Монголын уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гаригт өөрийн гишүүн байгууллагуудаа оролцуулсан уулзалтыг “Тэнгэрийн цаг” төвд зохион байгуулдаг билээ. Энэ сарын 25-нд болсон уулзалтын эхэнд МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба Өмнөговь аймаг дахь томоохон орд газар болон Заамарын хөндий дэх уурхайнуудын үйл ажиллагаатай танилцсан талаар мэдээлэл өгөв.
Тэрээр “Оюутолгойд барилга, байгууламжийн ажил ид эрчтэй өрнөж байна. Их бүтээн байгуулалтын эхлэлийг тэндээс харлаа. Энержи Ресурсийнхэн уурхайн ажлыг маш сайн зохион байгуулалттай хийж байна. Харин Заамарын хөндий Монголын уул уурхайн сайн, муугийн хамгийн тод жишээ болжээ” гэв.
“МУУҮА-ийн өдөр”-өөр “Вейр Минералз Австрали”, “Монголын уул уурхайн мэргэшсэн инженерүүдийн төв”, “Трансвест Монголиа”, “Эс Эм И Си”, “Holdtop investment” компаниуд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүнээр албан ёсоор элссэн юм.