Уул уурхай, дэд бүтэц, боловсролын салбарын талаар хоёр тал санал солилцон, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээ тодорхой болголоо гэж Монгол-Германы эдийн засгийн бодлогын IV уулзалтын үр дүнг манай тал дүгнэж байна. Жил бүр зохион байгуулдаг энэ уулзалтаар талууд хоёр улсын хоорондын харилцаа улс төрийн хүрээнд сайн байгаа ч эдийн засгийн хувьд хязгаарлагдмал хэвээр байгааг харилцан хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс хоёр тал энэ чиглэлд цаашид илүү анхаарал тавьж ажиллах ёстойг тэмдэглэв.
Манай Засгийн газар хэлэлцэж, боловсруулсан 26 төсөлд хөрөнгө оруулахыг гадаадын улс оронд, тэр дундаа Германы талд санал болгоод байгаа бөгөөд үүнд Сайншандын цогцолбор, нефть боловсруулах үйлдвэр зэрэг хэд хэдэн уул уурхайн холбогдох төслүүд багтаж байна. Санал, төсөл хөтөлбөрүүдийг Германы тал судалж үзэхээр болсон байна.
ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны
газрын захирал Г.Жаргалсайхан:
Германы тал манай улсаас түүхий эд импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид аль болохоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байгаа. Бид мөн тус улстай хөнгөлөлттэй зээлийн шугам нээх талаар ярилцаж байна. Мөн Европын Холбоотой түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Энэ нь бүхий л салбарт хамтран ажиллах боломжийг нээх учир маш ач холбогдолтой, чухал ажил юм. Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын хамтарч ажиллах салбаруудаа тодорхой болгож буйгаараа ач холбогдолтой юм. Өнөөдөр Монгол-Германы худалдааны эргэлт нийт гадаад худалдаанд хоёр хувийг эзэлж байгаа нь тийм өндөр үзүүлэлт биш. Гэхдээ энэ нь цаашид өсөх боломжтой. Мөн нөгөө талын тэтгэлгээр тус улсад уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны инженерийн чиглэлд жил бүр хоёр доктор, 10 магистрын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхээр тохиролцсон. Энэ жилээс эхлэн 2016 он хүртэл хэрэгжинэ.
Германы төлөөлөгчид хоёр улсын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны чиглэлийг уул уурхайн машин техник нийлүүлэх, дэд бүтэц, барилгын бүтээн байгуулалт байх болно гэж илэрхийллээ. Жил бүр зохиодог уг уулзалт ирэх жил Берлинд болох юм.
Б.Төгсбилэгт