Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХОЛЫН КАНАДЫГ ОЙРТУУЛСАН ӨДРҮҮД

Агч модны хүрэн ягаан навчис, алтан зул цэцэгсээр гоёж, Монгол, Канадын төрийн далбаагаар чимсэн Оттава хотод өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн шаргал өглөө Монгол Улсын Ерөнхий Сайд С. Батболд Канадын Энхийг сахиулагчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөснөөр Канад Улсад  хийх албан ёсны айлчлалаа эхлэв. 

Монгол, Канадын төрийн сүлд дуулал өглөөний тунгалаг тэнгэрт эгшиглэн цуурайтахуй хүндэтгэл, санагалзлын нулимс нүдэнд хурж, Улаанбаатар, Оттава хоёр улам л ойртсоор байгаад өөрийн эрхгүй баярлаж, бахархаж зогсов. 

Манай Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны 30 жилийн түүхэнд тохиож буй анхных нь гэдгээрээ онцлог.  Одоогоос 6 жилийн өмнө яг өдийд Монгол Улсын Ерөнхийлөгч  Н. Багабанди Канадад төрийн айлчлал хийсэн нь манай төрийн тэргүүний бас л анхны айлчлал байж билээ. Түүнээс хойш хоёр талын Парламентын дарга нар харилцан айлчилж, салбарын сайд нар уулзаж учрах нь олширч, яриа хэлэлцээний түвшин ахиж,  худалдаа, эдийн  засгийн харилцаа, түүний дотор Канадын хөрөнгө оруулалт  үлэмж өсөн, батлан хамгаалах, хүмүүнлэгийн солилцоо эрс нэмэгдэж ирсэн тухай Канадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээс сонсож суухад нэн таатай байлаа.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцаанд айлын талаас онцгой анхаарч эхэлсний тод илрэл болсон юм. Канад нь өнгөрсөн 3 жилд Камбож, Босни Герцеговина, Италийн Милан, Японы Осака, Фукуока, ОХУ-ын Ст.Петербург зэрэг хотод ажиллаж байсан Дипломат төлөөлөгчийн газруудаа тус тус хаасан мөртлөө манайд ЭСЯ нээсэн нь манай ардчилсан жилүүдийн ололт, амжилт болон чөлөөт зах зээлийн тогтолцоог дэмжих, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар  өргөжүүлэхэд С.Харперын Засгийн газар онцгойлон анхаарсныг гэрчилнэ. Гэхдээ үүнд манай дипломат албаныхны оруулсан хувь нэмэр ч багагүй бий.           


Ерөнхий сайдуудын нөхөрсөг шивнээ

Канадын Парламентын ордон дахь С.Харпер гуайн ажлын өрөөнд  эхэлсэн Ерөнхий сайд нарын ганцаарчилсан уулзалт нь өргөтгөсөн хэлэлцээрт шилжиж,  хоёр талын бүх салбарын харилцаа,  хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын жилүүдийн болон хэтийн төлөвийг нухацтай авч хэлэлцэв.
Ерөнхий сайд нар том хөршүүдийн дунд оршихийн “зовлон, жаргал”,  цөөнхийн болон хамтарсан Засгийн газрын “давуу ба сул тал” зэрэг асуудлыг цухас хөндөж Монгол, Канадын ижил төстэй олон тал, харилцаа хамтын ажиллагааг ахиулах  арга замын тухай нээлттэй, бас итгэмжилсэн, тэгээд дотносог ярилцав.

Канадын хөгжлийн загварыг  сонгон авч, түүний шилдэг технологи, стандартыг Монголд нэвтрүүлэх санаачлага дэвшүүлж буйд С. Харпер талархал илэрхийлэх ялдамдаа энэхүү санаачлагыг хэрэгжүүлэхэд Канадын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ нотлов.  “Монгол Улс нь Канадын хөгжлийн загварыг шилэн сонгож, ардчиллын үнэт зүйлс, түүний тогтолцоо болон хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг Ерөнхий сайд С.Харпер сайшаав” гэж хэлэлцээрийн дүнд гаргасан Хамтарсан мэдэгдэлд  тэмдэглэсэн нь дээрхийг гэрчилнэ.
Канадын  нэрт сэтгүүлч П. Ковенд манай Ерөнхий сайдын өгсөн тусгай ярилцлага  айлчлалын эхний өдрийн  “Нэйншль Пост” сонинд  “Монголын сонгосон шинэ загвар” нэртэйгээр нийтлэгдэж Чингисийн удамт монголчууд  Канадын хөгжлийн  загварыг   “тоож” буй тухай өгүүлсэн  нь   канадчуудын  хувьд  хоккейн тэмцээнээс ч илүү чухал сонин мэдээ байсан гэж хуучин, шинэ олон канад танилууд ярьж байлаа.

