Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол орон төслөөр амьсгалж байна. Том том бүтээн байгуулалтуудын санхүүжилт урсч орог ээ гээд Хөгжлийн банк хүртэл бий болгох гэнэ. Арилжааны банкаас ялгаатай нь Хөгжлийнх урт хугацаатай, бага хүүтэй, бүтээн байгуулалтад зориулсан зээл өгөх аж. Төслүүдийн нэрс урсан, төсөв нь дандаа тэрбумаар илэрхийлэгдэх болов оо. Тэрбум төгрөгийг монголчууд их гэж ойлгодог байсан бол одоо тэрбум ам. доллар гэсэн хэмжигдэхүүнээр төслүүдийн төсөв илэрхийлэгдэж байна.

Зэс хайлуулах үйлдвэр барихад 300-400 сая ам. доллар, Сайншандын цогцолборын өртөг арван хэдэн тэрбум ам. доллар… Яам болгон төсөл боловсруулж, дүн тоо нь тэрбум ба их наядаар илэрхийлэгдэх болов. 2016 он хүртэл хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг Үндэсний шинэтгэлийн хороо гаргасан агаад тэдний тооцоогоор  найман тэрбум ам. доллар нийтдээ шаардлагатай гэх. Энэ мэтээр нэрс ба том тооны жагсаалт юу юугүй цуваад эхлэхийг Та анзаарч буй биз. Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард баталсан. Хөтөлбөрийг дагаад хэрэгжүүлэх чигтэй 390 хөтөлбөрийн нэр бас цуврав. Хэдий хөтөлбөр хэмээн өхөөрдөн нэрлэсэн авч төслийн дайтай малгай толгойтой юм гээч. Дор бүрнээ том зорилготой тэдгээр 390 хөтөлбөрийн хамт санхүүжилт дээр нь хамтарч ажиллах гадаад улс орнуудын нэр ус  “зоогдсон” байх аж. Яамны эртүүдхэн зарласан төслөөс агентлагийн арай хожуухан гаргасан хөтөлбөрийн жагсаалт юугаараа ялгаатай байх вэ? Нэр давтсан, чиглэл ойртсон төслүүдийн тоо арван хэд биш зуугаар хэмжигдэх нь.

Хэн нь, хаанаа төвлөрүүлэн эдгээр төслийн удирдлагыг хэрэгжүүлэх юм бол оо? Нэг хэсэг гадаад улс орнууд, хандивлагчдын буцалтгүй тусламж ба хөнгөлөлттэй зээлийн бодлогыг уялдуулан зангидах бүтэцгүй, Сангийн, Гадаад хоёр яамны хооронд асуудал “хэсч” явсан шиг чиглүүлэгчгүй баахан төслийн нэрс цуваад байх болжээ. Ерөнхийдөө,  Засгийн газар удирдлагыг хэрэгжүүлэх бололтой. Их наядын төслүүдийн санхүүжилт Хөгжлийн банкаар урсч орно гэж дээр хэлсэн шүү дээ. Тэгвэл Хөгжлийн банк ч бас төрийн мэдлийнх. Манай төр маш их ажилтай, тамтаггүй их хөрөнгө хуримтлуулсан байхаар нэг иймэрхүү төсөөлөл та бидэнд сүүлийн үед буух болж дээ. 1990-ээд оны дундаас 2000-гаад оны эхэн хүртэл хөрөнгө оруулагчдаас тасралтгүй авсан хөрөнгийн дийлэнх буцалтгүй тусламж нэртэй, хариуцах эзэн сонин биш байсан бол өнөөдрийн шинэ монголчуудын урин дуудаж буй их мөнгө тус бүр ардаа нэхэх эзэнтэй, тооцох хариуцлагатай. Тиймээс төслүүдийн ард зоож буй төсөв болгон өндөр үнэ цэнэтэй хариуг монголчуудаас нэхнэ ээ.

Эндээс хамгийн гол асуулт гарна. Хэн эдгээр төслийг санхүүжүүлэх юм? Төслөөс үр ашиг хүлээх тэр хүмүүс хэн бэ? Тэр бол Монгол оронд хэрэгжих яг энэ төсөл ийм үр ашигтай учир би ийм хэмжээний санхүүжилт хийнэ хэмээн зах зээлийн тооцоо хийж буй эрхэм. Санхүүжүүлэгчдэд юуны түрүүнд тухайн төслийн техник, эдийн засгийн бодитой үндэслэл-тооцоо хэрэгтэй. Мөнгө өгчихөөд санхүүжүүлэгч зүгээр суухгүй. Тэр бол ерээд оны “ Икарус” автобусны эзэн биш. Оруулсан хөрөнгө болгоныхоо үр ашгийг тооцно. Зөв тооцохын тулд монголчуудтай санхүүгийн нэг хэлээр ярихыг хүснэ. Энэхүү хэлийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн систем гэнэ. Түүнчлэн, Монгол дахь хамтарсан болоод хөрөнгөө оруулсан компанийн үйл ажиллагаа ил тод байхыг шаардана. Ерээд оны Дарханы мах комбинатад шахсан буцалтгүй тусламжийн хөрөө заазуур, мах хэрчигч  тавцан биш, “”Икарус” автобусны салхины шил бус. Шинэ үеийн  хөрөнгө оруулагч өглөгч боловч бизнесийн нэн хатуу гэрээтэй. Өөрөө цаанаа хувьцаа эзэмшигчидтэй, тэдний санхүүгийн зах зээлд байршуулсан мөнгөөр “наадаж” байгаагийн хэрэг юу билээ, алхам болгоноо хувьцаа эзэмшигчдэдээ тайлагнана. Нэг иймэрхүү өөр, шинэ үеийн хамтын ажиллагааг монголчууд эхлүүлэх гэж  байна. Олон сайхан төслийн жагсаалт бэлдэх их амархан боловч тэрхүү бүтээн байгуулалт бүр үр ашигтай болохыг хөрөнгө оруулагчдад нотлон харуулж санхүүжилт олж авах, түүнчлэн үйл ажиллагааг нь амжилттай удирдан, ил тод тайлагнана, энэ болгоны эцэст өөрсдөдөө баялаг хуримтлуулна гэдэг монголчуудын урьд дуулж үзээгүй аялгуу, хуурдаж сураагүй явсан ноот юм.

