Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ

"Оюу Толгой" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Кийт Маршалл MMJ сэтгүүлийн шинэ дугаарын зочноор уригдлаа.

"Оюу Толгой" төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсоор нэг улирал өнгөрлөө. Гэрээ үзэглэгдсэнээс хойш ямар ажлууд хийгдэж байгаа талаар яриагаа эхлэх үү?

Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш буюу энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс ажил маш эрч хүчтэй хийгдэж эхлээд байна. Нэн тэргүүнд бид мэдээж барилгын ажлуудаа хурдтай эхлүүлсэн. Хийх ёстой үндсэн ажлуудаас  гадна зураг төслийн бусад гүйцэтгэл ч эхэлсэн. Нөгөөтэйгүүр, төслийн талбайд хийж байгаа хамгийн том ажил бол баяжуулах үйлдвэрийн суурийг тавьсан явдал. Мөн ган хийцийг хийхээр бэлтгэл ажил явагдаж байна. Одоо хүлээж буй ажил бол барилга угсралтад гэрээгээр ажиллаж байгаа байгууллагуудын маань хувьд намар болж, сэрүү орохоос наана сууриа цутгаж дуусгах хэрэгтэй байна.

"Оюу Толгой" төслийн талбайд ажиллаж буй Монгол ажилчдын тоонд эргэлзэх хүн цөөнгүй байна. Одоогоор хэчнээн хүн ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

Зөвхөн барилгын ажлын хувьд өнөөдрийн байдлаар төслийн талбайд 3000 орчим хүн ажиллаж байна. Гэрээ үзэглэгдэхээс өмнө монгол ажилчдын тоо 500 байсан бол өнөөдрийн байдлаар 3000 дөхөөд байна. Мөн манай хөрш Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдаас төслийн үе шатанд гар бие оролцъё гэсэн хүсэлтэй залуус мөн ажиллаж байгаа. Залуусыг мэргэшүүлэх талаар энэ хугацаанд нэлээд ажил амжууллаа. Боловсон хүчний сургалтын хувьд монголчуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд нэлээд ахиц гаргасан.

Барилгын шатанд түр боловсон хүчин авч ажиллуулахаас гадна байнгын ажилтан бэлтгэх талаар ямар төлөвлөгөө байгаа вэ?
Залуусыг барилгын хэсэгт ажиллуулахын зэрэгцээ ирээдүйд энэ төслийг авч явах хүмүүсийг бэлтгэхийн тулд холбогдох Яамдтай хамтран ярилцаж байна. Голчлон тохирч байгаа байгууллага бол Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам. Харьяа яамтай бид мэргэжлийн сургалтын сургууль байгуулахаар тохиролцож, Санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Уг санамж бичигт заасанчлан Өмнөговь аймгийн Даланзадгад болон Улаанбаатар хотод тус бүр нэг, нийт хоёр сургууль байгуулах юм.

Мөн уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Монголын таван их, дээд сургуульд хөрөнгө оруулалт хийх хэлэлцээр хийсэн. Дээр дурдсан ажлууд ойрын таван жилд ажил хэрэг болж, нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно. "Оюу Толгой"-н ашиглалт эхлэх үед Монголын их, дээд сургуулиуд зөвхөн инженер бэлтгэдэг бус техникчид гэх зэрэг мэргэжлийн боловсон хүчин сургадаг болох суурийг тавилаа гэсэн үг. "Оюу Толгой"-н ашиглалт эхлэх үед 3500 ажилтан шаардлагатай. Тиймээс боловсон хүчнээ шуурхай бэлтгэх хэрэгтэй байгаа юм. Ирээдүйд "Оюу Толгой"-д тогтвортой ажиллах хүмүүс доод тал нь зургаан сар, түүнээс дээш хугацааны сургалтад хамрагдах шаардлагатай.

Тэгвэл гадны боловсон хүчний талаар тоон мэдээлэл өгөөч. Ялангуяа БНХАУ-аас авч ажиллуулж буй боловсон хүчний тухайд?