Канадын Сенатын дарга Н.Кинселла, Парламентын дарга П.Мелликен нартай тус тусад нь  хийсэн уулзалт, яриа хөөрөө нь Оттаваг  Улаанбаатарт илүү ойртуулах үйл явцад хууль тогтоох дээд байгууллагуудын оролцоо, үүргийг улам нэмэгдүүлэх, хоёр талын Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд  чиглэв. “Ер нь Канадаас суралцах, нэвтрүүлэх зүйлс их байгааг энэхүү айлчлалын үеэр анх удаа олж мэдлээ. Манайхны хувьд аргагүй л зөв сонголт байна” гэж УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Зоригт нутаг руу мордохынхоо өмнө хэлсэн нь нэгийг өгүүлнэ. Улс төр, бизнесийн хувьд “хал үзэж, халуун чулуу долоосон” энэ эрхмийн амнаас сул үг  унахыг эдүгээ хүртэл сонсоогүй.

Канадын хуучин, шинэ амбан захирагч нарын халаагаа солилцох үйл явц ид өрнөсөн  өдрүүдтэй уг айлчлал давхацсан учир шинэ Амбан захирагч Д. Жонстонд  бараалхах  боломж манай Ерөнхий сайдад олдсонгүй. Энэ талаар айлын Төрийн ёслолын дарга хатагтай С.Тиссен учирлан тайлбарлаж байв. Амбан захирагч нь Канадын хувьд төрийн тэргүүн бөгөөд 5 жилийн хугацаатай томилогддог, түүний эрх мэдэл, ямба нь манай Ерөнхийлөгчийнхтэй төстэй. 2001-2006 онд хонконг гаралтай эмэгтэй А.Кларксон, 2006 оноос өнгөрсөн сарын 27 хүртэл гаити гаралтай эмэгтэй М. Жон нар Амбан захирагчийн алба хашиж байсан бол одоо шинэ Амбан захирагчаар Онтарио мужийн Садбери хотод төрсөн профессор Д.Жонстон томиглогдоод байгаа ажээ. Тэрбээр аравдугаар сарын 1-нд тангаргаа өргөж тамгаа авав. 
А. Кларксон, Н. Багабанди нар  2004 онд хоёр талын харилцааг “Өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр Оттавад тохирч байсан бол энэ удаа С.Батболд, С.Харпер нар дээрх түвшинг ахиулж  “Иж бүрэн түншлэл”-д хүргэх боломжийн тухай санал солилцлоо.

“Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр”-ийг  эцэслэн тохирох үйл явцыг дорвитой урагшлуулах, улмаар ойрын үед байгуулах нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны хууль, эрх зүйн орчныг  улам боловсронгуй болгоно гэж Ерөнхий сайд нар үзэв. Дараагийн алхам нь хоёр талын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтарч судлах ажил болох аж. Энэ нь “гуравдахь хөршийн худалдаа”-г чөлөөтэй өргөжүүлэхэд чиглэсэн манай бодлого биеллээ олохын эхлэл болох юм. Гадаад харилцааг эдийн засагжуулах санаачилга, хөтөлбөр С. Батболдын танхимын гол зорилтын нэг гэдгийг энд нурших нь илүүц биз.   

Иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулж Канадын виз олголтыг Улаанбаатарт  төвлөрүүлэх, соёл, боловсролын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, Канадын зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, эдгээр асуудлыг эрхэлсэн хоёр талын төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон асуудлаар Ерөнхий Сайд нар бас аминчлан шивнэв.

Үүнээс гадна явган цэргийг эсэргүүцэх газрын минээс дэлхийг чөлөөлөх зорилготой “Оттавагийн конвенц”-д Монгол Улс нэгдэх эрмэлзлэлээ энэ удаа сэргээн нотолсон нь айлын талыг баярлуулав. Олон улсын хэмжээнд гаргаж буй Канадын чухал санаачлагыг  Монголын зүгээс дэмжиж байгаагийн бодит илэрхийлэл нь энэ юм. Гэхдээ энэхүү конвенцид нэгдэх хэлэлцээр хийх, түүнд бүтээлч, хариуцлагатай хандах ажил сүүлийн 6 жилийн турш дорвитой урагшлаагүйн “нүгэл” нь манай холбогдох салбарын яамдтай холбоотой. Учир нь манай тал  энэхүү эрмэлзлэлээ аль 2004 онд Төрийн тэргүүнийхээ айлчлалын үеэр Оттавад илэрхийлж  канадчуудыг анх баярлуулсан юм. Харин одоо Засгийн тэргүүнийхээ ярьсан, хэлснийг “усанд хаясан чулуу” бүү болгоосой гэж залбирах л үлдлээ. Энэ нь манай Гадаад хэргийн болон Батлан хамгаалах яамдын түшмэдүүдээс шалтгаалах хэрэг.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд улам бүр идэвхтэй ажиллах, нэн ялангуяа  энхийг сахиулах үйл ажиллагаа болон НҮБ-ын хүрээнд бүтээлчээр хамтран ажиллах чин хүсэл эрмэлзлэлээ Засгийн тэргүүнүүд яруу тод илэрхийлэв.  

