Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ

“Бороо гоулд” ХХК-ийн Боловсруулах үйлдвэрийн дарга Т.Оргодолтой ярилцлаа.

Био-исэлдүүлэлтийн аргын талаар та эхлээд манай уншигчдад тайлбарлана уу?

Алтны үндсэн ордын хүдрийг исэлдсэн байдлаар нь исэлдсэн, хагас исэлдсэн, анхдагч гэж ангилдаг. Эдгээрээс исэлдсэн болон хагас исэлдсэн хүдрийг шууд цианжуулах аргаар боловсруулахад тохиромжтой. Харин анхдагч хүдэрт алт ихэвчлэн сульфидын эрдэст шигдэц байдлаар оршдог тул энэ аргаар ялгаж авахад төвөгтэй хүдэр (refractory ore) гэж байдаг. Ийм төрлийн хүдрийг хөвүүлэн баяжуулж гаргасан баяжмал дахь хүхрийг исэлдүүлсний дараа алтыг цианидад уусган ялгаж (CIP) авна. Энэ бол өргөн  хэрэглэдэг арга. Мөн сульфидын баяжмалыг өндөр даралтаар исэлдүүлэх (pressure oxidation),  шатааж исэлдүүлэх (roasting) био-исэлдүүлэлтийн (BIOX-biological oxidation) гэх зэрэг аргаар боловсруулдаг юм. 

Энэ технологи нь алтыг цианидад уусган ялгаж авах хамгийн сүүлийн  шилмэл арга мөн үү? Үүний бусад аргаасаа ялгарах  гол онцлог давуу тал нь юу  вэ?

BIOX® технологи нь өндөр даралтаар исэлдүүлэх болон шатааж исэлдүүлэх аргуудтай харьцуулахад харьцангуй өртөг зардал багатай. 1990-ээд оны эхэн үеэс алтны анхдагч хүдрийг боловсруулах тал дээр амжилттай хэрэглэж ирсэн,  байгаль орчинд ээлтэй технологи. Түүнчлэн BIOX® био-исэлдүүлэлт гэдэг нь алтны боловсруулахад төвөгтэй хүдрийн баяжмалыг цианжуулахад бэлтгэх био-гидрометаллургийн процесс юм. BIOX® технологиор бактер ашиглан сульфидын эрдсүүд дэх хүхрийг исэлдүүлэн, тэнд агуулагдаж буй алт цианидад уусах боломжийг бүрдүүлдэг.     
Энэ процесст Thiobacillus ferrooxidans, Thiobacillus thiooxidans, Leptospirillum ferrooxidans бактеруудыг хэрэглэдэг. Эдгээр бактер нь байгальд элбэг тархсан, хуваагдах замаар үрждэг, 0,3-0,6 мкм голчтой, 1-3,5 мкм урт гонзгой хэлбэртэй нэг эст бичил биет. Энэ бактерууд сульфид болон төмрийн эрдсүүдийг исэлдүүлж энерги ялгаруулна.  pH 1,2–1,8 хүчиллэг орчинд 35-45°C температурт амьдарна. Азот, фосфор, калийн тэжээл хэрэглэнэ. Органик материалд нөлөөлөхгүй. Эмгэг үүсгэгч бус учир хүн, амьтанд эрсдэлгүй.

BIOX® процесст хөвүүлэлтээс гарсан баяжмалын зутанг тогтмол өгөх бөгөөд энэ нь хутгагч бүхий цувраа реактор-гангууд байна.
Үүнээс гадна бактерын эсийн өсөлтийг хангахад нүүрстөрөгчийн давхар исэл хангалттай байх шаардлагатай байдаг. Үүнийг карбонатын эрдсүүд болон агаар үлээгчээр өгдөг. Сульфидыг исэлдүүлэхэд хүчилтөрөгч ихээр зарцуулагдах тул их хэмжээний агаарыг шахан зутанд шингээн тарааж өгөх хэрэгтэй.
Реактор-гангуудыг агааржуулж, зутангийн температурыг зохих түвшинд байлгана. Сульфидын эрдэс исэлдэх урвал экзотерм учир гангуудыг байнга хөргөж байх шаардлага гардаг. Зутангийн температурыг зохих хэмжээнд байлгахад хөргөлтийн усыг эргэлтээр хэрэглэх ба илүүдэл дулааныг хөргөх цамхагт зайлуулна. 
Бактерын өсөлт бойжилтод шаардагдах шим тэжээл болгож азот, фосфор, калийг анхдагч реакторт хийж өгнө. Био-исэлдүүлэлтээс гарах хатуу хэсгийг угааж цианидын уусгалтад оруулна. Угаалтаас гарч буй шингэний хүчиллэгийг шохойн чулуу болон шохой хольж саармагжуулах ба уусмал байдалтай хүнцлийг төмрийн сульфаттай урвалд оруулж удаан хугацаанд хадгалагдах тогтвортой нэгдэл болгон тунадасжуулна.