Барилгын ажлын маань идэвхтэй хугацаа 18-24 сар байгаа. Энэ үед бид яах ч аргагүй БНХАУ-аас барилгын боловсон хүчин гэрээгээр авчирч, ажиллуулж байна. Хятадын компаниуд ган хийцээр мэргэшсэн төдийгүй үйлдвэрлэлийн объект барих арга туршлагаар илүү байгааг тодотгох нь зүйтэй. Одоо байгаа хятад ажилчид 18-24 сарын гэрээтэй буюу түр хугацаагаар ажиллах боловсон хүчин юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар барилгын шатанд нийт ажиллах хүчний 60 хувь нь монголчууд байх ёстой. Бид Нийггмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамтай (НХХЯ) энэ талаар байнга зөвлөлдөж, холбогдох уулзалтуудыг хийж байгаа.
Өөр нэг тодруулах зүйл бол, дээр хэлсэн заалтын дагуу төслийн талбайд 60х40 гэсэн харьцааг хангахад одоогоор бидэнд байр сууцны хувьд хүндрэлтэй байна. Тиймээс төслийн талбайгаас гадна ажиллах хүч авах төсөл хөтөлбөр давхар хэрэгжүүлэхээр харьяа яамтай ярилцаж байгаа.

Төслөөс зарлаж буй бараа үйлчилгээ, ажлын тендерт дотоодын компаниуд хэр идэвх, чадамжтай оролцож байгаа вэ?

Барилгын шатанд зөвхөн БНХАУ-ын компаниуд оролцоод байгаа юм биш, "Оюу Толгой''-той гэрээтэй ажиллаж байгаа монгол компаниуд олон бий. Бид ч дотоодын компаниудад боломж олгохыг хичээж байгаа. Учир нь ирээдүйд барилга байгууламжийн тал дээр хамтарч ажиллах үндсэн гэрээт компанийг бэлтгэн сургаж, чадавхийг нь нэмэгдүүлэхийг зорьж буй хэрэг. Одоогоор төслийн талбайд Монголын барилгын компаниуд ажиллаж байгаа. Саяхан бид нэлээд өртөг өндөртэй тендерүүд зарласан. Үүнд монгол компаниуд давуу эрхтэй оролцох боломжтой. Тендерүүдийг нэрлэвэл, Оюу Толгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл зам тавих, нисэх онгоцны буудлын зурвасыг хатуу хучилттай болгох, эрчим хүчний шугам татах гэх мэтчилэн тендерүүдэд монгол компаниудад давуу эрх олгож байна.

Нийт зарласан тендерийн дунд зөвхөн ажил гүйцэтгэлээс гадна тоног төхөөрөмж худалдан авах гэрээнүүд бий. Ил уурхайн хөрс хуулалт эхлэх үед хүнд даацын  машин, эксковатор, тоног төхөөрөмж хэрэгтэй болно. Зөвхөн энэ төрлийн тендерт нийт 200 орчим сая ам.долларын хөрөнгө зарахаар төлөвлөн, нийтэд мэдээлсэн. Тендерүүдийг шалгаруулахдаа бид шууд гадны улсаас нь биш импортолж, дамжуулан борлуулдаг монгол байгууллагуудыг сонгох бодлого баримтлах болно. Мэдээж гадаадын бүтээгдэхүүн худалдан авах нь ойлгомжтой ч гэлээ Монголын компаниудаар дамжуулж авна гэсэн үг. Одоогоор "Оюу Толгой"-д дотоодын аж ахуйн нэгжүүдээс хамгийн том ханган нийлүүлэгч нь “Петровис” компани байна. (Бараа бүтээгдэхүүнийг нь Улаанбаатараас Чойроор дамжуулан 24 цагийн турш эрчим хүчний эх үүсвэр болох түлшээ авч байна.) Түүнээс гадна “Изинис”, “Аэро Монголиа” гэх мэтчилэн компаниуд бий. Нэмүү өртгийг эндээ, Монголд шингээнэ гэдэг чухал.

