Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АЙВЕНХОУ-ГИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ ДЭХ РИО-ГИЙН “САНДАЛ” НЭМЭГДЛЭЭ

Компанийн захирлуудын Зөвлөлд өнөөдөр Рио-гийн хоёр төлөөлөгчийг шинээр томилж буйг Айвенхоу Майнзын Гүйцэтгэх захирал Роберт Фридланд, Ерөнхийлөгч Жон Маккен нар мэдэгдлээ. Шинэ захирал болох “Anglo American” компанийн өмнөх Дэд ерөнхийлөгч Майкл Гордон, “BP China Gas, Power &Upstream” компанийн Ерөнхийлөгч асан Дэн Вэстбрүк нь  зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллах юм. Өөрөөр хэлбэл удирдлагын бус бодлого боловсруулах, төлөвлөлт хийхэд оролцох юм.

Энэ үеэр ноён Фридланд “Бид шинэ гишүүдийг талархан хүлээн авч байна.  Аж үйлдвэр, зохицуулалт болон санхүүгийн чадвар туршлагаар зөвлөлийг бэхжүүлж чадах, тун авьяаслаг нэр дэвшигчдийг танихын тулд бид Рио Тинтотой хэдэн сарын турш хамтран ажиллалаа.  Дэлхийн хэмжээний зэс-алтны орд болох Оюутолгойг ашиглалтад оруулахад хоёр компани хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буй үед би тэдний оруулах хувь нэмрийг хүсэн хүлээж байна” гэв.

Энэ оны зургадугаар сард ноён Трэси Стивэнсон Айвенхоугийн Захирлуудын зөвлөл дэх Рио-гийн төлөөллийн эхний гишүүн болж байсан бөгөөд ийнхүү хоёр сул суудалд “илчээ” оруулснаар тус компанийн гурван хүн Зөвлөлд багтаж байгаа юм. 2006 онд хоёр компанийн хооронд хийсэн гэрээний дагуу Рио эзэмшлийн хувь хэмжээндээ тулгуурлан Зөвлөлд хүнээ томилох эрхтэйгээр тохиролцож байжээ. Саяхан Рио хувьцаа эзэмших хүрээгээ нэмэгдүүлж 34.9 хувь болгосон нь ийнхүү хоёр шинэ хүнийг томилох эрхийг нээж өгсөн байна.

Б.Төгсөө