Гацууртын алтны баяжмалыг био-исэлдүүлэлтээр боловсруулах технологийг Бороогийн алтны боловсруулах үйлдвэрт хэрэглэх гэж байгаа. Туршилтын ажил хэр үр дүнтэй байна вэ?

“Сентерра Гоулд” компани Гацууртын үндсэн ордын шууд цианжуулалтаар алтыг ялган авахад төвөгтэй сульфидын буюу анхдагч хүдрийг боловсруулах талаар туршилт судалгааны ажлыг нэлээд хэдэн чиглэлээр хийсэн. Үүний үр дүнд дээрх аргуудаас BIOX® био-исэлдүүлэлтийг сонгож авсан юм. Тус ордын хүдрийн исэлдсэн хэсгийг Бороогийн үйлдвэрт одоо ашиглаж байгаа технологи болох алтыг ганд хутган уусгаж, идэвхжүүлсэн нүүрсэнд адсорбциор шингээж авах  (CIL) аргаар боловсруулна. Исэлдсэн хүдрийг боловсруулж байх хоёр жилийн хугацаанд багтааж BIOX® био-исэлдүүлэлтийн цехийн нарийвчилсан зураг төслийг дуусган барилга байгууламжийг барьж тоног төхөөрөмжийг суурилуулан  ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Мөн энэ чиглэлд Гацууртад зам болон бусад дэд бүтцийн байгууламжуудыг барьж байгуулаад байгаа бөгөөд уурхайн олборлолт эхлэх зөвшөөрлийг хүлээж байна. Энэ нь BIOX® био-исэлдүүлэлтийн цехийг ашиглалтад оруулж бүтээгдэхүүн гаргах хугацааг хойшлуулах гол шалтгаан болж байна. Бороогийн үйлдвэрт байгуулах BIOX® био-исэлдүүлэлтийн байгууламжийн техникийн анхан шатны зураг төслийн ажил 2009 оны аравдугаар сараас эхэлсэн боловч техникийн болон барилгын нарийвчилсан зураг төслийн ажил  хүлээгдэж байгаа.

Уусгахад төвөгтэй хүдрийг боловсруулахын тулд Бороогийн алтны үйлдвэрт өргөтгөл хийх гэж байгаа гэсэн. Өргөтгөл хийснээр компанийн үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах  вэ?

BIOX® био-исэлдүүлэлтийн цехийг барьж ашиглалтад оруулснаар анхдагч хүдрээс алтыг шууд цианжуулалттай харьцуулахад илүү өндөр металл авалттайгаар ялгаж авах бөгөөд сульфидын баяжмалыг байгаль орчинд халгүй аргаар боловсруулах боломжтой болох юм. Гацууртын алтны уусгахад төвөгтөй  хүдрийг боловсруулахын тулд Бороогийн алтны боловсруулах үйлдвэр нь дараах өргөтгөлүүдийг хийнэ. Үүнд:

•    Сульфидын хүдрийг хөвүүлэн баяжуулах хэсэг.
•    BIOX® -ийн анхдагч болон хоёрдогч реактор төхөөрөмж.
•    Био-исэлдүүлэлтээс гарах урсгалыг саармагжуулах хэсэг
•    Био-исэлдүүлэлтийн исэлдсэн бүтээгдэхүүн дэх алтыг цианидад уусган нүүрсэнд адсорбциор шингээж авах (CIP) хэсэг
•    Био-исэлдүүлэлтийн бусад төхөөрөмжүүд (шохойн чулуу бэлтгэх хэсэг, хөргөлтийн систем, усыг эргүүлэн ашиглах тоноглол болон урвалжийн систем)

BIOX буюу био-исэлдүүлэлтийн аргыг анх аль улсад хэрэглэж эхэлсэн бэ?

