Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулганаас Хөрөнгийн биржийн менежментийн багийг сонгон шалгаруулах тендерийн явцын талаар тодрууллаа.
Хөрөнгийн биржийн менежментийн багийг сонгон шалгаруулах тендерийн эхний шат дууссан уу?
Хөрөнгийн биржийг удирдах гадаадын менежментийн багийг сонгон шалгаруулах ажил дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлсэн. Бүх мэдээллийн хэрэгслээр энэ талаар цацахад 11 байгууллага оролцох сонирхлоо илэрхийлсэн. Ингээд хоёр үе шаттай шалгаруулалт явуулсан. Эхний шатанд дөрвөн баг шалгараад байна. Энэ дөрвөн баг наймдугаар сарын 9 гэхэд Монголын хөрөнгийн биржийг хэрхэн хөгжүүлэх үү, техник технологийн хувьд яаж бэхжүүлэх вэ гэсэн бизнес төлөвлөгөөгөө боловсруулаад бидэнд өгөх ёстой.
Энэ дөрвөн багийг ямар шалгуураар сонгосон бэ?
Хөгжиж буй орнуудын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах талаар ажиллаж байсан туршлагатай, нэр хүндтэй, олон улсад тэргүүлэх хэмжээний биржүүд сонгогдсон байгаа. Тухайлбал Лондонгийн хөрөнгийн бирж, NASDAQ, БНСУ-ын хөрөнгийн бирж, Германы “Дойче Бөрсе” гээд дэлхийд тэргүүлж байгаа том биржүүд байгаа. Анх саналаа ирүүлсэн 11 байгууллага дунд Япон, Хонконгийн компаниуд байсан. Гэхдээ бидний тавьсан шаардлагыг хангасан нь дээрх дөрвөн бирж юм.
Цаашид ямар шаардлага тавьж, ялагчийг нь тодруулах вэ?
Бидний зорилго бол Монголын хөрөнгийн биржийг 2-3 жилийн дараа гэхэд дэлхийн аль ч хөрөнгийн биржтэй тэнцэхүйц ижил түвшинд үйл ажиллагаа явуулдаг болгох. Хэмжээний хувьд бага байж болно. Гэхдээ орчин үеийн хөрөнгийн биржид байх ёстой бүхий л үйлчилгээ, борлуулалт, боловсон хүчин, техник технологи, дэд бүтэцтэй байх ёстой. Үүнийг оролцогч багууд маань бизнес төлөвлөгөөндөө тусгаж өгөх байх. Бид бизнес саналуудыг нь хүлээж аваад тусгай үнэлгээний баг байгуулна. Есдүгээр сарын 9 гэхэд эцсийн ялагч тодроод, есдүгээр сарын 10 гэхэд шинэ менежментийн багт Хөрөнгийн биржийг хүлээлгэж өгнө.