С.Батболд, С.Харпер нарын  “шивнээ”  ийнхүү амжилттай, үр дүнтэй болсон нь тэд бие биеийнхээ итгэл, үнэмшлийг олж, шинэхэн танилцсан ч гэсэн аль эртний андуудын харьцаанд орсныг гэрчилнэ. Алс холын Канадад Монгол Улсынхаа хөгжил, дэвшлийн загварыг олж харж түүнтэй “ихэрлүүлэх” шинэ санаа сэдсэн манай Ерөнхий сайдын хувьд ийм андын харьцаа амин чухал бизээ. Тэрбээр “тэрэгний дугуй”-г дахин зохион бүтээх гэж зүдэрсэн дорвол түүнийг Монголынхоо нөхцөлд тохируулан авч ашиглах нь олон талын ач холбогдолтой хэмээн давтан ярьж байсан. Манайхтай байгаль орчин, цаг уур, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн нөхцөл байдлаараа ижил төстэй Канадаас загвар болгон авах зүйлс багагүй байгаад л манай хүн татагдсан хэрэг.

Өргөтгөсөн хэлэлцээрийн маргааш нь болсон Парламент дахь консерватив намын Бүлгийн хурал дээр С. Харпер Монголын Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээрийнхээ тухай хагас цаг  гаруй танилцуулсан гэж эрхэм гишүүн Ж. Аббот дурсахдаа “Монгол  манай Засгийн газрын анхаарлын төвд орчихлоо” гэсэн нь чихэнд чимэгтэй сонсогдов. Ажил хэрэгч яриа, амин чухал шивнээний үр дүн нь энэ биз ээ. 


Канад хөгжлийн загвар

Канад нь 33 сая хүн амтай, эдгээр нь гол төлөв хот, суурин газруудад төвлөрсөн. Байгаль орчин, цаг уурын дэндүү олон бүстэй, асар уудам нутаг дэвсгэртэй. Энэ үзүүлэлтээр зөвхөн ОХУ-ын дараа л жагсдаг.  Эдийн засаг нь уур уурхай, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл дээр суурилж өндийсэн. Одоо бол Канад нь шинжлэх ухаан, технологийн их потенциалтай бөгөөд өндөр хөгжилтэй “Их долоон гүрэн”-ий нэг. Нэгж хүн амд ногдох ДНБ нь 45428 ам.дол. Хамгийн том худалдааны түнш нь АНУ. Эдийн засаг нь АНУ-тай  “зүү орох” зайгүй интеграцчлагдсан боловч улс төр, гадаад бодлого, соёл, иргэншил нь тусгаар улсын хэмжээнд хадгалагдаж ирсэн. Иракт АНУ-ын зүгээс хийсэн дайныг Канад буруушааж, түүнд оролцоогүй нь зөвхөн нэг л жишээ.

Канадчуудын хувьд хоккей нь манайхны хувьд бөх л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүч чадал,  хурд, авхаалж самбааг эрхэмлэдэг үндэстэн. Үхрийн маханд нугасгүй, бас цагаан архинд элэгтэй. Гэхдээ хэрэглээний уламжлал, дасал, соёл нь манайхаас тэс өөр. Нутгийн уугуул инуит нар нь хөөмийлдэг. Гэхдээ манай хөөмийнөөс арай өөр өнгө аястай. 2008 онд болсон Парламентын сонгуульд  Консерватив нам Парламентын 308 суудлаас 144-ийг авч цөөнхийн Засгийн газар байгуулсан. Олонхи болоход 11 суудал л дутжээ. Гол сөрөг хүч нь өмнөх 12 жилийн турш Засгийн эрх барьж ирсэн Либерал нам. Дэлхийн бөмбөрцгийн хоёр талд орших мөртлөө иймэрхүү ижил төстэй зүйлс айл, манайх хоёрт цөөнгүй бий.