Байгаль дээр тохиолддог бактеруудыг эхний үед зэс ялгахад ашиглаж байсан. 1940-өөд оны үеэс уурхайн уснаас ялган авсан Thiobacilluis ferrooxidans бактер нь сульфидуудын исэлдэлтэд ихээхэн нөлөөтэй болохыг тогтоосон гэдэг. Энэ үеэс эхлэн бактерын оролцоотой сульфидуудыг исэлдүүлэн уусгах аргыг уул уурхайн үйлдвэрлэлд түгээмэл хэрэглэх болсон. 1985 онд АНУ-ын  Кеннесотт био-исэлдүүлэлтээр зэс уусгаж авах патентыг авсан. Мөн 1986 онд  Өмнөд Африкийн “Гоулд Фийлдс”  BIOX® технологийн патентыг  авч анхны үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан.
Одоо энэ BIOX® технологийг ӨАБНУ, Австрали, Гана, Хятад, Казахстан, Узбекстан, Перу, Бразил зэрэг улсын арав  гаруй алтны үйлдвэрт амжилттай хэрэглэж байна.

Энэ технологийг боловсронгуй болгох тал дээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад нарийвчилсан судалгаа, шинжилгээ хэр хийж байгаа вэ?

 BIOX® технологи нь Өмнөд Африкийн “Гоулд Фийлдс Лимитед” компанийн патенттай технологи. Тус компани өөрийн хэрэглэгч үйлдвэрүүд болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн техникийн ололтуудыг ашиглан технологи, тоног төхөөрөмжөө улам боловсронгуй болгохоор олон талын туршилт шинжилгээний ажил хийж байна. Үүний нэг жишээ бол  технологийг хэрэглэгч олон улсын үйлдвэрүүд оролцсон онол практикийн зөвлөгөөнийг өнгөрсөн жил ӨАБНУ-д амжилттай зохион  байгуулсан. Энэ зөвлөгөөнд  миний  бие Монгол улсаа төлөөлөн оролцсон.      

“Бороо гоулд” компани био-исэлдүүлэлтийн технологийг эзэмшсэн  мэргэжилтэн, боловсон хүчнээр хэр хангагдсан бэ?
 
“Бороо Гоулд” компани Монгол улсад анх удаа алтны үндсэн ордын хүдрийн алтыг ганд хутгаж уусгах (CIL) болон нуруулдан уусган (CIC) идэвхжүүлсэн нүүрсэнд шингээн ялгаж авах технологи бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойшхи хугацаанд инженер техникийн ажилтнууд, ажилчдад  зориулсан сургалтыг тодорхой үе шаттайгаар тогтмол явууллаа. Үүний үр дүнд өндөр мэргэжил, туршлага бүхий үндэсний боловсон хүчнээр бүрэн хангагдсан гэж хэлж болно. Энэ туршлагад тулгуурлан Бороогийн алтны боловсруулах үйлдвэрийн ажилчдад холбогдох сургалт явуулсны үндсэн дээр BIOX® био-исэлдүүлэлтээр мэргэшүүлэх боломжтой. 

Био-исэлдүүлэлтээр боловсруулах технологийг ашиглахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сайтар хангах ёстой байх. “Бороо гоулд” энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байна вэ?

Ер нь ямар ч техник, технологи ашигласан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллах ёстой. “Бороо гоулд” компани ажиллагсдынхаа эрүүл мэнд, байгаль орчны асуудалд онцгой анхааран ажилладаг. Таван зүйлт аюулгүй ажиллагааны систем, осол гарах нөхцөлийг арилгахад ажиллагсдын оролцоог идэвхжүүлдэг, осолд хүнийг үл буруутгах бодлого зэрэг барууны тэргүүний аюулгүй ажиллах арга барилыг Монголын уул уурхай болон бусад аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх тал дээр бид ихээхэн санаачилга, хүч чармайлт гарган ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, “Осолгүй үйлдвэрлэл” гэсэн уриа, зорилттойгоор аюулгүй ажиллагааг тэргүүн зэрэгт, үйлдвэрлэлээс өмнө тавьж ажиллаж байгаа. Энэ чиглэлд олон дорвитой ажил зохион байгуулсны үр дүнд манай компани  Монгол улсдаа үлгэр жишээч байгууллага болоод байна.
BIOX® био-исэлдүүлэлтийн тоног төхөөрөмжийн ашиглалтын үед ч мөн дээрх жишгээр ажиллах болно.