Манай улсад хийсэн хөрөнгө оруулалтын үзүүлэлтээр Франц улс нь гадаадын 100-гаад орноос 18 дугаарт жагсаж байна. Өнгөрсөн онд Францын хөрөнгө оруулалт 15 сая ам.долларт хүрсний дийлэнхийг ураны салбар эзэлж байна.
Эрчим хүч, төмөр зам, уул уурхай, эмийн үйлдвэрлэл, бохир ус цэвэршүүлэх байгууламж, аудит болон хууль зүйн зөвлөгөө, аялал жуулчлалын салбарын Францад төдийгүй дэлхийд дээгүүрт ордог 20 орчим компанийн төлөөлөгч лхагва гаригт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж Монгол-Францын бизнес уулзалтад оролцож байна. Хоёр улсын хоорондын албан ёсны анхдугаар бизнес уулзалт өмнөх Ерөнхий сайд С.Баярын тус улсад хийсэн айлчлалын үеэр болж байсан бөгөөд хоёрдугаар уулзалтыг ийнхүү Монголд зохион байгуулж буй нь Францын талын бизнесийнхэн, хөрөнгө оруулагчдыг илүүтэй татах сайн талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Айлчлалын хүрээнд дагалдан ирсэн хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд зориулж уул уурхай, эрчим хүч; хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр; аялал жуулчлал, байгаль орчин, барилга байгууламж, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар манай улсын холбогдох мэргэжилтнүүд болон Монгол дахь Францын төлөөлөл товч танилцуулж, дараа нь хоёр талын бизнесийнхэн “хувийн” уулзалт зохион байгуулсан юм.
Уулзалтын нээлтийн дараа Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд, хатагтай Анн-Мари Идрак хөтөлбөрийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Францын хөрөнгө оруулалттай зарим компаниудтай танилцав. Төрийн тэргүүнтэй уулзах үеэр сайд Идрак “Арева” бол ураны салбарт дэлхийд тэргүүлэгч компани. Хоёр улсын Засгийн газрын хооронд цөмийн энергийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийж буй нь “Арева”-гийн хувьд үйл ажиллагаагаа улам бүр хариуцлагатай, баттай болгох суурь болох нь дамжиггүй. Түүнчлэн Монгол Улс болон Европын Холбооны хооронд хийж буй бүхий л яриа хэлэлцээрийг Франц улс дэмжиж байдгаа дахин нотолж байна” гэв. Тэрбээр мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй уулзах үеэрээ “Бидний хамтын ажиллагаа “ногоон” байгаасай гэж хүсч байна” гэж мэдэгдсэний зэрэгцээ хоёр улсын хооронд байгуулж буй цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт хүрээлэн буй орчны хамгаалалтай холбоотой нэлээд заалт багтсаныг тэмдэглэлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд бохир ус цэвэршүүлэх чиглэлээр дэлхийд танигдсан Veolia Water; Degremont компанийн төлөөлөл мөн багтсан байсан юм. Veolia-гийн хувьд нийслэлийн удирдлагуудтай энэ салбарт хамтарч ажиллахаар яриа хэлэлцээр эхлүүлсэн бол Degremont нь 2008 оны долдугаар сард 48 мянган шоо метр/ хоногийн хүчин чадалтай 8 сая еврогийн тоног төхөөрөмжийг Эрдэнэт хотын бохир ус цэвэршүүлэх байгууламжийг өргөтгөхөд зориулан нийлүүлж байжээ. Одоо уг компани Монголд шинэ төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд буй тухайгаа компанийн төлөөлөл дурдсан юм. Тус компанийн Экспортын менежер ноён Клаудэ “Энэ чиглэлд манай Засгийн газар бидэнд дэмжлэг үзүүлсэн. Энэ бол их чухал юм. Цаашдаа бид уул уурхайн компаниудтай байгаль орчинд хоргүй төсөлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.
Б.Төгсөө