Энэ удаагийн тендерүүдийг хэзээ үнэлж, шалгарсан компаниудтай хэчнээн жилийн хугацаатай хамтрах вэ?

Энэ есдүгээр сард шалгаруулалтыг хийж дуусгана. Цаашлаад хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Нийт өртөг нь 300-350 сая орчим ам.доллар.

Төслийн хүрээнд цахилгаан станцыг хаана байгуулах эсэхээ тогтсон уу?

Хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчийг есөн жилийн хугацаанд өмнөд хөршөөс татаж, ашиглана гэж заасан. Барилгын анхан шатны үе буюу 4-5 жилийн хугацаанд Монгол Улсаас цахилгаан татах боломжийг хайна. Бидний харж байгаагаар Өмнөговьд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй томоохон компаниуд нэгдэж, дундаа цахилгааны нэг эх үүсвэртэй болчихвол зөвхөн бидэнд ч биш бүхий л компанид ашигтай байна. Есөн жилийн хугацаанд эрчим хүчний асуудал шийдэгдээд нэгдсэн нэг эх үүсвэрийн тухай яригдах байх гэж найдаж байгаа.
Бид уул уурхайн бусад компанитай зөвхөн эрчим хүчний асуудлаар төдийгүй боловсон хүчний талаар ч хамтрахаар ярьж байна. Бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтарвал илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.

Хамтарна гэдэг чухал санаа байна. Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтрах, ялангуяа автозамын асуудлаар тохирсон, үр дүнд хүрч байгаа яриа хэлэлцээр бий юү?

Бид Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамтай (ЗТБХБЯ) энэ чиглэлээр ярьж байгаа. Тодруулж хэлэхэд, бидний барьж байгаа замын зөвшөөрөл нүүрсний  замаас огт өөр. “Энержи Ресурс”-тай замын асуудлаар санал солилцож үзсэн боловч яалт ч үгүй замууд өөр байсан. Улмаар бид харьяа яамтай ярилцаж, манай зам явдгаараа явъя, харин сүүлийн 25 км-т нь нэг чиглэлийнх байгаа учир бусад компанитай нэгтгэж зам барих боломжтой гэж тохирсон. Ерөнхийдөө Тавантолгойн хувьд ачаа тээврийн хамгийн оновчтой шийдэл нь төмөр зам байж болно. Өдөрт тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээ, замын ачаалал, аюулгүй байдлын хувьд тэр автозам байх нь хэцүү.

Цаг хугацааны хувьд гэрээ үзэглэгдсэнээс өмнөх хийгээд дараах олон нийтийн уур амьсгалд ялгаа ажиглагдаж байна уу, Таны бодлоор?

Гэрээ зурагдахаас өмнө бол төсөл улстөрчдийн яриагаар төсөөлөгдөж байлаа. Ард түмний дунд маш их хүлээлт байсан. Ажилчдын тоо нэмэгдэж байгаа нь энэ төслийн урагштай явааг хүмүүст ойлгуулсан. Нэг шөнийн дотор болоод өнгөрөх биш тогтвортой, урт удаан хугацаанд өгөөжөө өгөх төсөл гэдгийг хүмүүс ойлгосон болов уу. Нөгөөтэйгүүр цар хүрээг нь ч гэсэн ойлгосон байх. Сургалт, боловсон хүчний тооноос эхлээд бодоход том төсөл гэдэг нь ойлгомжтой. Зөвхөн 4-5 жил үргэлжлэх барилгын шатнаас гадна гүний уурхайгаа барихаас эхлээд барилгын ажлын шат ес орчим жил үргэлжилнэ. Олборлолт эхэллээ гэхэд доод тал нь 3-4 жилийн дараа анхны зэсийнхээ барааг харж, бодит үйлдвэрлэл явагдаж эхэлнэ гэсэн үг. Энэ хугацаанд мэдээж төрийн зүгээс татвар хураамжаа авна, монгол компаниудын оролцоо нэмэгдэж, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна. Жишээ нь, бид Даланзадгадад бизнес инкубатор төв байгуулах гэж байгаа. Учир нь уурхай ашиглалтад ороод эхлэхээр хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнээ орон нутгаас татаж авах учраас бизнес инкубатор  төвүүдийг нээж байна. Ерөнхийдөө цаг хугацаа өнгөрөхийн хэрээр төслийн үр өгөөжийг монголчууд ойлгох болно. Монголын аж ахуйн нэгж "Оюу Толгой"-д нэг барааг ч атугай нийлүүлэх, цаашид тогтвортой хамтрах өргөн боломж нээгдэнэ гэдгийг ойлгох байх.

