Б.ТӨГСБИЛЭГТ
Уул уурхайн олборлох үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн боловсруулалт дахь санхүүгийн талын шинжилгээг оновчтой хийх мэдлэг, чадварыг дээшлүүлэх богино хугацааны, эрчимжүүлсэн сургалт боллоо. Монголын төр, хувийн хэвшлийн нийт 20 төлөөлөгч оролцсон энэхүү семинарыг Дьюкийн Их сургуулийн доктор, профессор Роберт Конрад удирдан явуулсан юм.
Семинарын ач холбогдлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун үнэлэн “Бид уул уурхайн салбарт жилдээ нэгээс хоёр томоохон гэрээ хэлэлцээр хийх төлөвтэй байна. Ирэх оноос магадгүй уран, дараа нь төмрийн хүдэр гэх зэргээр ажил далайцтай өрнөх байх. Энэ бүгдэд бодлогын сайн шийдвэр гарган ажиллахад энэхүү арга хэмжээ зохих хувь нэмрээ оруулна гэж бодож байна” гэсэн юм.
Таван өдөр үргэлжилсэн тус семинарт уул уурхайн төслийн мөнгөн гүйлгээнд анализ хийх; татвар, төлбөрийн дэглэм; эдийн засгийн зардал, тооцоо, үр ашиг; орлогын менежмент; аж ахуй нэгж, байгууллагуудын төрөл, хэлбэр гэсэн таван чиглэлээр хэлэлцсэн байна. Сургалтад оролцогчдод семинарын сүүлийн өдөр сертификатыг нь гардуулсан юм. Энэ үеэр семинарт оролцсон зарим мэргэжилтэнтэй ярилцлаа.
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ДАРГА Ц.НОРОВДОНДОГ:
Энэхүү семинарын гол онцлог, ач холбогдол нь юу байв?
Уул уурхайн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд дүн шинжилгээ хийх, санхүү, эдийн засгийн анализ хийх аргазүйн талаар семинар дээр ярилаа. Мэргэжлийн хүмүүст зориулсан техник шинжилгээ хийх аргыг зааж буйгаараа их онцлог юм.
Таны хувьд энэ семинар дээр ярьсан зүйлээс ямар сэдэв нь хамгийн чухал санагдав?
Мөнгөн урсгалыг тооцох. Бидний хувьд энэ нь маш чухал. Мөн өнөөгийн цэвэр үнэ цэнэ буюу net present value, татварын асуудал, орлогын хуваарилалтыг бид зөв тооцож, шийдэх хэрэгтэй. Семинарын үеэр энэ талаарх бусад улс орны туршлага, тогтсон тооцооны арга зүйн талаар дурьдаж, хэлэлцсэн.
Cеминарын үеэр манайд харьцангуй тохиромжтой гэрээний гурван бүтцийн талаар ярьсан байна. Тавантолгойн хувьд ашигт малтмалын гэрээний аль төрөлд хамаарах бол?
Манай улсад ашиглаж болох “Татвар-роялти”, “Бүтээгдэхүүн хуваалт”, “Үйлчилгээний гэрээ” гэсэн гурван төрлийн гэрээний талаар ярилцсан. Тухайн орд газрын онцлогоос хамааран энэ гурван гэрээний аль тохиромжтойг нь сонгох юм. Тавантолгойн тухайд гэвэл үйлчилгээний гэрээг баримтлах байх. Харин Оюутолгойн гэрээг татвар-роялти бүтцээр хийсэн шүү дээ.
Уул уурхайн салбарыг илүү үр өгөөжтэй байлгахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
Урт хугацааны сан байгуулах хэрэгтэй. Ийм сан нь бүтээн байгуулалт, нийгмийн асуудлыг шийдэхэд гол үүрэгтэй. Төсвийн тогтвортой байдлыг хангахад уул уурхайн салбараас орж ирэх орлогоос бүрдэх богино болон урт хугацааны сан их чухал. Бид “Хүний хөгжлийн сан”-г урт хугацааных болгох хэрэгтэй. Саяхан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталж, үүнд 18 их наяд төгрөгийн төсөв шаардагдах тооцоотой байгаа. Энэ бол үнэхээр их мөнгө. Үүнийг урт хугацааны сан байгуулах зарчмаар л шийднэ шүү дээ.
"ЭРДЭНЭС МГЛ" ХХК-ИЙН ЭДИЙН ЗАСАГЧ Ц. ЦЭНГҮҮН:
Санхүү, эдийн засгийн сэдэв голлосон энэхүү семинар дээр анхаарал татсан гол зүйл нь юу байв?
Олон чухал зүйлийн талаар ярилцлаа. Санхүүгийн хувьд Оюутолгойн ( ОТ ) жишээг харж байхад татварын асуудлыг шийдвэр гаргагчид сайтар тооцож ажиллах хэрэгтэй байж гэж санагдлаа. ОТ ордын Хөрөнгө оруулалтын гэрээ сайн, муу болсон тухай ярьсангүй. Харин ОТ гэрээн дээр тулгуурлан цаашдаа бид юуг илүү анхаарах нь чухал вэ гэдгийг ярилаа. Тухайлбал, алдагдлыг ирээдүйд тооцохдоо 8 жилээр тохирсон нь орлогын албан татварыг удаан хугацааны турш авахгүйд хүргэж байгаа юм.
Тус компани тухайн жилд ашигтай ажилласан байлаа ч урд жилийнхээ алдагдлыг ирээдүйд щилжүүлэн орлогын албан татвар бага, эсхүл огт төлөхгүй гэсэн үг юм. Ер нь бүх зүйл эхнээсээ нээлттэй байх ёстой гэдэг нь харагдаж байна. Мөн ОТ ордын 34 хувийг зээлээр худалдан авч байж, эзэмшихээр болсон. Гэвч энэхүү зээл нь жилийн 9.9 хувийн хүүтэйн дээр АНУ-ын хэрэглээний үнийн индексийн өсөлт давхар бодогдохоор болсон нь харьцангуй өндөр хүү болж хувирч байна.
Монгол улс өөрийн 34 хувийн хөрөнгө оруулалтыг бусад санхүүгийн байгууллагуудаас илүү бага хүүтэй зээлдэж болох тухай судлах хэрэгтэй юм. Татварын орчин тогтворжуулалтыг хоёр талтай бус нэг талынх байхаар хийсэн. Улсын татварын хувь нэмэгдэхэд хөрөнгө оруулагч тал урьдныхаа хэмжээгээр, харин багассан тохиолдолд илүү бага татвар төлж болох тохиролцоо хийсэн зэрэг нь манай улсад ашиггүй заалтууд гэж үзэж байна.
Миний бодлоор том төслүүд дээр улс дамнасан энэ том корпорациудтай гэрээ хэлэлцээр хийхдээ Монголын тал тусгай гэрээ хэлэлцээр хийдэг мэргэжлийн баг бүрдүүлэх нь зүйтэй санагдлаа. Энэхүү бага нь хуульч, олон улсын санхүүч, эдийн засагч, инженер, татварын зэрэг салбарын, улс төрийн нөлөөллөөс ангид мэргэжилтнүүдээс бүрдсэн байх ба гэрээ хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар болон УИХ-д танилцуулан нээлттэй хамгаалах юм. Хэрвээ үнэхээр болохгүй зүйл байвал буцаан, дахин хэлэлцдэг зарчим баримтлах нь чухал.