Аль аль улсын эдийн засагт уул, уурхай, хөдөө аж ахуй чухал байр суурь эзэлдэг. Канадын Хойд нутгийн гүнд орших “Дьявик” хэмээх очир алмазын уурхайд зочлох ховор завшаан миний биед хэдэн жилийн өмнө тохиосон юм. Энэ нь ил болон гүний уурхайн дэлхийн хэмжээний техник технологи, стандартыг хэрэгжүүлж буй газар. Гол нөөц нь Грас хэмээх нуурын дор оршдог. Түүнийг олборлохын тулд тэрхүү нуурын нэг хэсгийг өөр газарт шилжүүлэн байршуулжээ. Чингэхдээ уг нуурын ховор, эмзэг амьтан, шавьж, ургамлын зарим хэсгийг гүн хөлдөөж хадгалсан гэнэ. Эцэст нь уг уурхайг хаахдаа Грас нуурыг анхны байдлаар нь нөхөн сэргээх, хөлдөөж хадгалсан тэдгээр амьтан, ургамлын зүйлсийг ч буцаан амилуулах  хөтөлбөрийг яс мөрдөж байгаа тухай тус уурхайн даргын танилцуулга үнэмшихэд бэрх байсан. Энэ уурхайг одоо бидний танил Рио Тинто ажиллуулж байгааг дашрамд сонирхуулъя. Тэд манай Оюутолгойд бас л ингэж нямбай ажиллана гэж бодоход сэтгэл өег. Нинжа нар болон нийгмийн хариуцлага султай компаниудаар газар нутгаа сэндийчүүлж буй бидний хувьд шууд “зээлэх” хууль дүрэм, технологи, стандарт Канадад л байгаа нь энэ.

Манай хувьд орчин цагийн фермерийн аж ахуйг Канадын жишээнд тулгуурлан хөгжүүлэх нь мах, сүүний аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх замаар энэ чиглэлийн импортыг зогсоох, улмаар экспортын эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэхэд чухал хэрэгтэй. Газар тариалангийн хувьд ч бас техник, технологийн олон давуу тал Канадад байгааг манай салбарын яам, мэрэгжилтнүүд одоо хүлээн зөвшөөрсөн.  Энэ чиглэлээр хамтарч ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь канад загварыг нэвтрүүлэх чиглэлд хийсэн алхам.     

Канад нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай нөхцөлд барилга барих, зам гүүр тавих технологиороо алдартай. Баруун канадын өндөр уул, нурууд, Манитоба, Саскечеваний хөлдүү талд төмөр зам тавьсан арвин туршлагатай. Бээжин-Лхасын хооронд тавигдсан дэлхийн хамгийн өндөр төмөр замын шаардлагыг зөвхөн Канадын “Бомбердэйр” үйлдвэрийн галт тэрэг л хангасан байх жишээтэй. Канадын барилгын норм, дүрэм, стандартыг нэвтрүүлэх гэж манайх аль 2003 оноос хойш мунгинасаар л байгаа. ОХУ-ын Сибирт Канадын зам, барилгын стандартыг хэрэглэж эхэлсэн тухай мэдээлэл чих дэлссэн. Оттавад сая хоёр талын Стандартчлалын байгууллагуудын хооронд байгуулсан Санамж бичиг энэ чиглэлд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Мөн манай Төрийн албаны зөвлөл, Канадын Төрийн албаны комиссын хооронд байгуулсан Санамж бичиг нь энэ салбарт канад туршлага, стандарт нэвтрүүлэхэд жинтэй түлхэц үзүүлнэ.

Оттавад 48 цаг, Торонто, Ванкуверт тус тус 20 цаг саатсан Ерөнхий сайдын энэ айлчлал нь Монгол-Канадын харилцааг эрчимжүүлэх, эдийн засагжуулах үйл явцыг хурдасгахад  жинтэй алхам болсон гэж үзэх боломжтой.
Хөгжлийн шалгарсан туршлага, шилдэг технологи, стандартыг Монголынхоо нөхцөлд тохируулан нэвтрүүлэх шинэ үйлсэд Канадаас бодит дэмжлэг авах тохиролцоонд хүрсэн, Чөлөөт худалдааны хэлэлцээрийн анхны чимээ гаргасан, ардчилсан жилүүдийн ололт амжилтыг таниулсан, харилцаа, хамтын ажиллагааны боломж, нөхцөлийг канадчуудад илүү ойлгуулж амжсан энэ айлчлал нь Ванкуверт өнгөрсөн баасан гаригийн бороо зүсэрсэн жин үдэд өндөрлөв. Ийнхүү холын Канадыг Монгол руу татсан айлчлалын халуун өдрүүдийн араас монгол хоккейчид Оттавад зочилж анхны найрсаг тоглолтоо хийх цаг ойртов.


Галсангийн Батсүх \Олон улсын харилцааны доктор\
                                                        Ванкувер хот, 2010-10-06