Магадгүй Монголчуудад өргөн цар хүрээтэй төслийн туршлага хараахан байхгүй болоод үр дүнг нь хурдхан үзэх тэмүүлэл үүсээд буй байж мэднэ.  Та бүхний хувьд ийм нөхцөлд хийж буй бүтээн байгуулалтын тухай мэдээллээ олон нийтэд илүү дэлгэрэнгүй түгээх шаардлагатай гэж хардаг уу?

Нэг шөнийн дотор үр шимийг нь хүртэх ажил биш гэдгийг ард түмэн тодорхой хэмжээгээр ойлгох хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт, зэсийг олборлохын тулд мэдээж эхлээд дэд бүтэц, бүхий л шаардлагатай хүчин зүйлсээ байгуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, урт удаан хугацаанд ажиллаж байж өгөөжийг нь хүртэнэ гэдгийг ойлгох шаардлагатай. Мэдээж зэс олборлоод эхлэхээр Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувийнхаа ногдол ашгийг авна. Мөн татвар хураамжаа ч авах болно.

Бидний хувьд Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд түүнийхээ үр ашгийг урт удаан хугацаанд тогтвортой хүртэх нь чухал. Ялангуяа "Оюу Толгой"-н хувьд хөрөнгө оруулалт хийгдээд эхэлчихсэн. Үр ашгийг нь монголчууд тодорхой хэмжээнд хүртэж эхэлсэн гэж ойлгож байгаа. Өмнө хэлсэн 500 хүн ажиллаж байсан талбайд 3000 орчим хүн ажиллаж, цалин хөлсөө хүртээд эхэлсэн, мөн шатахуун худалдан авч байгаа зэрэг хөрөнгө оруулалтыг нэмүү өртөг шингээж буйтай холбож үзэж болно. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн хямрал тодорхой хэмжээнд нөлөөлсөн ч гэлээ их хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүн гарч л таарна.

Өнөөдрийн байдлаар бид 59 жил ашиглах уурхай гэж ярьж байгаа. Магадгүй цаг хугацааны хувьд уртасч болно. Ашиглах хугацааны туршид энэ хөрөнгө оруулалт байнга хийгдэж явна.

"Оюу Толгой"-н ТУЗ-ийн хоёр дахь хурал удахгүй болно. Энэ удаагийн хуралд ямар асуудлаар түлхүү ярих бол?

ТУЗ-ийн хурлаар үндсэн гурван ажлын гүйцэтгэлийг ярилцдаг. Энэ удаад ч мөн нэн тэргүүнд барилгын ажил, ашиглалт олборлолтын төлөвлөлтийн асуудал, судалгааны чиглэлийн хэтийн төлөв, төсвийн гүйцэтгэл, ирэх оны төлөвлөлтийн талаар ярилцах болно. “Эрдэнэс МГЛ” буюу Монголыг төлөөлж байгаа хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулдаг асуудал бол Монголын талын оролцоог нэмэгдүүлэх явдал. Энэ тухай санаа оноог мөн сонсоно.

