Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЭНЭ МӨЧИЙГ БИД ХОРИН ЖИЛ МӨРӨӨДСӨН


 

 

 

 

 

 

 

 

Монголын үндэсний компани олон улсын хөрөнгийн зах зээл гэсэн ертөнцөд шинээр төрж буйг өндөр дуугаар зарлан, тэнд байсан монгол хүн бүрийн цус хөөрсөн халуун мөчид УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ийн хэлэв. Монголын эдийн засгийн амьдралд шинэ хуудас эргэж байна. 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр. Өглөөний  9 цаг 30 минут. Энэ цаг хугацаа Монголын санхүүгийн ертөнцөд анхдагчийн түүх болон үүрд үлдэх тамгаа дарав.

975 гэсэн арилжааны дугаартай үнэт цаас олон улсын  хөрөнгийн зах зээл дээр шинээр мэндэллээ.


Дэлхийн мөнгөн урсгалын энэ гинжин хэлхээ дунд ямар компаниуд шинээр орж ирж, ямар нь түрэгдэн гарч буй нь хэнд ч падгүй мэт санагдаж болох. Гэвч тийм биш юм. Хонконгийн хөрөнгийн биржийн чимээгүй агаад ихэмсэг электрон танхимын цахим дэлгэц дээр 975 гэсэн дугаарын арын Mongolian Mining 7,02 гэсэн хэдхэн үсэг, цифрийг дэлхий нийт  Монгол гэж харж байна. Энэ тоо хэрхэн хувирч өөрчлөгдөхийг хөрөнгийн зах зээлийн мэдрэмж шийднэ. Арилжаа эхлэнгүүт ханш нь өсч эхэлсэн үнэт цаас  захиалга ихтэй байгаа нь энэ үйл явдлын гэрч болсон монголчуудын хувьд тун ч баяртай мэдээ байв.

Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн бирж дээр IPO хийсэн зарим компаниудын хувьд төлөвлөсөн хувьцааныхаа хэмжээг бууруулах, захиалга нь 20-30 хувиар буурах, үнээ 50 хувиар бууруулсан тохиолдлууд гарчээ. Харин хөрөнгийн зах зээлд туршлага багатай хэмээн өөрсдийгөө чамладаг Монгол улсын үндэсний компани өөрийн төлөвлөсөн ёсоороо хувьцаагаа гаргаж чадсан юм. Mongolian Mining Corporation-ий үнэт цаас анхных гэхэд тун ч амжилттай байж, олон улсын анхаарал татаж чадав. Анхны захиалга төлөвлөснөөс тав дахин илүү ирсэн учраас мэргэжилтнүүд энэхүү тодорхойлолтыг өгсөн юм.  Энэ мэдээ олон улсын бирж дээр гарах зорилго өвөртөлсөн Монголын бусад компаниудад зөв ажиллаж чадвал хувьцааны арилжаа нь олны анхаарлыг татна, хөрөнгө оруулагчид ч Монголын компаниудад татагдах боломж буйг харуулж байгаа хэрэг билээ.

Анхны өдрийн арилжааны нээлтэд оролцсон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ өсөлтөд сэтгэл хангалуун буйгаа нуугаагүй. Тэрбээр, эхний компани ямар байдалтай гарна, дараа дараагийнх нь түүнийгээ дагаад амжилт нь ахиж, буурах болно хэмээн сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцлаа.

Монголчуудын хөрөнгө босгохоор мордсон зорилго эхнээсээ ийнхүү биеллээ олж байна. Mongolian Mining Corporation-ий араас олон олон үндэсний монгол компаниуд дэлхийн шилдэг биржүүд дээр чанартай хувьцаагаараа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татан орж ирэх цаг ойрхон биш бүр дэргэд ийн ирчихээд байна.

Mongolian Mining Corporation буюу монголчуудын мэддэгээр бол Энержи ресурс корпораци олон улсын арилжаанд хувьцаагаа нээлттэй дэлгэсэн энэ мөчид  Mongolian Mining Corporation-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалтай уулзаж ярилцлаа.

Монголын үндэсний компани анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийж, арилжаагаа эхэллээ. IPO хийхэд хэр их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан бэ? 

Олон хүний, олон жил, сарын хамтын хөдөлмөрөөр дэлхийн хэмжээний стандартын уул уурхай байгуулахаар  хичээн ажиллаж байна. Түүний үр дүн эхнээсээ гарч байна. Дэлхийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчид хөдөлмөрлөсөн үр дүнг маань хүлээн зөвшөөрснөөр олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаагаа амжилттай эхэлж байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс босгож байгаа мөнгөний дүн хэмжээ нь өөрөө манай хамт олны хөдөлмөрийг үнэлсэн, хүлээн зөвшөөрсөн үнэлгээ юм. 

IPO хийхэд Хонконгийн хөрөнгийн бирж ямар шалгуур тавьсан бэ? Ямар байгууллагаар аудит хийлгэсэн бэ?

Шалгуурын хувьд нэлээд өндөр юм билээ. Ер нь монголчуудын хэлдгээр бол далан булчирхайгаа тоочсон. Санхүүгийн, хуулийн, компанийн үзүүлэлтүүдийн, үйл ажиллагааны бүх л тайлан, шалгуурыг тайлагнах ёстой. Тэр бүхэн Хонконгийн биржийн шалгуур үзүүлэлтэд тэнцсэн байх ёстой. Тэр утгаараа босго өндөртэй.


Дэлхиин бусад биржүүдээс яагаад Хонконгийн биржийг онцлон сонгосон юм бол?