Монгол орон том том төслүүдийн нэрээр амьсгалж буй энэ өдрүүдэд Засгийн газар буюу төр ажил асуудал болгоныг нуруун дээрээ үүрэх гэж урдуур зүтгэх болсныг шүүмжлэхийг хүсч байна. “Зэс хайлуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг Засгийн газар зургаан сарын дотор хийх үүрэг авав” гэх мэт социалист үүрэг амлалт хөврөх болжээ. Ерөнхий сайд ТЭЗҮ хийгээд, шугам харандаа бариад сууна гэж юу байх вэ, энэ бол мэргэжлийн байгууллагын хийдэг ажил. Засгийн газар хөрөнгө татах бодлогоо нээлттэй зарлаад, хяналтаа хийх ёстой болохоос өнөөдөр нэрс нь цуварч буй хэдэн зуун төслийн ТЭЗҮ нухаад суувал их сонин юм болох биз ээ.

Хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалтуудтай зэргэцээд улсын төсөв, бас зээл тусламжийг уялдуулах бодлого хэрэгтэй болж байна. Чухамдаа энэ нь Засгийн газрын гол ажил юм. Улсын нэгдсэн Хөгжлийн бодлоготой болох, түүнийгээ төрийн байгууллагууд нийтээр хүлээн зөвшөөрдөг болох шаардлага бий. Өнөөдрийнх шиг яам бүр төсөл зохиож, Шинэтгэлийн хороо өөрийнхөө жагсаалтыг гаргаж, УИХ нь  Засгийн газартаа  ТЭЗҮ хийх үүрэг өгөөд суух юм бол төслүүд хөгжлийнх биш, харин хэрүүлийнх, Хөгжлийн банк улстөрчдийн үзэмжийн байгууллага болно. Одоо төслийн нэр нэмж санаачлахаа зогсоогоод, харин яаж санхүүжилт авдаг вэ гэдэгт суралцаж, нэгдсэн бодлогодоо анхаарал хандуулах цаг ирсэн байна.

Хонконгийн Хөрөнгийн бирж дээр  2009 оны ес ба аравдугаар сард 10 тэрбум ам. долларын санхүүжилт боссон бөгөөд хөрөнгө татаж чадсан төслүүдийн тал нь уул уурхайн, тэр дундаа дэд бүтцийнх байжээ. Санхүүгийн хямралын оргил  үед энэ их хэмжээний хөрөнгө босчээ гэдэг нь хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хуримтлал байгаа, тэд сайн төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгийг харуулна.

Тэгвэл сайн төсөл гэж юу вэ? Нөөц бололцоогоо ашиглахын тулд аливаа үндэстэн баялаг бүтээх төсөлд л хөрөнгөө оруулдаг механизм байх хэрэгтэй. Баялаг бүтээх төслийн шалгуурыг хувьцаа эзэмшигчид бий болгодог. Тэдний нүд чих төслийн үр өгөөжийг нягтлан, хянаж буй учир компани үр ашгийн төлөө нээлттэй шударгаар ажиллана.

Харин муу төсөл гэж юу вэ? Засгийн газар ТЭЗҮ-г нь нухаж суугаа тэр төслүүд хамгийн чанаргүй төлөвлөлтүүд. Учир нь тэнд эдийн засгийн агуулгаас илүүтэй, улс төрийн шийдвэрээр том том төслийг баталж байна. Ганц үйлдвэр байгуулахын тулд ус, байгаль орчны асуудал, цахилгаан, хот суурин, хүн ам зүй, кластр, зах зээл, зам харгуй гэхчлэн иж бүрэн судалгаа тооцоог нарийвчлан хийдэг атал манай Засгийн газар хагас жилийн дотор зэс хайлах үйлдвэрийн ТЭЗҮ зохиодог “эрдэм шинжилгээний институт” болон бүдүүвчлэгдэж байна. Шинжлэх ухааны үндэслэл тооцоогүй , улс төрийн ухаанаар шийдэгдсэн, их наядын төсөвтэй мега төслүүд Монголын хөгжлийг урагшлуулах биш, ухраана. Төслийн нэр зохиож сурлаа. Одоо агуулга, ажил хэрэг рүү алхам хийх цаг иржээ. Муу төсөлд улс төрийн зорилготой хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэгвэл эдийн засгийн үр ашигтай төслийг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид санхүүжүүлдэг. Хяналт өндөр, улс төрөөс хараат бус гэсэн үг.