Саяхан бид Монголын талаас сонгогдсон гурван гишүүнийг "Оюу Толгой"-д аваачиж танилцуулсан. Уул уурхайн том төслийг ойлгоход бэрх байдаг. Тийм учраас тэднийг мэдээлэлтэй болгох үүднээс нэлээд гүнзгий ойлголт өгөх зорилготой танилцуулсан. ТУЗ-ийн хурал ирэх долоо хоногт болно, болдог журмаараа л өнгөрөх байх.

Төслийн эхлэл шатанд тулгарч буй бэрхшээл юу байна вэ?. Жишээ нь барилгын ажлын явц, боомтын нэвтрэх хүчин чадлын хувьд бэрхшээлтэй асуудал  байна уу?

Бэрхшээл маш их бий. Ялангуяа төрийн байгууллагуудаар асуудлаа шийдүүлье гэхэд нэлээд бэрхшээл тулгардаг. Таны хэлсэнчлэн Гашуунсухайтын боомтын асуудал үнэндээ бас нэг тод жишээ. Бараа материалаа татан авахад шаардлагатай дэд бүтэц, хүн хүч, интернэтийн боломжоос эхлээд дутмаг зүйл олон. Тиймээс бид боомтын хүчин чадлыг нь нэмэгдүүлье, санхүүжилт хийе гэж тохиролцоод байж байна.

Нэг зүйл хэлэхэд, ийм том хэмжээний цар хүрээтэй төслийн бүх ажил цагийн нарийн хуваарийн дагуу явагддаг асуудалтай төрийн байгууллагууд урьд өмнө тулгарч байгаагүй байх гэж ажиглагдсан. Гэхдээ асуудлаа шийдэхгүй орхиод байгаа юм биш, боломжийнхоо хэрээр тохиролцохоор ажиллаж байгаа. Гашуунсухайт боомтын хүчин чадлаас гадна визний асуудал хүнд байна. Гаднаас хөдөлмөрлөх хүчээ авах гэхээр визний асуудалд бэрхшээл гардаг. НХХЯ-тай ярилцаж шийдвэрлэж байгаа боловч аль аль талдаа хүндрэл гардаг. Гэхдээ аль болох ойлголцоод л явж байна.

Асуудлуудыг шуурхай шийдвэрлэж чадахгүй байгаа нь компанийг алдагдал хүлээхэд хүргэж байна гэсэн үг. Хуваарийнхаа дагуу яваагүй хоног тутамд нэг сая ам.долларын алдагдал хүлээж байгаа гэсэн тооцоо бий. Жишээлбэл, цемент, ган төмөр ч юм уу нэг өдөр хил дээр саатсан тохиолдолд, эсвэл визний асуудлаас болоод ажиллах ёстой баг ирээгүй нөхцөлд нэг өдөрт 500-гаад мянган ам.долларыг сул алдаж байна гэсэн үг. Төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа. Тиймээс бидний хий алдаж байгаа алданги бүрээс Засгийн газар ч мөн хохирч байна гэсэн үг. Засгийн газар гэж ярьж байгаа боловч ард түмний эзэмшлийн хувь хэмжээ алданги хүлээж буй хэрэг юм.

Кийт Маршалл Таныг уул уурхайн салбарт баялаг сайхан намтартай хүн гэж сонссон. Тэгвэл Таны хувьд “Оюу Толгой” төсөл бэрхшээлтэй төсөл үү, эсвэл бахархалтай төсөл үү. Та өөрийн намтартаа юу гэж бичиж үлдээх бол, энэ төслийг?

Миний ажиллаж байсан төслүүдээс хамгийн гайхамшигтай нь “Оюу Толгой” гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ төсөл улс орныг бүхэлд нь хөдөлгөж, хөдөлгөөнд оруулж, өөрчлөх төсөл учраас би ингэж боддог. Ийм агуу ирээдүй, онцгой хүчин чадалтай төсөл дээр ажиллах нь миний хувьд нэр төрийн, туршлага шаардсан, хүч сорьсон ажил юм. 

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.