Энэ биржид уул уурхайн бүх л хөрөнгө оруулагчид цугладаг. Уул уурхайн болон нүүрсний чиглэлийн хөрөнгө оруулалтын үнийн дүнгээрээ бусад хөрөнгийн биржээс том болчихсон юм байна. Бидний гол зах зээл болох Япон, Хятад, Солонгосын зах зээлд танигдсан, энэ зах зээлээ мэддэг хөрөнгө оруулагчид Хонконгийн бирж дээр олноороо байсан. Тиймээс Хонконгийн биржийг сонгосон.


Хэдий хэмжээний хөрөнгө босгохоор төлөвлөсөн бэ?

600-700 сая ам.доллар төлөвлөж байсан. Зорилгодоо хүрсэн.


Голлох хөрөнгө оруулагчид ямар хүмүүс байна вэ? Хөрөнгө оруулалтын сан, байгууллагууд уу, хувь хүмүүс үү?

Бидний төлөвлөж байсан IPO буюу хөрөнгийн зах зээл дээр гарах процесст дэлхийн хамгийн өндөр чанарын буюу удаан хугацаанд тогтвортой байдаг тийм  100 гаруй том хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд, санхүүгийн том байгууллагууд хөрөнгө оруулалт хийсэн. Үүгээрээ манай хөрөнгө оруулагчид маш өндөр чанартай. Америк, Европ, Азийн маш том хөрөнгө оруулалтын байгууллагууд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь Монгол улсад маань ч их хэрэгтэй юм. Дараа дараагийн монгол компаниудад маань итгэл үзүүлэх, таниулах талаар бид их ажил хийлээ гэж бодож байгаа.

IPO хийж босгосон хөрөнгө оруулалтаа юунд зарцуулах вэ?

Хөрөнгө оруулалтаар босгосон мөнгөө дэд бүтцийн ажилд зарцуулна. Ялангуяа төмөр замын төсөл байна. Мөн компаниа өргөжүүлэх болон бусад уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах болно. Мөнгө босгоно гэдэг өөрөө маш том хариуцлага. Хөрөнгө оруулагчид Монголд, Монголын компанид итгээд сайнаар үнэлээд хөрөнгөө орууллаа. Одоо бидний өмнө маш том хариуцлага ирж байна. Капиталист нийгэм биднийг харж байгаа. Монголчууд хэр хэлсэндээ хийж чаддаг юм, Монгол улс өөрөө хөгжлийн ямар чиг барьж байгаа юм, хувийн хэвшлээ дэмждэг юм уу гэсэн энэ бүх асуултад дүн тавина. Монголын анхны компани олон улсын бирж дээр гарч байгаа нь Монгол улсынхаа хувьд хувийн хэвшлийнхэн эдийн засгийн маш том алхам хийлээ. Тэр хэрээр хариуцлага ирж байгаа хэрэг. Тиймээс бид сайн ажиллах ёстой. Төслийнхөө бүх амлалтыг гүйцэд биелүүлэх ёстой. Хийх ёстой. Хийж чадна ч гэж бодож байна.

Арилжааны анхны үнэ 7,02 хонконг доллар байгаа нь нэлээд өндөр үнэ санагдлаа. Энэ үнийг ямар үндэслэлээр гаргаж ирэв?

Үнийг мэдээж зах зээл хэлнэ. Зах зээл ямар үнэлгээтэй компани вэ гэдгийг хэлдэг. Бид дэлхийн шилдэг JP Morgan, Citi Bank-тай олон сар хамтарч ажиллалаа. Энэ банкууд манай компанийг зах зээлд яаж үнэлэх вэ гэдэг судалгааг хийсэн. Бид хамтарч ажиллаад энэхүү 7.02 гэсэн тоог гаргаж ирсэн. Өнөөдрийн арилжаа эхэлсэн мөчөөс өсч эхэлж байна. Гэхдээ өсчихлөө гэж баярлах цаг болоогүй. Зах зээл өөрөө мэдрэмжтэй. Өснө, буурна. Гол нь бид төлөвлөсөн хэмжээний хүчин чадал бүхий уурхайгаа хийнэ, дэд бүтцээ хөгжүүлнэ. Энэ бол маш том төсөл. Манай улсын эдийн засагт ч гэсэн татварын хэмжээгээрээ, ажлын байрны тоогоороо, бүсийн хөгжилд ч гэсэн олон талаараа маш чухал ач холбогдолтой. Үүнийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын олон улсын санхүүгийн зах зээл бидэнд итгээд үүнийгээ хий гээд мөнгө өгч байгаад баяртай байна. Мэдээж, бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд хөрөнгийн бирж дээр гарах нь мөрөөдөл байдаг. Мөрөөдлийн энэ арилжааг бид амжилттай эхэллээ гэж бодож байна.

Өөр бирж дээр давхар гарах алсын төлөвлөгөө бий юү? Бас дотоодын хөрөнгийн биржээ хэрхэн харж байгаа вэ?

Гарахыг үгүйсгэхгүй. Манай хөрөнгийн бирж улам хөгжиж, боловсронгуй болох байх гэж найдаж байна. Тиймээс дотоодын хөрөнгийн зах зээлээ судална. Ер нь алсын зорилго гэх юм бол монголчууд дэлхийн стандартын уул уурхайн жишиг төслийг хийж чаддаг юм байна гэдгийг л харуулахыг хичээж байна. Яваандаа Азийн шилдэг уул уурхайн компани болох зорилттой ажиллаж байгаа.        


Н.Ариунтуяа /Хонконг/
                2010.10.13-ны өдөр. 17.00 цаг