Уул уурхайн үйлдвэрлэлийг бид эдийн засгийн тэргүүлэх салбараа болгон зарлаад буй. Үр шимийг нь хүртэж эхлэхээр холбогдох шийдвэрүүд ар араасаа гарч, хөрс шороог нь ч цаг хугацааны хувьд чамлахааргүй тэгшилж байна. Ашигт малтмал олборлох явцад байгаль орчин хэрхэн сүйдэж байгааг бид өдөр бүр нийтэлж, нэвтрүүлдэг. Гэтэл энэ төрлийн үйлдвэрлэл байгаль орчноос гадна хүний эрхийг хэрхэн зөрчиж буй тухай бараг дуугардаггүй бололтой. Сэндийлж орхисон газар нутаг ямар төрхтэй харагддагийг бид мэднэ.
Тэгвэл олборлолтын ойр орчимд оршин суудаг ард иргэдийн эрүүл мэнд яг л өнөө сүйдсэн байгаль шиг хохирч үлддэг гэвэл нэгийг ухаарах.
Монгол Улсад 1992 оноос эхэлсэн ашигт малтмал олборлолтын ажил өнөөг хүрэхдээ хүний эрхийг ноцтой зөрчиж буй дүгнэлтийг манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өгчээ. Улмаар ТББ-уудын нэгдсэн форумаас тус тайлан дүгнэлтээ энэ оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл рүү илгээсэн байна. Учир нь НҮБ энэ оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг түүхэндээ анх удаа хэлэлцэх гэж буй юм. Ийнхүү хэлэлцэхдээ манай улсын Засгийн газар, иргэний нийгмийн төлөөллөөс тус бүр хүний эрхийн талаар боловсруулсан илтгэл хүлээн авахаа дуулгажээ.
300 гаруй сумын иргэд лицензийн талбайд аж төрж байна
ТББ-уудын судалж тогтоосноор өдгөө манай орны 339 сумын 90 орчим хувийнх нь нутагт ашигт малтмалын лиценз тодорхой хэмжээгээр олгогдсон байна. 150 орчим сумын хувьд нийт нутгийнх нь талаас илүү хэсэг лицензийн талбайд бүртгэгджээ. Үүнээс шалтгаалан олон арван жил үр удмаараа уламжлан өвөлж, мал аж ахуй эрхэлж байсан иргэд газар нутгаасаа шилжихэд хүрсэн нь хүний эрх зөрчигдөж буйн тод жишээ хэмээн үзжээ. Ийнхүү газар нутгаас нь нүүлгэн шилжүүлсний хариуд зохих төлбөр, нөхөн олговор олгох механизм байдаггүй нь хүний өвлүүлэх, орон гэр нь халдашгүй байх эрх зөрчигдөж байгаагийн илрэл гэсэн байна.
Цаашилбал, уурхай дагасан ажилчдын шилжин суурьшилт нэмэгддэгээс тухайн сум, багийн иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмж хумигддаг нь мөн л хүний эрхийн нэг зөрчлийг үүсгэдэг байна. Тодруулбал, судалгаа хийсэн сумын хувьд иргэний бүртгэл дэх хүн амын тоо нь өсөөгүй боловч уурхайд ажил хайж ирсэн хүмүүсээс шалтгаалж, хүн амын механик өсөлт нь хоёр дахин нэмэгджээ. Гэвч тухайн сумын төсөв, нийгмийн үйлчилгээний хүчин чадал нэмэгдээгүйгээс Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан эрхүүд нь зөрчигдөж байгаа аж. Нөгөөтэйгүүр нүүрсний уурхай, замын тоосжилтоос хүн амын амьсгалын замын өвчлөл ихсэх, хүнд даацын тээврийн хэрэгслийн тоо өссөнөөс замын нөхцөл доройтож, осол аваарын тоо нэмэгдэж, нийгмийн хэв журам алдагдах зэргээс хүний амьд явах эрх зөрчигддөг байна. Амьд явах эрх нь зөрчигдөж буй өөр нэг хэсэг бол гар аргаар алт олборлогчид. Амьжиргаагаа залгуулахын төлөө аргагүйн эрхэнд хийж буй энэ ажил нь тэднийг эргээд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, боолчлол, садар самуун, хүчирхийллээс ангид байх, газар доор хүүхэд, эмэгтэйчүүд ажиллахгүй байх, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлөөр хангагдах, хөдөлмөрийн хөлсөө шударгаар үнэлүүлэх, хуулийн өмнө эрх тэгш, сонгох ба сонгогдох эрх, эрх зүйн чадамжтай байх эрхүүд нь ноцтой зөрчигдөж байна гэж үзжээ.
