“The Mongolian Mining Journal” нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран эдийн засаг, уул уурхайн чиглэлээр санал асуулга, судалгаа тогтмол явуулдаг билээ. Тус сэтгүүлээс энэ удаа 2010 оны эхний хагас жилд нийгмийн санаа бодолд хамгийн хүчтэй нөлөөлж чадсан, эдийн засгийн сэдэвтэй сэтгүүл зүйн бүтээлд хамгийн их нэр нь дурдагдсан найман эдийн засагч, нийгмийн зүтгэлтнийг тодруулж, шагналыг нь гардууллаа.
2010 он гарсаар Монгол улсын эдийн засагт олон онцгой үйл явдал болж байна. Засгийн газраас энэ оныг бизнесийн орчныг шинэтгэлийн жил болгон зарлаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах, Тавантолгойн ордыг ашиглах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг өмнөө тавьж шийдвэрлэж байгаа. Энэ бүхэнд Засгийн газрын тэргүүн С.Батболдын байр суурь ихээхэн чухал үүрэгтэй. Судалгаагаар Ерөнхий сайд С.Батболдын нэр сэтгүүл зүйн бүтээлд хамгийн их дурдагдсан номинацид тэргүүлж, түүний араас Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар удаалжээ.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод “The Mongolian Mining Journal”-н хамт олон өнөөдөр шагналыг нь гардуулж өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд “Засгийн газар Монгол улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэтгэл хийхийг гол зорилтоо болгон ажиллаж байна. Энэ чармайлтыг эдийн засагчид болоод сэтгүүлчид олж харан тодорхойлж байгаад баярлалаа. Эдийн засгийн ардчилллыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байгаа биднийг дэмжиж байгаа та бүхэнд талархаж байна. Монгол улсын Засгийн газраас энэ жил олон том зорилтыг тавин ажиллаж байна. Бидний ажлын зөвийг нь олон нийтэд таниулан ойлгуулж, алдаатай, болохгүй бүтэхгүй байгааг нь хурцаар шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Mongolian Mining Journal-н хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцлон хэллээ.
Дашрамд дурдахад Ерөнхий сайд С.Батболдоос гадна Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, эдийн засагч Н.Дашзэвэг, Д.Жаргалсайхан, Б.Баттөмөр, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар нар нийгмийн санаа бодолд хамгийн ихээр нөлөөлж, өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн, сэтгүүл зүйн бүтээлд хамгийн их нэр нь дурдагдаж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан шилдэг найман эдийн засагчаар шалгарчээ.