Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“МONGOLIA: MОNEY & MARKETS” ЧУУЛГАНААР ИЛТГЭГЧИД ЮУ ЯРИВ?

Хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн зах зээлийн гол хүчин зүйл болох бүтээгдэхүүн, институцийн хөрөнгө оруулагч манайд хараахан бий болоогүй, хууль эрх зүйн хязгаарлалттай, шаардлагатай шинэ хуулиудыг батлалгүй, гацааж буй нь санхүүгийн зах зээлийн хөгжлийг сааруулж буйн нэг гол шалтгаан болж байна гэж “Мongolia: Money & Markets” чуулганд оролцсон мэргэжилтнүүд дүгнэв. Санхүүгийн мэргэжилтнүүд Монгол улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил, түүнтэй холбогдон санхүүгийн салбарын өсөн нэмэгдэх үүрэг хариуцлагын өмнө бид мэдлэг чадвартай, зохион байгуулалттай эзэн нь байж чадахын тулд шийдвэрлэх ёстой асуудлуудыг хэрхэн томъёолж буйг хүргэж байна.

 

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун

“Монгол улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг дээшлүүлэхэд нэг их зардал шаардахгүй. Үүнд дүрэм журам, компанийн засаглалыг хөгжүүлэх асуудлууд л хүлээгдэж байгаа юм”


АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төслийн Эдийн засгийн зөвлөх бөгөөд Төслийн дэд захирал Тим О’нейлл


“Хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх тухайд “Монголд бүтээгдэхүүн алга байна. Томоохон хөрөнгө оруулагч нар нь ч тодорхойгүй байна. Тиймээс институцийн хөрөнгө оруулагчийг бий болгох шаардлага байна”


Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг


“Хувьцааг богиноор буюу зээлээр зарах хэрэгтэй байна. Одоогийн манай энэ байдалд зөвхөн өсдөг зах зээл бий болчихоод байна. Зах зээл өсдөг бас буурдаг байх ёстой. АНУ-ын шинжээчид хувьцааг зээлээр зарах тухайд эсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ бид зөвлөхүүдэд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй... Даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлд оролцох эрхгүй байгаа нь хөрөнгө оруулалт бүрдэх нөхцөлийг хааж байна”
 

ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын мэргэжилтэн Ч.Чинзориг

“Монголын хөрөнгийн биржийг хэнээр удирдуулахын хувьд гадаадын компани ч бай, дотоодын байгууллага ч бай аль аль тал нь эрсдэл учруулах магадлалтай. Гэхдээ бид одоогийн энэ нөхцөлд гадаадын байгууллагыг сонгох нь зөв сонголт юм”


Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн

“Манай улсын өрсөлдөх чадварыг доош нь чирч буй хоёр хүчин зүйл нь санхүүгийн зах зээлийн хөгжил, зах зээлийн хэмжээ...Банкны төлбөр гүйцэтгэх чадвар 20 хувь буюу түүнээс дээш байвал хэвийн гэж үздэг. Гэтэл манайд энэ нь хэмжээнээсээ хоёр дахин их, 40 хувьтай байна. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөө банкууд хаашаа оруулахаа мэдэхээ байчихсан.  Банкны салбар хөгжиж байгаа ч дэлхийн хэмжээнд харьцуулбал бид хаана явна вэ? ДНБ, зээлийн харьцаа АНУ-д 291 хувь байна. Манайд 34 хувьтай. Тиймээс бид цаашдаа зээлээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Санхүүгийн салбарт банкны эзлэх хувь 95.6, даатгалынх ердөө 0.9 хувь байгааг наанадаж 10 хувьд хүргэх ёстой...” Тэрбээр мөн Хүний хөгжлийн сангийн мөнгөний хуваарилалт нь бэлэн мөнгө, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал гэсэн хэлбэртэй байгаа нь зөвхөн нэг удаагийн шинжтэй байна. Үүнийг амьдралын даатгалд оруулах хэрэгтэй юм. Ингэснээр урт хугацааны хөрөнгө оруулагч нарыг төрүүлэх боломж байна гэв. Түүний энэ саналтай олонх илтгэгчид байр суурь нэгтэй байв.


Хас банкны Гүйцэтгэх дэд захирал Л.Төр-Од

“Гадаадын том банкийг  оруулж ирэх тухайд бид дотоодынхоо байгууллагыг дэмжих саналтай байна. Харин Олон улсын банкуудтай түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, банк санхүү, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх нь бидний сонголт байх ёстой”


Northern Securities компанийн захирал Б.Өлзийбаяр

“Дотоодын хөрөнгө оруулагч нарыг бий болговол гадаадынхан аяндаа татагдан орж ирэх болно... Уул уурхайн төсөлтэй холбоотойгоор Монголд их хэмжээний мөнгө орж ирнэ гэж бид үзэж байна. Гэхдээ манай зах зээл тэр их мөнгийг шингээх боломжгүй. Тиймээс Засгийн газар Sovereign Wealth Fund буюу төрийн өмчийн хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар дэлхийн тавцанд томоохон институцийн хөрөнгө оруулагч болох боломж байна”

Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр

“Засгийн газрын бондын хувьд энэ оны дөрөвдүгээр улиралд гадаад валютаар буюу ам.доллараар 5-7 жилийн хугацаатай 1,2 тэрбумын бонд гаргахаар төлөвлөж буй бөгөөд хүүгийн хувьд хараахан тодорхойгүй байна. Гэхдээ 7-10 хувийн хүүгийн багцаатай байх болов уу”

Үнэт цаасны тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай, зээлийн мэдээллийн тухай, хөдлөх барьцаа хөрөнгөөр зээл олгох тухай, даатгал болон тэтгэврийн сангийн тухай хууль гэх мэт шаардлагатай хуулиудыг УИХ-аар батлагдахыг салбарынхан нь хүлээж байна. Нөгөө талд санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд компанийн засаглалаа сайжруулах чухал ажил тулгамдаад байгаа билээ. Эдгээр асуудлыг нэн даруй шийдэхгүй бол үнэт цаасны чанар сул байгаа одоогийн нөхцөл байдал нь хөрөнгийн зах зээлийн бичил эзэлхүүнийг тэлэх боломж олгохгүй гэдгийг шинжээчид хэлж байна.

Б.Төгсөө