Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ӨРӨМДЛӨГИЙН САЛБАРТ 25 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ЭРГЭЛДДЭГ

Төв аймгийн Баян сумын Бөөрөлжүүтийн тал-Цайдамын хөндий дэх “Tengri Oilshell” компанийн нүүрсний ордын нөөцийн цооногт болсон энэ удаагийн баганат өрөмдлөгийн тэмцээний үеэр  өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн багууд ур чадвараа сорьцгоолоо. Өрөмдөгч багуудын ур чадварыг сонгохдоо дээжийн гарц 95 хувиас дээш байх гэсэн гол үзүүлэлтийг үндэс болгон өрөмдлөгийн хурдаар нь шалгаруулсан нь олон улсын түвшний шаардлага байсан ч Монголын багуудад энэ босго өндөрдөхөө нэгэнт өнгөрснийг шүүгчид шагнал гардуулах үеэр хэлж байв. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг геологи, хайгуулын баганат өрөмдлөгийн IV уралдаанд Монголын томоохон компаниудын 11 баг оролцож, туршлага мэдлэгээ солилцсоноос “Танан импэкс”, B&B Drilling, AIDD-ийн багууд айргийн тавд “цоройж”,  Reo, Major Drilling, “Эрдэнэт” үйлдвэр, “Урал Бурение” компанийн баг удаах байранд орсон юм. Гэхдээ  багуудын хувьд салбарынхан нэг дор хуран цугларч, туршлага, мэдээллээ солилцсон явдал нь гол ач холбогдол болохыг тэд хэлж байлаа.

Тэмцээн өнгөрсөн баасан гаригт эхлэх үеэр тэнгэр хангай бороо хураараа өрөмдлөгийн багынхныг сэргээж байсан нь энэ салбарын хөгжлийн ирээдүйн хувьд ч, тэмцээний ач холбогдлын хувьд ч бэлгэшээлтэй хэрэг байсан  төдийгүй байгалийн нөхцөлд өрөмдлөг хийж  буй нь мэргэжилтнүүдэд том сорилт болсон юм. Тэргүүн байранд шалгарсан “Танан импэкс” компанийн өрөмдөгч Б.Цагаанхүү “Монголын тэргүүний өрөмдөгч” тусгай шагналыг Монголын өрөмдлөгийн холбооноос гардах үеэр “Манай Монголын өрөмдөгчдийн ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн гэж бодож байна. Харин өрөмдлөгийн салбарын цаашдын хөгжилд сайн менежмент хийх шаардлагатай” гэв.

Өнөөдөр манай улсын өрөмдлөгийн салбарт 200 гаруй компани тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаас Монголын өрөмдлөгийн холбоонд 52 аж ахуй нэгж гишүүнээр элсээд байна. Тус холбооны тэргүүн,  доктор М.Наранбат “Салбарын мэргэжилтнүүдийн хувьд дэлхийн түвшинд хүрсэн. Гэвч бид гадаадын компаниудтай техник, тоног төхөөрөмж, технологийн хувьд зэрэгцэж арай чадахгүй байна. Үүнд бүх талаар хамтарч ажиллах, төр засаг ч тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна... Энэ салбарт жилдээ доод тал нь 25 сая ам.долларын хөрөнгө эргэлддэг юм. Гэхдээ энэ салбар дахь томоохон төслүүдийн дийлэнхийг гадны хөрөнгө оруулалттай компаниуд гардан гүйцэтгэж байна” гэв.

Бор зүрхээрээ мацаж буй өрөмдлөгийн салбарынханд төрийн зүгээс хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт  үзүүлэх гэх мэт   боломжит олон хувилбараар дэмжвэл дэлхийн чанарыг амлах монгол компаниуд төрөн гарах цаг ойрхон байна. 

/Уг арга хэмжээний дэлгэрэнгүй сурвалжлага
Mongolian Mining Journal сэтгүүлийн дараагийн дугаарт нийтлэгдэнэ/

                                        Б.Төгсөө