Бид өөрчлөлтөд бэлэн үү? Уул уурхай, дэд бүтэцтэй холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихтэй зэрэгцэн Монголын эдийн засагт чухал өөрчлөлт гарна хэмээн харж буй. Үүнд манай улсын бэлтгэл, суурь хөрсийг хэрхэн боловсруулах талаар хэлэлцэхээр нэгэн чуулга уулзалтыг зарлаад байна. Энэ сарын 5-6-ны хооронд МҮЭСТО-нд үргэлжлэх чуулга уулзалтад банк; хөрөнгийн буюу үнэт цаасны; бичил санхүүгийн зах зээлийн асуудлаар тусгайлан хэлэлцэх найман салбар хурал багтаж байна.
Уулзалтыг зохион байгуулах хорооны дарга болоод “Компанийн засаглалын хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “ Бид санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагуудын дуу хоолойд илүүтэй анхаарал төвлөрүүлэхээр зорьж байгаа... Хурлын сүүлд салбарын мэргэжилтнүүд, байгууллагуудын саналаас бүрдсэн зөвлөмж гарах болно ” гэв.
Санхүүгийн салбарын бүх асуудлыг хамруулан хэлэлцэх энэхүү цогц хурлын бас нэг гол зорилго нь Монгол улсын банкны салбар давамгайлсан зах зээлд хөрөнгийн зах зээлийн байр суурийг хэрхэн бэхжүүлэх асуудлын үндсийг боловсруулахад орших юм байна. Санхүүгийн зохицуулах хороо, Прайм инфо төвийн хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцсоноор Танд санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах боломж мөн нээлттэй юм байна.