Хүний эрх зөрчих заалтууд Ашигт малтмалын тухай хуульд байна
Ашигт малтмалын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулах бөгөөд мэдээ, тайланг хүлээлгэн өгөхдөө нууц хадгалах талаар гэрээ байгуулж болно” хэмээн заасан байдаг. Тэгвэл ТЭЗҮ, ашиглалтын мэдээг нууцын зэрэглэлд хамааруулахыг хуулиар зөвшөөрсөн нь иргэдийн, ялангуяа уурхайн ойр орчимд оршин суугчдын хэрэгцээт мэдээллээ хүлээн авах, мэдэх эрхийг нь хязгаарладаг байна. Хэрвээ оршин суугчид уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч хэдий хэмжээний газар нутагт олборлолт явуулах, ашиглалтын процесс, түүнд шаардлагатай байгалийн нөөц баялгийг хэрхэн ашиглаж буй талаар мэдээллийг хүссэнээрээ авч болдог бол түүхийн өв соёл, дурсгалыг хадгалах, байгаль орчноо сүйтгүүлэхгүй байх зэргээр эрхээ хамгаалах боломжтой гэж үзжээ. Гэвч энэ бололцоог холбогдох хуулиар хамжаарлачихсан учир хүний түүх соёл, байгалийн өвийг хамгаалуулах, залгамжлуулах эрх нь мөн зөрчигддөг байна.
Эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол иргэний нийгэмд шилжүүл
Байгаль орчны хохирлоо нэхэмжлэх эрх аль ч улс, Засгийн газарт бий. Энэхүү эрхийг нь олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцид баталгаажуулсан байдаг байна. Ялангуяа, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад сүйдэж, сэндийлэгдсэн газар нутгийг аварч, унаган төрхөнд нь дөхүүлэх хариуцлагатай үүргийг тухайн улсын төр, засаг дээрх гэрээ, конвенциудаар өөртөө хүлээдэг. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар энэ эрхээ эдэлж, үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт НҮБ руу хэдийнэ илгээгджээ. Жишээ дурдвал, 1992 оноос хойш улсын хэмжээнд нийт 14565 га талбай уул уурхайн нөлөөллөөр эвдрэлд орсны дөнгөж 3708 га-д зөвхөн техникийн нөхөн сэргээлт хийсэн гэх мэдээ байна. Үлдсэн хэсэгт нөхөн сэргээх үйл явц огт хийгээгүй болохыг мэргэжлийн байгууллагын тайлан мэдээнээс иш татжээ.
Ийнхүү манай төр, засаг тус эрхээ мэддэг хэдий ч ашиг сонирхлын зөрчлөөсөө шалтгаалан дүлий дүмбэ оргиж, дуугүй өнгөрсөөр өдий хүрсэн гэх дүгнэлтийг ТББ-ууд өгсөн байна. Улмаар төр өөрөө үүргээ биелүүлэн, нэхэмжлэл гаргаж чадахгүй байгаа бол тус эрхээ иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг мөн гаргажээ.
Дээрх баримт нотолгооноос үндэслэн Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлээс шалтгаалж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажилгүйдлээс хамгаалуулах, өмчлөх, аж ахуй эрхлэх, уламжлалт соёл, ёс заншлаа хадгалах, өвлүүлэх, орон гэр халдашгүй байх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, усаар хангагдах зэрэг 14 эрх зөрчигдөж байна гэж манай хүний эрхийн байгууллагууд дүгнэжээ. Тэдний илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Женев хотноо болох ээлжит хурлаараа Монгол Улсын Засгийн газрын илтгэлтэй харьцуулан хэлэлцэх болно. Гурван цагийн турш үргэлжлэх хэлэлцүүлгийг “Нээлттэй нийгэм” форум шууд дамжуулан үзүүлэх аж.