Уул уурхайн нөлөөллийг багасгах шинэ загварын талаар та сонссон уу? Экологийн бүс нутагт тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахын хамт олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийж буй бидний одоогийн зогсож буй цэгээс нэг шат дээшлэх тухай мэргэжилтнүүд өнөөдөр хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл олборлолт хийсэн тэрхүү хэсгийнхээ экосистемийг хамгаалахын тулд зэргэлдээх нутгийг сэргээн хадгалж, ашиглах үйл ажиллагаа дууссаны дараа эвдэрсэн хэсгийг нөхөн сэргээдэг зарчимд шилжих загвар нь экологийн зөв шийдэл гэж үзэж байна.
Монголын зүүн бүс нутаг буюу Дагуурын ойт хээр, Хялганат хээрийн 34 хувь нь хүний үйл ажиллагаанд өртсөний дээр 19 хувьд нь ашигт малтмалын хайгуулын лиценз олгосныг өнөөдрийн семинар дээр танилцуулав. Тус семинарт танилцуулсан экологийн бүс нутгийн үнэлгээний судалгааг “The Nature Conservancy” ТББ болон “Дэлхийн байгаль хамгаалах сан” хамтран гүйцэтгэж боловсруулжээ. Судалгааны гол ач холбогдлыг байгаль хамгааллын асуудлыг уул уурхайн хөгжилтэй зохистой уялдуулах, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг нь бууруулахад “гол луужин” болох газрын зургийг боловсрууллаа гэж бүх тал хүлээн зөвшөөрч байна. Судалгаанд дээрх хоёр байгууллагаас гадна холбогдох салбарын яамд болон хүрээлэнгүүд бодлогын болон шинжилгээний ажлын хүрээнд хамтран ажилласан тухайгаа ярилаа.
The Nature Conservancy ТББ-ын газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн Майкл Хэйнэр:
Бидний судалсан зүүн бүс нутаг дахь экологийн гэж тодотгосон хэсэг нь тусгай хамгаалалтын газартай давхцах тохиолдол бий. Ялгаж авч үзсэн экологийн бүсийн 30 хувьд уул уурхайн үйл ажиллагаа нэвтэрчихсэн байна. Ер нь бол бид энэ хэсгийг аль болох сэвтээхгүй байхыг хичээх ёстой. Бид энэ аргачлалаар олон оронд судалгаа хийсэн. Одоо Монголд хийж байна. Энэ бол шинэ ажил. Бид өнөөдөр хийсэн ажлаа мэргэжилтнүүдэд танилцууллаа. Хүмүүсийн санал шүүмжлэлийг нэгтгээд, түүнийгээ энэхүү ажилдаа тусгаад олон нийтэд мэдээлнэ. Цаашдаа зөвхөн зүүн бүс нутаг ч гэлтгүй Монголын бусад хэсэгт яг ийм судалгаа хийнэ гэж найдаж байна.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат:
Бид энэхүү ажлыг удахгүй Сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцэнэ. Энэ судалгааны ач холбогдлыг улс, аймгийн тусгай хамгаалалтад авах ёстой газрыг тодорхойлох, дэд бүтэц, уул уурхайн хөгжлийг оновчтой төлөвлөх, Монголын бүх хэсэгт энэ судалгааг хийх ажлын эхлэлийг тавих зэрэгт зангидан тайлбарлаж болно. Ер нь их олон зүйл тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэд бүтэц, хөгжлийн төлөвлөлтийг газар нутгийн хүрээнд хэрхэн байгаль орчинд хоргүйгээр боловсруулан гүйцэтгэх вэ гэдэг асуулт ойлгомжтой боллоо.
Уулзалтад Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газар, зарим аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нар оролцлоо.
Б.Төгсбилэгт