн дараагийн хуралдааны товыг тогтоосон гэж байлаа.
Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сар өнгөрч байна. Одоогоор баяжуулах үйлдвэрийн суурь цутгах, ажилчдын орон сууцны хотхон байгуулах ажил өрнөж буй аж. Оны эхэнд ажиллаж байсан 500 монгол хүний тоо өнөөдрийн байдлаар 1800 гаруй болж өссөн гэлээ. Энэ байдлаар цаашид сар тутам 300 монгол ажилчин сургаж, ажиллуулах боломжтой гэж ноён Кийт Маршалл мэдэгдсэн. Мөн энэ хугацаанд монгол аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 120 сая ам.доллар зарцуулсан байна. Цаашид 240 гаруй сая ам.долларын төсөв бүхий бүтээгдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалт явуулахаар зэхэж буй гэнэ. Оюутолгойн ТУЗ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр MMJ дараах асуултад хариу авлаа.
Өдөрт олборлох хүдрийн хэмжээг эцэслэн тогтсон уу. Монгол талаас ямар хэрхэн хяналт тавьж ажиллах вэ. Өндөр хэмжээгээр хоног тутам олборлоод эхэлбэл угаас гадаргын урсацгүй говийн бүсэд усны хомсдол үүсэх аюул тулгарна гэж зарим эрдэмтэн үзэж байна. Ер нь Оюутолгойн ТЭЗҮ-д ашиглалтыг говийн усны нөөцөд бус олборлолтдоо тохируулж тусгасан гэх шүүмж бий?
Кийт Маршалл: Монгол Улсын Усны газраас боломжтой гэж үзсэний дагуу бид хоног тутам 100 мянган тонн хүдэр олборлохоор болсон. Уг нь бидний тооцоолсноор бол өдөрт 150 мянган тонн хүдэр олборлох боломжтой гэж үзсэн. Ийм хэмжээтэй олборловол говийн усны нөөц татрахгүй гэсэн судалгаа ч бий. Гэхдээ бид холбогдох байгууллагаас өгсөн заавар чиглэлийг дагаж, дээрх хэмжээнд тогтсон. Гэхдээ олборлолтын хэмжээг цаашид нэмэгдүүлэх болно. Тодруулбал, найм дахь жилээс эхлэн өдөр бүр 150 мянган тонноор олборлох төлөвлөгөө бий. Мэдээж Монгол Улсын байгаль орчин, усны холбогдох газруудын зөвшөөрөлтэйгөөр.
Оюутолгойн ТУЗ-ийн даргаар сонгогдсон ноён Батсүхийг олон улсын харилцааны өргөн туршлагатай гэдгийг бид мэднэ. Энэ эрхмийг сонгох болсон өөр шалтгаан бий юү?
Питер Мередит: Г.Батсүх бол Канад улсын уул уурхайн салбар төдийгүй улс төрийн хүрээнд ч нэрээ гаргасан хүн юм. Канад улсын ЭСЯ-г Улаанбаатар хотод байгуулахад голлох үүрэгтэй ажилласан. Ялангуяа Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсад таниулах чиглэлээр нэлээд хувь нэмэр оруулсан хүн гэж үзэж байгаа. Миний хувьд өөрийгөө ТУЗ-ийн даргаар сонгогдоно гэж найдаж байсан ч бусад гишүүн Г.Батсүхийг сонгочихсон /инээв/. Би ч хүлээн зөвшөөрч байгаа.